Шилдэг бизнес бол аюулгүй бизнес

О.БАТБОЛД

- Хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэлтийг ТОП-100 компанийн шалгуурт тусгая -

МОНГОЛЫН НӨХЦӨЛ: АСУУДЛЫГ БИШ, ҮР ДАГАВРЫГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА

2024 онд Монгол Улсад 800 гаруй үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Үүний зэрэгцээ мэргэжлээс шалтгаалсан өвчний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн онд 86 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх 10 жилийн дунджаас 3 дахин өссөн үзүүлэлт юм. Эдгээр нь хөдөлмөрийн чадвараа алдсаныг эрүүл мэндийн үзлэгээр магадалж, тэтгэмж тогтоосон иргэдийн мэдээлэлд үндэслэсэн тоо болно. Үүний цаана албан бус салбарт ажил эрхэлж буй иргэдийн тохиолдол огт бүртгэгдэхгүй, статистикт тусгагдахгүй байгаа. Тэгвэл энэ бүх осол, өвчлөлийн цаана амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа алдсан мянга мянган иргэн, төр, ажил олгогч, ажилтны гурвалсан дарамт, мэргэжилтэй ажилтны тасалдал, байгууллагын бүтээмжийн алдагдал гээд тоогоор хэмжих аргагүй гарз хохирол учирдаг. Цаашлаад хүний амь нас, эрүүл мэндийн ийм ноцтой хохирол нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц эрсдэлтэй асуудал юм. Ажлын байрнаас үүдэлтэй өвчин, ослын шалтгаан нь ихэвчлэн хөдөлмөрийн аюул гүй байдлын сул зохицуулалт, стандарт мөрддөггүй, ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийдэггүйтэй холбоотой байдаг байна. Монгол Улсад хөдөлмөрийн нөхцөл эрсдэлтэй салбаруудад ажиллагсад 147 мянга орчим байгаа нь нийт ажиллагсдын 11 хувийг эзэлж байна. Энэ нь уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэр зэрэг осол, гэмтэл, өвчлөлд хамгийн их өртдөг орчин юм. Тэдгээрээс 0.8% нь л ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагддаг талаар ХАБЭМ ийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дурджээ. Нөгөө талаар ҮОМШӨ-ий даатгалын сангаас 2023 онд нийт 54.1 тэрбум төгрөгийг хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн төл бөрийн тэтгэмж болгож олгосон байна. Гэтэл уг сангийн урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан санхүүжилт 0.3%-д ч хүрэхгүй байна. Эдгээр тоо, баримт бол асуудлын шалтгааныг арилгахын тулд бус үр дагавартай нь “ноцолдож” буйг харуулсан харамсалтай дүр зураг юм.

ДЭЛХИЙН ХАНДЛАГА БА БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭН ДЭХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНД

Бизнесийн өсөлтийг зөвхөн ашиг орлогоор бус, хүний эрхийг хэр хүндэтгэж байна вэ гэдгээр үнэлэх хандлага дэлхийд тогтож байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд (ХАБЭМ) ийн үзүүлэлтийг үнэлж, гэрчилгээжүүлж, тайлагнах нь эхэндээ бизнесийн хариуцлагад итгэх хөрөнгө оруулалтын суурь шалгуур болж байсан бол өдгөө байх ёстой хэм хэмжээ, зүй ёсны үзэгдэл болоод байна. ХАБЭМ-ийн олон улсын стандарт ISO 45001 болон дэлхий дахинаа бизнесийн гол үнэлгээ болж буй ESG шалгуурын “Social” буюу нийгмийн хариуцлагын үзүүлэлтэд осол, гэмтлийн давтамж, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн түвшин, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн менежмент зэрэг ажилтны эрүүл, аюулгүй байдалд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг заавал тайлагнадаг. Шалтгаан нь тун энгийн. Эдгээр нь ажилтны эрхийг хангахаас гадна бизнесийн эрсдэлийн менежментийн гол шалгуур болж буйтай холбоотой. Улмаар үүнийгээ ил тод тайлагнадаг байгууллага хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээгээд зогсохгүй урт хугацаандаа тогтвортой өсөлт үзүүлдэг нь улам бүр тодорхой болсоор байна. Үүний илрэл нь дэлхийн томоохон компаниудын жилийн тайлангийн салшгүй нэг хэсэг нь ХАБЭМ-ийн үзүүлэлт болж буй явдал. Жишээлэхэд, Rio Tinto, Samsung, Tesla зэрэг компаниуд ХАБЭА-н үзүүлэлтүүдийг жилийн тайландаа ил тод мэдээлэх болсоор багагүй хугацаа өнгөрч байна.

ХҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ ҮНЭЛДЭГГҮЙ “АМЖИЛТ”

Тэгвэл Монголд бизнесийн нэр хүндийн хэмжүүр болж буй ТОП-100 компанийг үнэлэх шалгуур үүнээс тэс өөр хандлагатай байна. Монголын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалт нь үндсэндээ бизнесийн орлого, татвар зэрэг тоон үзүүлэлтэд суурилж байна. Амжилтын хэмжүүрт нь хүний амь нас, эрүүл мэндийг эрхэмлэж хамгаалах, хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг үнэлэх чухал үзүүлэлтүүд орхигдсон хэвээр. Өөрөөр хэлбэл, Монголын ТОП 100 компанийн ажилтнууд хөдөлмөрийн ямар нөхцөлд, хэр эрсдэлтэй орчинд ажилладгийг хэн ч хэмждэггүй, бас үнэлдэггүй, тэр талын мэдээлэл хязгаарлагдмал гэж хэлж болохоор байна. Түүгээр ч зогсохгүй “амжилттай” гэж нэрлэгдсэн зарим компанид хүний эрх зөрчигдөх, эрүүл бус, аюултай орчинд ажиллах явдал үргэлжилсээр байгаа. 2022 онд НҮБХХ-ийн “Бизнес ба хүний эрх Азийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн “Бизнесийн үйл ажиллагааны хүний эрхэд үзүүлэх нөлөөлөл” суурь судалгаанд: • ААН-үүдийн 65% нь хүний эрхийн эрсдэлийг урьдчилан үнэлдэггүй, дотоод зохицуулалтгүй ажилладаг. • Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөж буй гол салбарууд уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэр гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг бизнесийг тогтвортой, ёс зүйтэй бизнес гэж үзэх болсон дэлхий нийтийн хандлагатай харьцуулахад бид энэ чиглэлд хоцорч буйн илрэл юм.

ТОП-100 АШИГ ОРЛОГЫН ЖАГСААЛТ БИШ ЁС ЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ БАЙХ ЦАГ БОЛЖЭЭ

ТОП-100 бол Монголын бизнесийн үнэлгээний хяналтын самбар. Тус жагсаалтад татварын хариуцлагаас гадна ёс зүйг илэрхийлэх үзүүлэлтийг багтаах шаардлагатай. Үүний тулд Монголын бизнесийн нэр төрийн жагсаалтын үнэлгээний тогтолцоог шинэ түвшинд гаргах, шалгуур үзүүлэлтийг ёс зүй, нийгмийн үнэт зүйлд суурилсан шинэ шалгуураар тэлж, хэм хэмжээг нь өөрчлөх цаг болжээ. Энэ нь нийгмийн хүлээлтэд нийцэх чухал алхам болно. Үүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дараах үзүүлэлтийг нэмж тусгах боломжтой юм: • Ажлын 1 сая цагт ногдох ослын тоо (LTIFR) • ISO 45001 зэрэг стандарт нэвтрүүлсэн байдал • ХАБЭМ-ийн чиглэлд төсөв, хүний нөөц хуваарилалт • Мэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэл, мэдээллийн ил тод байдал • Ажилтны эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт • Олон нийтэд ил тод тайлагнадаг ХАБЭМ-ийн үзүүлэлтүүд Эдгээр нь ААН-үүдийн сайн дурын хариуцлага, нэр төрийн илэрхийлэл байх ёстой. Улс орны бизнесийн чиг хандлагыг тодорхойлдог гол шалгууртаа хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэлтийг тусгаснаар хүний эрх, амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг байгууллагыг үнэлдэг, ёс зүйтэй бизнесийн соёл төлөвшинө. Нөгөө талаар ХАБЭМ-ийг зардал биш, харин эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт гэж үздэг. ХАБЭМ-ийн нөхцөл байдлаа сайжруулсан байгууллагууд дараах үр дүнг хүртдэг гэсэн судалгаа байна. Ажилчдын сэтгэл ханамж, бүтээмж, тогтвор суурьшил өсдөг. Олон улсын түншлэл, хөрөнгө оруулалт татах чадвар нэмэгддэг. Байгууллагын нэр хүнд, соёлын үнэлгээ өсдөг. Эрсдэлгүй, үр ашигтай ажиллагаа бий болдог зэргийг үүнд дурджээ. Тодруулбал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьсан байгууллага хүний эрхийг хамгаалдаг, хөрөнгө оруулагчийн итгэлийг татдаг, ажилтны бүтээмжийг өсгөдөг, хувьцааны үнэ цэнээ хадгалдаг, нийгмийн хариуцлагатай, тогтвортой бизнес болдог байна. Тиймээс хэр их орлого олсон, хэр их татвар төлснөөс гадна хэдэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсанаар нь бизнесийг үнэлэх цаг иржээ. Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг байгууллагыг л жинхэнэ утгаараа амжилттай бизнес гэж нэрлэдэг байя. Өнөөдрийн дэлхий дахины энэ хандлагыг бизнесийн амжилтын шинэ хэмжүүр болгоё.

Майнинг Инсайт сэтгүүл, Дөрөвдүгээр сар 2025, №04 (041)