Уул уурхайн ТОП 50 компани $2 их наядын нийт үнэлгээгээр дээд амжилт тогтоов

Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.97 их наяд ам.доллар хүрч, 2025 он гарснаас хойш бараг 700 тэрбум ам.доллароор өсжээ. Өсөлтийн дийлэнх нь гуравдугаар улиралд гарсан байна. Улмаар дэлхийн уул уурхайн томоохон компаниудын зах зээлийн нийт үнэлгээ гурван жил гаруйн өмнө тогтоосон дээд амжилтаа давж, компаниудын зэрэглэлийг өөрчиллөө. 

ТОП 50 компанийн жагсаалтад алт, мөнгөний компаниуд байр ахиж байна. Тухайлбал, нэгэн цагт жижиг компани Coeur Mining-ийн хувьцаа зургаан дахин буюу гайхалтай өсөлтийг үзүүлсэн нь цаг үеэ мэдрэн Мексикийн мөнгөний уурхайг худалдаж авсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Тэгвэл Лондоны хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, Мексикийн Peñoles компани удирддаг мөнгө олборлогч Fresnillo компанийн хувьцаа 305 хувь өсжээ. 

Алт, мөнгөнөөс гадна газрын ховор металлын компаниуд ялгарч байна. Австралийн Lynas Rare Earth компани 280 хувийн өсөлтөөр жагсаалтын 49 дүгээр байрт дэвшиж Лас Вегаст төвтэй MP Materials компанитай зэрэгцэв. MP Materials—ын хувьцаа бараг 500 хувиар өссөн бол нэгэн цагт ТОП 50-ын жагсаалт дахь цорын ганц ГХЭ-ийн компани явсан Хятадын Northern Rare Earth-ийн хувьцаа энэ оны эхнээс 160 хувь л өссөн байх юм.  

Том тоглогчид болон алт, зэсийн компаниуд эгнэх “дээд зиндаа”-нд томоохон өөрчлөлт бас гарчээ.  

Mining.com-оос дэлхийн уул уурхайн ТОП 50 компанийн чансааг тогтоож эхэлсэн цагаас жагсаалтыг BHP болон Rio Rinto гэсэн хоёр компани тэргүүлж ирсэн. Rio Rinto-ийн хувьд  зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.доллароос дээш тогтвортой, харьцангуй бага хэлбэлзэлтэй явж ирсэн цорын ганц компани аж. Тэгвэл ийм таван компани байгаа бөгөөд нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн жил Anglo American-ийг худалдан авч чадалгүй “бүтэлгүйтсэн” BHP компани одоогоор дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Эскондидад 10 тэрбум ам.доллар зарцуулаад байна. 

Rio Tinto нь Glencore-той нэгдэх магадлал буурч, шинэ Гүйцэтгэх захирал Саймон Троттын удирдаж буй бүтцийн өөрчлөлт нь нэгдэл, худалдан авалтаас илүү хөрөнгө хуваах бэлтгэл ажил шиг байна гэж Mining.com тодорхойлжээ. Энэ 7 хоногт хэд хэдэн арилжаагаар Zijing Mining компани Rio Tinto-ийн араас шил даран эгнээд байна. Зөвхөн гуравдугаар улиралд Хятадын компанийн үнэлгээ 61 хувиар өсөж 114.8 тэрбум ам.доллар хүрсэн бол Rio Tinto-ийн хувьцаа ердөө 14 хувиар өсжээ. Алт зэс, сүүлд литийн чиглэлээр хэд хэдэн хөрөнгө оруулснаар Zijing Mining-ийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.доллароос давсан 4 дэх том компани болж байна. Энэ үнэлгээг 2022 онд Бразилын Vale компани давсан юм. Түүнчлэн, Grupo Mexico-ийн уул уурхайн охин компани Southern Copper-ийн хувьцаа гуравдугаар улиралд 38 хувиар өсөж 100 тэрбумаас давсан үнэлгээтэй компаниудтай эн зэрэгцжээ. Newmont мөн энэ долоо хоногт гурван оронтой тооны хөрөнгөтэй компаниудтай эгнээд байна. Өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь Newmont хоёр жилийн өмнө Австралийн Newcrest Mining компанийг 17 тэрбум ам.доллароор худалдаж авсныхаа дараа олон тэрбумын хөтөлбөр эхлүүлсэн. 

Сүүлийн үеийн томоохон хэлцлүүдийн дотроос Anglo болон and Teck Resources-ийн хэлэлцээр хамгийн боломжит гэж шинжээчид харж байгаа ч хяналтын байгууллагуудтай асуудалтай тулгарчээ. Энэ улиралд Teck Resources  хамгийн муу үзүүлэлтэй байна. Зэсийн үйлдвэрлэл нь буурах бэрхшээлтэй байгаа Freeport-ийн Грасбергийн уурхайн үйл ажиллагаа өнгөрсөн сард гамшигт үерийн улмаас зогссон. Үүнээс өмнө жилд 1.3 сая тонн зэс олборлодог Freeport компанийн хувьцаа хямд байна.  

Гуравдугаар улиралд хамгийн муу үзүүлэлттэй компаниудын нэг бол Glencore аж. Швейцарын уул уурхай, түүхий эдийн тус компани жагсаалтын эхний 10-ийн сүүл мушгиж буй юм. 2013 онд Glencore-Xstrata компанийн нэгдсэн нь түүхэн дэх хамгийн том уул уурхайн хэлэлцээр хэвээр байна.