bold@mininginsight.mn
Сүүлийн 17 жилд Монгол Улс 91 сая тонн төмрийн хүдэр, 404 сая тонн нүүрс, 23.6 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үүнээс олсон мөнгө ч чамгүй өндөр. Төмрийн хүдрийн экспортоос 6.6 тэрбум ам.доллар, нүүрсний экспортоос 37.5 тэрбум ам.доллар, зэсийн баяжмалаас 20 гаруй тэрбум ам.долларын орлого олсон байна. 17 жилийн өмнө 2007 оноос шинэ уурхайнууд ашиглалтад орсноор төмрийн хүдэр, нүүрсний экспорт мэдэгдэхүйц нэмэгдсэн байдаг. Жилд 300 мянган тонн төмрийн хүдэр экспортолж байсан бол өнөөдөр жилд дунджаар 6-7 сая тонныг тогтвортой экспортолж байна. Энэ хугацаанд нүүрсний экспорт огцом өссөн бол Оюутолгой ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт ч гурав дахин нэмэгдээд байна.
Эрдсийн экспортыг онцлох болсон шалтгаан нь энгийн. Дээрх экспорт бол ихэвчлэн нэмүү өртөг шингээгээгүй буюу байгалиас олборлосон хэлбэрээр экспортолж буй хэмжээ. Ялангуяа нүүрс, төмрийн хүдэрт энэ нь шууд хамаарна. Дээрх түүхий эдийг экспортолдог гурав, дөрвөн компани л анхны шатны боловсруулалт буюу угаах үйлдвэртэй. Түүхий чигээр нь экспортолдог энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ?
Ер нь Монгол Улс хэзээ түүхий эдийн нөөцөө ашиглаж, дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэртэй болох вэ гэдэг нь уул уурхай төдийгүй улс төрийн салбарт урьд өмнөхөөс чанга сонстох боллоо. Түүхий эдээ илүү гүн боловсруулах, нэмүү өртөг шингээх шат шатны үйлдвэр барих сэдэв бол саяхныг хүртэл урагшгүй улстөрчдийн хоосон амлалт, увайгүй компаниудын хийрхэл байсан. Харин сүүлийн хоёр жилд төмрийн хүдэр болон зэсийн салбарт боловсруулах үйлдвэрүүд бүхий үйлдвэрлэл технологийн паркийн ажил эрчимтэй өрнөж байна.
Монголын төмрийн хүдрийн салбарын хамгийн том компани болох “Болдтөмөр Ерөө гол” компани “Алтанширээт” үйлдвэрлэл технологийн парк төслөө 2019 оноос амжилттай хэрэгжүүлж байна. Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн үйлдвэр, ширэмний үйлдвэр бүхий цогцолбор баригдах аж. Үүнээс жилд хоёр сая тонн төмрийн хүдэр угаах хүчин чадалтай нойтон баяжуулах үйлдвэр болон 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр нь ашиглалтад орсон. Төслийн эцсийн үр дүн нь Монгол Улсад жилд 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх юм. Ширэм бол гангийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болдог. Ирэх онд паркаа бүрэн ашиглалтад оруулахад ихээхэн дөхжээ. Нийт хөрөнгө оруулалт нь 520 сая ам.доллар. Бусад компаниудаа бодвол эхний үйлдвэрүүд нь баригдчихсан, хөрөнгө оруулалт, санхүүжилт нь тодорхой болж, шийдэгдсэн төсөл. Мөн уул уурхайн салбарт хэрэгжиж буй хувийн хэвшлийн ганц Үйлдвэрлэл, технологийн парк гэдгээрээ онцлог. “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд ирсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани мөн “Уул уурхай-металлургийн цогцолбор” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд “Мини шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”, “Нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэр”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулахаар төлөвлөжээ. Төсөл 2024-2028 онд хэрэгжих бөгөөд урьдчилсан тооцоогоор шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтад 45.7 сая ам.доллар, нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэрт 285.7 сая ам.доллар шаардагдах аж. Шийдвэрлэх асуудал ихтэй гэдгээрээ төсөл дөнгөж гараан дээрээ байна гэхэд болно. Дээрх хоёр компани бол төмрийн хүдрийн хамгийн том экспортлогчид. Сүүлийн 17 жилд нийлээд 70 орчим сая тонн төмрийн хүдэр экспортлоод байгаа аж. Тэр хэрээр бяр сууж, төмрийн хүдрийг боловсруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхтай болж дараагийн шатны үйлдвэрлэлийн паркийг хэрэгжүүлж байна.
Харин Монголын хамгийн том уул уурхайн компанийн нэг болох “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэрэгжүүлж буй “Үйлдвэрлэл, технологийн парк”- ийн ажил урагштай явна. Зэс хайлуулах үйлдвэр, молибдений баяжмал боловсруулах үйлдвэр, катодын зэсийн үйлдвэр баригдах том төсөл. Эрчим хүч, усан хангамж, төмөр зам гээд паркийн дэд бүтцийн ажлуудад 40 орчим сая ам.доллар зарцуулж байгаа. Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт нь 760 гаруй сая ам.доллар. Ирэх 4 жилд хэрэгжих хамгийн том мега төсөл бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Үйлдвэрлэл, технологийн парк” юм. Монгол Улс ширэм боловсруулах үйлдвэртэй болох цаг ойртсоор байна. Түүхий эдийн нөөцөөр баян улс болгон боловсруулах, хүнд үйлдвэрийг хөгжүүлэхийг зорьдог. Харин үүний тулд гурван чухал хүчин зүйлийг шийдвэрлэх шаардлагатай байдаг аж. Юун түрүүнд түүхий эдийн хангалттай нөөцтэй байхаас гадна тогтвортой хэмжээгээр олборлодог байх ёстой. Үүний дараа татвар болон эрх зүйн орчны тогтвортой байдал чухал. Дээрх хоёр хүчин зүйл дээр тулгуурлаж их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирснээр хүнд үйлдвэрийн төслүүд “амилдаг” байна. Монгол Улсын хувьд төмрийн хүдэр, зэс, нүүрсний нөөц хангалттай арвин.
Сүүлийн 10 гаруй жилд олборлолтын хэмжээ ч тогтвортой өсөж байгааг графикаас харж болно. Энэ бол дараагийн шатны боловсруулах хүнд үйлдвэр барих шаардлагыг хангаж буй гэсэн үг. Засгийн газрын Мөрийн хөтөлбөрөөс эхлээд Төрийн бодлогод тусгагдсан нь хууль эрх зүйн орчны хувьд тодорхой хэмжээгээр бэлэн болсныг илтгэнэ.
Харин хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал тодорхойгүй үлдэж байна. Ялангуяа төрийн өмчит компаниудын хэрэгжүүлж буй төслүүд дээр. Аливаа хөгжиж байгаа улсад хамгийн хэрэгтэй зүйл бол хүнд аж үйлдвэр. Дэлхий дээр хөгжиж байгаа болон өндөр хөгжилтэй улсуудаас цөөн хэдийг нь эс тооцвол бүгд л хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн байдаг. Ялангуяа ган төмөрлөгийн үйлдвэрлэл. АНУ, Европын өндөр хөгжилтэй улсууд аль 100 гаруй жилийн өмнөөс л ган хайлуулж чадсанаар агуу их бүтээн байгуулалтуудыг бий болгож, эдийн засгийн өндөр хөгжилд хүрсэн. Япон, Солонгос, Тайвань гээд Азийн өндөр хөгжилтэй улсууд ч 50, 60 жилийн өмнөөс ган төмөрлөгийн үйлдвэрлэлээр цойлсон нь эдийн засгийн хөгжлийнх нь бат суурь болсон. Сүүлд гэхэд өмнөд хөрш БНХАУ сүүлийн 30 орчим ган төмөр үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж, эдийн засгийн өсөлт, хөгжлөөрөө гайхашруулж байна. Эдийн засгийн өсөлтөөрөө Хятадын халааг авна гэгдэж буй Энэтхэг улс гэхэд дэлхийн хоёр дахь том ган төмөр үйлдвэрлэгч болж байна.
Майнинг Инсайт Сэтгүүл, 7-8 дугаар сар 2024, №07, 08 (032, 033)