Шинэ зууны алтны халуурал

Э.ОДЖАРГАЛ

od@mininginsight.mn

Аль ч цаг үед алтны салбар ийм өөдрөг байсангүй. Сүүлийн хоёр жилд шар металл түүхэн дээд ханшаа хэдэнтээ шинэчиллээ. Алтны үнийн түүхийг авч үзвэл, 1980-2000 он хүртэл урт хугацаанд бараг өөрчлөгдөөгүй. Түүний өмнөх арван жилийн хугацаанд үнэ 20 дахин өсжээ. 1970-аад онд инфляцын цочрол, газрын тосны хямрал, ам.долларт итгэх итгэл буурсан зэргээс шалтгаалан өссөн. Харин 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, 2020 оны цар тахлын нөхцөл байдлаас үүдэн огцом цойлж байв. Шар металлын ханшийн өсөлт нэг талаасаа дэлхий нийтээрээ эдийн засгийн байдал маш хүндэрснийг шууд илэрхийлдэг онцлогтой. 

2024 оныг 27 хувийн өсөлттэй өндөрлөсөн алтны үнэ энэ жилийн эхний хагаст тасралтгүй өсөлтөө хадгалсаар байна. Гуравдугаар сард алтны үнэ анх удаа 3000 ам.доллар давж, дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 3509 ам.доллар шүргэлээ. Reuters-ийн судалгаанд оролцсон олон улсын эрдсийн захын 29 шинжээч, арилжаачид энэ онд алтны үнийг 3000 ам.доллароос буухгүй гэсэн санал нэгтэй байна. 

Ихэнх нь 2026 онд алтны үнэ 2700 ам.доллар гэсэн таамаглалаа 3000 ам.доллар болгож шинэчилсэн. Тиймээс алтны “гялтганасан” он жилүүд 2026 онд ч үргэлжлэх магадлалтай. 

2000-аад оны эхэн үетэй адилаар үнийн өсөлтийн үед худалдан авч байгаа нь тухайн металлын байр суурь улам бэхжиж буйг илэрхийлнэ. Зургаадугаар сарын сүүл гэхэд алтны үнэ 3400 ам.долларт хэлбэлзэж байна. Британийн HSBC банкны зүгээс 2025 он дуустал алтны үнэ 3200 3600 ам.долларт савлана гэж таамаглажээ. Өөдрөг төсөөллөөрөө алдартай Goldman Sachs-ийн хувьд энэ оны эцэст үнийг 3700 ам.доллар, ирэх жилийн дунд гэхэд 4000 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. UBS ын шинжээчид 2025 оны арванхоёрдугаар сард 3500 ам.долларын үнэ хадгалагдана гэж үзэв. Deutsche Bank нь ирэх жилд алтыг 3700 ам.долларын үнэтэй байхаар төсөөлжээ. Гэхдээ олон улсын шинжээчдийн байр суурь харилцан адилгүй байна. Оны дөрөвдүгээр улирлаас алтны хөрөнгө оруулалтын эрэлт буурч, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын худалдааны бодлого зөөлрөх магадлалаар 2026 онд алтны үнэ 2500-2700 ам.доллар болж суларна гэсэн таамгийг 200 жилийн түүхтэй Citi банк дэвшүүлжээ. Орос, Украйны тогтворгүй байдалтай зэрэгцэн Ойрх Дорнодын хурцадмал байдал алтны үнийг улам хөөрөгдсөн. Мэдээж, дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг АНУ, БНХАУ ын худалдааны дайны эгзэгтэй нөхцөл, америк долларын ханш үргэлжлэн суларч, дэлхийн худалдааг тойрсон эдийн засгийн тодорхойгүй байдалд төв банкнуудын тогтмол худалдан авалт нь шар металлын эрэлтийг нэмэгдүүлж, 2025 онд алтны үнийг дэмжиж байна. 

Улс орнуудын Төв банкууд сүүлийн гурван жилд 1000 гаруй тонн алт худалдан авсан нь өмнөх арван жилийнхээс хоёр дахин өндөр хэмжээ. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээгээр 2024 онд худалдан авалтын хэмжээ 1045 тонн, 2023 онд 1037 тонн, 2022 онд 1082 тоннд хүрч дээд амжилт тогтоожээ. Худалдан авалт үргэлжилсээр байгаа юм. 2023 оноос хойш Хятад, Энэтхэгийн Төв банкууд алтны нөөцөө 20 хувиар нэмэгдүүлээд байна. Тэгвэл төв Азийн орнуудаас Узбекистаны Төв банк алтны нөөцөө 8 тонноор, Казахастаны Үндэсний банк 4 тооноор зузаалж худалдан авалтаар тэргүүлэх эгнээнд эгнэлээ. Дээрх орнуудаас гадна Польш, Азербайжан, Турк, Чех хамгийн идэвхтэй алт худалдан авагчид болсон. Дэлхийн алтны зөвлөлийн Ахлах шинжээч Луиза Стрит “2025 онд Төв банкууд зах зээлд голлох байр сууриа хадгалах болно. Гэхдээ хувийн хөрөнгө оруулагчид ч илүү идэвхтэй оролцох төлөвтэй. Нөгөөтэйгүүр, үнэт эдлэлийн эрэлт сул хэвээр байх магадлалтай. Учир нь алтны үнэ өндөр, эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа нь хэрэглээг хязгаарлаж байна” гэжээ. Шинэ уурхайнуудын нөлөөгөөр 2025 онд дэлхийн алтны нийлүүлэлт нэг хувиар өсөх төлөвтэйг Metal Focus мэдээлжээ. Өнгөрсөн жил олборлолтын хэмжээ 3661 тонн болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэхүү өсөлт нь Мексик, Гана, Канад зэрэг орнуудын уул уурхайн шинэ төслүүдээс үүдэлтэй аж. Энэ онд дэлхийн алт олборлолт 3694 тоннд хүрэх төлөвтэй. Эсрэгээрээ жижиглэнгийн худалдаа сул байна. Үнэт эдлэлийн үйлдвэрлэл 2024 онд 9 хувиар буурч, энэ онд бүр 16 хувиар уруудах нь. 

Олон улсад нэгдэн нийлэх, худалдан авах (M&A) хэлцлийн гол сэдэв алт хэвээр байна. Хоёр жилийн өмнө Newcrest компани Newmont-ийг 16.5 тэрбум ам.доллароор худалдан авсан нь алтны халуурлын үеийг зөгнөсөн гэхээсээ илүүтэй зах зээлийн нарийн мэдрэмж байлаа. Үүний адил мега хэлцэл 2024 онд хийгдээгүй ч алтны хэлцлийн үнийн дүн 19.3 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн. Хамгийн том дүнтэй гурван хэлцэл гэвэл Northern Star Resources компани De Gray Mining-ийг 3.26 тэрбум ам.доллар, Lundin Mining болон BHP групп нийлээд Канадын Filo компанийг 3.03 тэрбум ам.доллар, Centamin компани AngloGold Ashanti -ийг 2.48 тэрбум доллароор тус тус худалдаж авсан юм. Энэ нь алт, зэсийнх гэдгээрээ онцлог. 

Алтны хэлцлүүдийн идэвхийг сүүлийн үеийн томоохон худалдан авалт харуулна. Тухайлбал, Хятадын уул уурхайн хувийн хэвшлийн аварга Zijin Mining групп Казахстаны алтны Райгородок төслийг 1.2 тэрбум ам.доллароор худалдан авахаар (2025.06.01) болсон нь сүүлийн зургаан жилийн томоохон хэлцэлийн юм. Эл уурхайгаас жилд 5.5 тонн алт олборлохоор төлөвлөжээ. Энэхүү үйлдвэрлэл нь Zijin Mining-ийн 2028 он гэхэд алтны олборлолтоо 100-110 тоннд хүргэх зорилт биелүүлэх боломжийг бүрдүүлнэ. Райгородок нь JORC стандартаар 221 тонн нөөцтэй. Түүнчлэн, тус улсад Австралийн C29 Metals компани алтны ирээдүйтэй ордын хайгуулын шинэ төсөл эхлүүлж буйгаа тавдугаар сард зарласан. Шар металлын энэ цаг үеийн өөдрөг мөчлөгт хуучны “СТАН”-ы орнууд дэлхийн алтны салбарт хүч түрэн гарч ирж байгааг анзаарсан биз ээ. Хоёр жилийн өмнө алтны олборлолтоороо анх удаа дэлхийн ТОП 10-т багтсан Узбекистан нэгдүгээр сард алтны томоохон худалдан авагч орны нэг болов. Кумторын уурхайтай Киргиз жилд 30 орчим тонн алт олборлодог бөгөөд 2030 он гэхэд 46 хувиар нэмэгдүүлэхээр зорьжээ. Хэдэн арван жилийн турш Австралийн түүхий эдийн экспортын үндэс суурь нүүрс байсан бөгөөд Хятадын зах зээлд гангийн түүхий эд нийлүүлэлтээр тэргүүлж байв. Тэгвэл тус улсын Засгийн газрын түүхий эдийн урьдчилсан тайланд дурдсанаар, долоодугаар сарын 1-нээс эхлэн санхүүгийн жилд үнэт металлын экспортоос олох орлого 36.6 тэрбум доллар болж, төсөөллөөс өндөр өссөнийг дурджээ. Өөрөөр хэлбэл, 2026-2027 оны санхүүгийн жил Австралийн алтны үйлдвэрлэл нь нүүрсийг гүйцэж түрүүлж мэдэхээр байна. Алтны экспорт 2024-2025 онд 250 тонн байсан бол ирэх жилд 313 тоннд хүрч нэмэгдэнэ гэж Засгийн газар тооцоолжээ. Ингэснээр Австрали дэлхийн хамгийн том цэвэр алт экспортлогч, гурав дахь том үйлдвэрлэгч болох статусыг бэхжүүлнэ гэсэн үг. Хятад 18 жил дараалан дэлхийд алт олборлолтоор тэргүүлж буй. Ирэх хоёр жилд алт олборлолтоо ахиулж шар металлын нөөцөө 10 хувиар өсгөх стратегиа зарлаад байгаа юм. Өнгөрсөн онд тус улс 377.2 тонн алт олборлосон. Батлагдсан стратегийн дагуу 2027 онд улсын хэмжээнд 396 гаруй тонн алт олборлохоор тооцоолжээ. Украин дахь дайны өрнөл Оросыг долларын системээс салгаж, хөрөнгийг нь царцаасны дараа олон улс орон, ялангуяа Хятад Америкийн мөнгөн тэмдэгтээс хараат болох эрсдэлд нухацтай арга хэмжээ авч эхэлсэн. Ингэж дүгнэхийн учир Хятад юанийг нөөцийн валют болгох оролдлого эрчимжиж байна. Өнгөрсөн онд олон улсын гүйлгээнд юанийн эзлэх хувь 5 хувиар өссөн гэдгийг Хятадын Ардын банк саяхан мэдээлсэн. Энэ нь ам.долларын ханш суларч буй энэ үед улам дарамт болж байгааг олон улсын шинжээчид тодотгож байна. ОУВС-ийн судалгаагаар 2016 онд дэлхийн валютын нөөцөд ам.долларын эзлэх 65 хувиас 2025 оны эхний хагаст 58 хувь болж буурсан нь олон туйлт валютын системд шилжиж байгааг илтгэнэ. Энэ чиг хандлага алтны эрэлтийг өдөөж байна. Тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хуулийн төслийг Танхим баталсан. Энэ иж бүрэн хууль тогтоомж нь татвар, хилийн хяналт, хиймэл оюун ухааны зохицуулалтыг хамарсан өргөн цар хүрээтэй бодлогыг багтаасан бөгөөд арван жилийн хамгийн чухал төсвийн санаачилгуудын нэг. Төсөл дэмжигчид энэ хуулийг татварын шинэчлэл, стратегийн хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэсэн илтгэлтэй байна. АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр, зургаадугаар сард тус улсын өр 36 их наяд ам.долларт хүрсэн нь эдийн засаг дахь эрсдэлийг нэмэгдүүллээ. Төв банкны алтны нөөц нь АНУ-ын улсын өрийн 18 орчим хувийг эзэлж байна. АНУ-ын санхүүгийн байдал нь алтны үнэ 4000 ам.доллар хүртэл өсөхөд хамгийн хүчтэй түлхэц болж магадгүй гэж Bank of America-ийн шинжээчид үзэж байгаа юм. Одоо хөрөнгө оруулагчид АНУ-ын ADP-ийн ажил эрхлэлтийн мэдээлэл, Холбооны Нөөцийн сангийн хүүгийн бодлогын чиг хандлагыг анхааралтай ажиглаж буй.

Майнинг Инсайт сэтгүүл, 6-7 дугаар сар, 2025 №06, 07 (043, 044)