ariun@mininginsight.mn
2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч, түүнээс хойш 9 хоногийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас шинэ Ерөнхий сайдаар томилогдлоо. Шинэ Ерөнхий сайд зургаадугаар сарын 17-нд нийт 19 сайдын нэрийг УИХ-д танилцуулснаар МАН, ИЗНН, ХҮН намаас бүрдсэн шинэ Засгийн газар бүрэлдэн ажилдаа ороод байна. Улс төрийн хариуцлага, олон нийтийн шахалт дор өрнөсөн Засаг солигдох энэхүү үйл явцын дараа бүрэлдсэн Засгийн газрын шинэ кабинет нэг онцлогтой. Тэр нь бараг гуравны нэг нь уул уурхайн салбарт шууд болон шууд бусаар оролцдог, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, олборлолт, дэд бүтэц, тээвэрлэлтийн сүлжээнд нөлөө бүхий бизнестэй сайд нар Засгийн газрын бүрэлдэхүүнд жин даран орж ирсэнтэй холбоотой.
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ КОМПАНИТАЙ САЙДУУД
Б.Дэлгэрсайхан: Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайдаар улиран томилогдсон Б.Дэлгэрсайхан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компани эзэмшдэг цөөн сайд нарын нэг юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй бөгөөд Монголын хамгийн том төмрийн хүдрийн олборлогч, экспортлогч “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, олон салбарт охин компани бүхий групп болгож өргөжүүлсэн нэгэн. “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь нийт 6 тусгай зөвшөөрөл (ашиглалтын 3, хайгуулын 3) эзэмшдэг бол охин компани “Инфинитиспэйс” ХХК нь Хандгайт нэртэй талбайд ашиглалт болон хайгуулын тус бүр нэг тусгай зөвшөөрөлтэй. “Болдтөмөр Ерөө гол”-ын бизнес зөвхөн уул уурхайн олборлолт, экспортоор хязгаарлагдахгүй. Охин болон салбар компаниудаараа дамжуулан дэд бүтэц, тээвэр логистикийн үндэсний хэмжээний томоохон төслүүдэд нөлөө бүхий оролцоотой. Жишээлбэл, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Аж үйлдвэрийн парк, Зүүнбаян Ханги чиглэлийн төмөр зам зэрэг стратегийн чанартай дэд бүтцийн төслүүдийг “Болдтөмөр Ерөө гол”-ын охин компаниуд хэрэгжүүлж байна. Компанийн нөлөөллийн хүрээ уул уурхайн олборлолт, тэсэлгээнээс төмөр замын бүтээн байгуулалт, тээвэр зэргээр дамжин логистикийн томоохон экосистем бүрдүүлсэн тоглогч болж хувирсныг дараах охин компаниудаас нь харж болно. “Инфинитиспэйс” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Монголиан Транс Ложистик” ХХК, “Монголиантранс Лайн” ХХК, “Дорнын говь” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” компаниуд нь уул уурхай болон түүнтэй холбогдох дэд бүтэц, тэр дундаа төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, логистикт төвлөрсөн үйл ажиллагаа явуулж байна.
Б.Чойжилсүрэн: УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй Б.Чойжилсүрэн нь “Хурд групп” нэрээр олон нийтэд танигдсан барилга, логистик, санхүү, тээвэр, үл хөдлөх хөрөнгө зэрэг олон салбар компанитай томоохон бизнесийн сүлжээг удирддаг группийн эзэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувь эзэмшдэг компанийн тоо 42 хэмээн мэдүүлжээ. Уул уурхайн салбарт түүний 100 хувь эзэмшдэг “Сауд гоби блейк гоулд” ХХК нь Дорнод болон Өмнөговь аймгийн хилийн бүсэд байрлах Хүүш, Асрын шанд, Хараат уул нэртэй хайгуулын гурван тусгай зөвшөөрлийн эзэмшигч юм. Түүнчлэн Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү Б.Балдоржийн “Си Өү Эй Эл” ХХК нь Дорноговийн Мандах сумын нутаг дахь “Айл баян” нүүрсний уурхай, “Олон ихт баян” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутгийн заагт Худагт орд, “Нонферрос метал майнинг” ХХК нь Сүхбаатар аймагт Салхитын бор толгой, Өгөөмөр толгой ордуудыг эзэмшдэг. “Айл баян” нүүрсний уурхайн олборлолт, тээвэрлэлтийг Б.Чойжилсүрэнгийн гэргийн нэр дээр бүртгэлтэй “Хурд транс”, “Хурд авто” компаниуд хариуцдаг бөгөөд Ханги Мандал, Гашуунсухайт боомтоор тээвэрлэлт хийж байна. Нэг ёсондоо Б.Чойжилсүрэн болон түүний гэр бүлийнхэн уул уурхайн салбарын хайгуул, олборлолт, тээвэр логистик зэрэг бүхий л шатанд оролцоо бүхий бизнестэй.
СТРАТЕГИЙН ОРДОД ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН
Ч.Ундрам: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй бөгөөд албан ёсоор уул уурхайн компанид хувьцаа эзэмшдэггүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй. Харин түүний аав Ч.Чинбат нь Монголын нүүрсний салбарын томоохон компани болох “Өсөх зоос” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал нь. “Өсөх зоос” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайтын бүлэг ордын Хүрэншандын талбайд 350 га орчим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2013 онд олгогдсон тус лиценз 2043 он хүртэл хүчинтэй хугацаатай. Нарийнсухайтын бүлэг орд нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад багтдаг. Энэхүү бүлэг ордод долоон компани лиценз эзэмшиж буйн нэг нь “Өсөх зоос” юм. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн орд эзэмшигч компаниуд Засгийн газартай төрийн эзэмшлийн хувийг тогтоож, ашиг хүртээх хэлэлцээрт орох үүрэг хүлээж байгаа. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Нарийнсухайтын бүлэг ордод лиценз эзэмшдэг долоон компанид хэлэлцээр хийх урилга хүргүүлсэн, гуравдугаар сараас хэлэлцээрийг эхлүүлнэ гэж байв. “Өсөх зоос”-ын хувьд Ажлын хэсэгтэй хэлэлцээрт орох компаниудын жагсаалтад багтаж байна. Түүнчлэн “Өсөх зоос” ХХК нь “Ундрах говь”, “Баялаг энержи ресурс”, “Монзол” ХХК зэрэг нүүрсний чиглэлийн охин болон холбогдох компаниудтай.
ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭГ ХЯНАЖ БУЙ ГЭР БҮЛ
С.Бямбацогт: УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдон, шинэ Засгийн газарт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон С.Бямбацогт нь улс төр, бизнесийн хос замаар олон жил яваа улстөрчдийн нэг. Түүний нэртэй салшгүй холбоотой “Нью прогресс групп” нь барилга, дэд бүтэц, уул уурхайн туслан гүйцэтгэх ажлууд эрхэлдэг охин компаниудтай бөгөөд тэдгээрийн ихэнхийг нь түүний хүү болон дүү нар эзэмшдэг. Түүний гол хувьцааг нь эзэмшдэг “Ньюпрогресс групп” компанийн охин компани “Алтайн зам” нь 2014 оноос 10 жилийн турш Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн нүүрсний уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг хийж байгаа. “Алтайн зам” компанийг С.Бямбацогтын дүү С.Балжинням удирддаг. Уурхайгаас экспортод гарсан нүүрсийг БНХАУ руу тээвэрлэх ажлыг түүний өөр нэг дүү С.Баянмөнхийн “Алтай строй” ХХК гүйцэтгэж байна. Харин уурхайн болон тээврийн компанийн шатахууныг нийлүүлдэг “Эн Пи Петролиум” ХХК-ийг С.Бямбацогтын хүү Б.Билгүүн эзэмшдэг бөгөөд тус компани Ховд аймгийн Дарви, Үенч суманд шатахуун түгээх станцтай. Түүнчлэн “Нью прогресс групп” нь Ховд аймагт хэрэгжиж буй “Ховд эко цемент” үйлдвэрийн төслийг хэрэгжүүлсэн “Вестерн холд” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг. Тодруулж хэлбэл, Хөшөөтийн ордын олборлолт, тээвэрлэлт, шатахуун нийлүүлэлтийн гинжин хэлхээ С.Бямбацогтын гэр бүлийн хяналтад байна. Уул уурхайн салбарт шууд оролцогч биш ч гэлээ туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байдлаар дэд бүтэц, логистик, барилга, цемент зэрэг чиглэлд нөлөө бүхий бизнесүүдийг түүний гэр бүлийнхэн эзэмшиж байна.
“ОЮУНЫ УНДРАА” ГИЙН УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮД
С.Амарсайхан: Хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон, шинэ Засгийн газарт Шадар сайдын алба хашиж буй С.Амарсайхан нь улс төрд орохоосоо өмнө “Оюуны Ундраа” группийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирлаар ажиллаж байсан. Тэрбээр барилга, банк санхүү, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай зэрэг салбарт 10 гаруй охин компанитай, өргөн хүрээний бизнестэй томоохон групп компанийн эзэмшигчийн нэгэн. “Оюуны Ундраа” групп нь уул уурхайн салбарт дараах уурхай, ордуудыг ашиглаж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших Арбаянгийн литийн орд нь 250 мянган тонн литийн нөөцөөс гадна вольфрам буюу гянтболдын баялагтай. Арбаян ордын ашиглалтын (MV011124) тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь “Оюуны Ундраа”-гийн хамаарал бүхий “Сентриал Азиан Майнор Металс” компани юм. Баян Өлгий аймгийн Цэнгэл суманд орших Ховд голын гянтболдын уурхайг “CC Монголиа” компани эзэмшдэг. Уг компанийн эзэмшигч нь “Оюуны Ундраа” гийн хамаарал бүхий “Нордстар Минералс” ХХК бөгөөд баяжуулах үйлдвэртэй, өдөрт 5 тонн, 65-70 хувийн агуулгатай баяжмал гаргах хүчин чадалтай. Мөн Төв аймгийн Баянжаргалан, Баян суманд “Софт коал” ХК нь хүрэн нүүрсний Галбаян ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. Эдгээр уул уурхайн компаниудын Гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч нь Шадар сайдын төрсөн дүү, “Оюуны Ундраа групп”-ийн захирал Сайнбуянгийн Ганбат юм. С.Амарсайхан нь өөрөө ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шууд эзэмшдэггүй ч түүний удирдаж байсан “Оюуны Ундраа групп” болон хамаарал бүхий компаниуд нь лити, графит, гянтболд зэрэг ховор металлын ордууд болон нүүрсний ордыг эзэмшин, заримд нь олборлолт явуулдаг. Тэр дундаа гянтболдын олборлолт, экспортод томоохон байр суурьтай групп юм. Түүний бизнесийн хамаарал нь шинэ Засгийн газрын уул уурхайн сүлжээнд нөлөө бүхий нэгэн болохыг илтгэж байна.
УУЛ УУРХАЙН МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГАД ТӨВЛӨРЧ БУЙ ХҮЛЭЭЛТ
Г.Дамдинням: УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон, шинэ Засгийн газарт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж эхэлсэн Г.Дамдинням нь Канадын Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн бодлого, засаглалаар мастер хамгаалсан. Төгсөөд уул уурхайн салбарт цөөн жил ч гэлээ ажилласан практик туршлагатай. Тэрээр УИХ-д сонгогдохоос өмнө буюу 2017-2020 онд уул уурхайн ханган нийлүүлэлтийн “Прокон Майнинг Монголиа” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Уг компани Канад-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай, ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ч 2023 онд татан буугджээ. Г.Дамдинням сайдын хувьд уул уурхайн бизнест өөрөө болон хамаарал бүхий этгээдээр дамжуулан хувьцаа эзэмших байдлаар 2025 оны тавдугаар сарыг хүртэл тодорхой оролцоотой байж иржээ. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Топ Майнинг Солюшнс” ХХК ийг хамтран эзэмшдэг гэж мэдүүлсэн ч 2025 оны тавдугаар сарын 20-нд компанийн бүртгэлээс түүний нэр хасагдсан нь opendatalab.mn нээлттэй мэдээллийн сангаас харагдаж байна. Түүнчлэн 2020 оны сонгуулийн үед “Вертекс Майнинг Партнер”, гэргий нь “Хера Инвестмент” зэрэг уул уурхайн гэрээт олборлолт, ханган нийлүүлэлтийн чиглэлийн компанид тус тус хувьцаа эзэмшиж байсан. Хөгжлийн банкнаас “Вертекс Майнинг Партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгосонтой холбогдуулан АТГ-аас УИХ ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг шалгаж байв. 2022 онд эдгээр компанийн хувьцаанаас өөрийгөө болон гэр бүлийнхнээ албан ёсоор татсан байдаг. Гэсэн хэдий ч “Вертекс Майнинг Партнер” компани нь Ухаахудагийн уурхайн хөрс хуулалтыг гүйцэтгэдэг. Хэлэлцээр хийх стратегийн ордуудын тэргүүн эгнээнд буй “Энержи Ресурс”-ийн туслан гүйцэтгэгч энэ компанийн хувьцааг шинэ сайд өмнө нь эзэмшиж байсан. Мөн уул уурхайн салбарт бодлого тодорхойлох албан тушаалд томилогдохоос ердөө нэг сарын өмнө буюу 2025 оны тавдугаар сар хүртэл уул уурхайн бизнест хувь оролцоотой байсан зэрэг нь “ашиг сонирхлын зөрчилтэй” байж болзошгүй хэмээн олон нийт сэрдэх нөхцөл үүсгэж, хатуу хяналтад орох шалтгаан болж байна. Нөгөө талаар Г.Дамдиннямыг Г.Ёндон сайдын дараах уул уурхайн мэргэжлийн сайд гэж хэлж болно. Тэр тусмаа уул уурхайн бодлого, засаглалын мэргэжилтэн салбарын яамыг удирдах тохиолдол анхны удаад тохиож буй нь бодлогын залгамж чанарыг хадгалж, мэргэжлийн шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх талтай юм. Тиймээс олон нийтээс илүүтэй уул уурхайн салбарынхан шинэ сайдад итгэл найдвар тавьж, тэр хэрээр салбарын хөгжлийг тушсан асуудлыг бага ч болов цэгцэлж чадах нь уу хэмээн сонжин харж буй нь нууц биш. “Алт-3” аян, Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах, стратегийн ордын маргаантай шалгуурыг оновчилж зөв тодорхойлох зэрэг нь түүний удирдсан яамны нэн тулгамдсан зорилтууд юм. Цаашлаад уул уурхайн бодлогоор мэргэшсэн шинэ сайдыг сорих, хэн бэ гэдгийг нь харуулах гол шалгуур болж таарна. Эдгээрийн дунд шинэ сайдад “гал авчрах” асуудлууд ч бий. Эн тэргүүнд “Алт-3” аяныг батлуулахын тулд “Урт нэртэй” хуулиар хориглогдсон талбайн хилийн заагийг шинэчлэн тогтоох, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтад өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хэл амаа ололцохоос эхлээд улстөрчийнх нь цар хүрээ, нөлөөлөл, чадамжийг илтгэн харуулах асуудлууд тосон хүлээж байна. Ямартай ч Монголын эдийн засгийн тулгуур салбарыг мэргэжлийн боловсрол, туршлагад тулгуурлан удирдах хүлээлт түүн дээр төвлөрч байна. Хүлээлтэд ямар хариу өгч чадахыг нь харуулахаар цаг хугацаа тоолуураа хурдтайгаар эргүүлээд эхэллээ.
Эцэст нь, Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн хууль ёсны хувьд зөрчилгүй байж болох ч уул уурхайн салбарт шууд болон шууд бусаар оролцоотой, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, эсвэл гэр бүл, ойрын хүрээллээрээ дамжуулан олборлолт, тээвэр, логистик, дэд бүтцийн бизнесийн сүлжээнд хамаарал бүхий улстөрчид олон байгаа нь анхаарал татаж байна. Тэдний зарим нь уул уурхайн бизнестэй, нэг хэсэг нь стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамаарал бүхий бол өөр нэг хэсэг нь гэр бүлийнхнийхээ компаниудаар дамжуулан уул уурхайн тээвэр логистик, ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэгчийн бизнесийг хяналтдаа байлгаж байна. Уул уурхайн салбарын төлөөлөл Сайдаар ажиллах тийм ч шинэ зүйл бас биш. Ганцхан шинэ зүйл байгаа нь эдгээр эрхмүүд Засгийн газрын нөлөө бүхий яамдыг, тэр дундаа уул уурхайн салбарт бодлогын томоохон өөрчлөлт орох гэж буй цаг үед гол шийдвэр гаргах эрх мэдэл бүхий сайдуудаар ажиллах болсон нь юм. Төрийн оролцоо нэмэгдэж, төр данхайхын хэрээр уул уурхайн салбарт үндэсний болон хувийн хэвшлийн компаниудын эрх ашиг, оролцоо, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын тэнцвэр алдагдаж буй энэ үед бодлого тодорхойлох, шийдвэр гаргах хүмүүс салбарын онцлогийг мэддэг, ойлгодог байх нь уул уурхайн салбарын хөгжилд эерэг нөлөөтэй байх талтай. Гэхдээ үүний нөгөө талд ашиг сонирхлын зөрчил үүсэх, бодлогод нөлөөлөх хувийн ашиг сонирхол давамгайлна гэж үзэх олон нийтийн хардлага сэрдлэг улам даамжрах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайд төрийн оролцоо улам бүр тэлж буй өнөө үед Засгийн газарт итгэх итгэлийг сулруулах, байр суурийг нь ганхуулж эмзэг болгох нэг нөхцөл юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд өмнөх Засгийн газрын баталсан 88 дугаар тогтоолоор стратегийн ордын жагсаалтыг өргөтгөж, төрийн эзэмшлийн хувь тогтоох бодлого хэрэгжиж эхэлсэн. Энэ ажлыг шинэ Засгийн газар үргэлжлүүлэхээ мэдэгдэн, стратегийн орд газруудын хэлэлцээр хариуцсан ажлын хэсгүүдийг нэгтгэн, шинэ бүтэцтэйгээр (2025.06.20) дахин байгуулаад байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ахлуулсан уг Ажлын хэсгийн зорилго нь өмнөх ажлын үр дүнг хянан нягтлах, шаардлагатай тохиолдолд засаж залруулах, үйл явцыг хурдавчлуулах явдал гэж мэдэгдээд байна. Гэтэл эдгээр хэлэлцээр, бодлогын шийдвэрүүдийг хариуцах хүмүүс гэр бүлийнхнийхээ бизнесээр дамжуулан уул уурхайд гүнзгий оролцоотой байгаа нөхцөлд нэгэнт эрчээ авсан, нийгмийн анхаарлын төвд байгаа Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт, стратегийн ордуудын хэлэлцээрийн шударга байдлыг эргэлзээнд оруулж болзошгүй. Тиймээс энэ Засгийн газар, эдгээр сайд нарын хувьд ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх, шийдвэр гаргалтдаа ил тод, шударга байдлыг хангаж, олон нийтийн итгэлийг олох шаардлага урьд урьдынхаас илүү чухал, илүү хурцаар тавигдаж байна. Үндэсний баялгийн сангийн хуулийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зөвхөн эдийн засгийн үр ашгаас гадна олон нийтийн итгэлцэл бий болгож, засаглалын үнэт зарчмуудыг хангах нь Г.Занданшатарын Засгийн газрын гол сорилт болж байна. Шинэ Засгийн газар энэхүү эмзэг байдлаа уул уурхайн салбар дахь бизнесийн оролцоо, ашиг сонирхлын давхцалыг давж гарсан бодлого хэрэгжүүлж чадаж гэмээнэ нийгмийн хүлээлтэд нийцэх юм.
Майнинг Инсайт сэтгүүл, №06, 07 (043, 044)
1 Сэтгэгдэл