Э.Мишээл
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубт өнөөдөр (2025.10.06) салбарын сүүлийн үеийн мэдээллийг танилцууллаа.
Цаг үеийн асуудлаар эхлээд мэдээлэл хүргэе. Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн явж байна. Гол асуудал нь улстөрийн зорилгоор хомстол үүсгэх оролдлого хийж байгаа. Хагас, бүтэнсайнд нефть хангамжийн баазууд амардаг. Тийм учраас зарим газарт бага зэргийн тасалдал үүсдэг.
Хил дээр биржийн арилжааны 4.1 сая тонн нүүрс гацчихсан. Яагаад гэхээр нүүрсний үнэ 85 орчим хувиар буурчихсан. Өндөр үнэтэй байхад нь худалдаж авсан хүмүүс авахгүй болсон. Нэмэлт нүүрс гаргах боломжгүй, үндсэндээ биржийн арилжаа зогсолт руу орсон. АМНАТ-ийн Улсын төсөвт орж ирдэг орлого буурсан. Ийм нөхцөлтэй байсан. Ингээд бид төсвийн тодотголыг яаралтай хийсэн. Төсвийн тодотгол ёсоор ирэх оны төсвийг бэлтгэхээр явж байна.
Засгийн газрын 55 дугаар тогтоол гарсан. Энэ хүрээнд экспорт эрс нэмэгдсэн дүр зураг гарч байна. Биднийг ажил авахаас өмнөх хагас жилд 13.1 сая тонн нүүрсийг 3.5 их наяд төгрөгөөр борлуулсан. Нэмэлт орлого 169.9 төгрөг байсан. Тэгвэл 55 дугаар тогтоол батлагдсаны дараа жилийн эцэс гэхэд биржийн арилжааны хэмжээ 21.3 сая тоннд хүрч, 5.6 их наяд төгрөгийн борлуулалт орлого, нэмэлтээр 300.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Зөрүү 130.8 тэрбум төгрөг байна гэж төсөөлж байна.
Манай салбар 8 компанийг улсын төсвийн орлогын 80 хувийг бүрдүүлдэг болгоод, шинэ компаниудыг зах зээлд орох боломжгүй болгочихсон. Дээр нь ганцхан салбараас хамааралтай эдийн засагтай болгочхож. Нүүрс унахад Монголын эдийн засаг уналаа, засаг нь бужигналаа, улстөр нь бужигналаа.
Зэс 21.6 хувийн АМНАТ-тэй байна. Тэрийг нь ганцхан төлдөг компани нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр. Бусад нь төлдөггүй. Дээрээс нь тийм өндөр АМНАТ-тэй учраас Монгол Улсад хэн ч орж ирдэггүй.
850 тэрбум төгрөгийн нүүрсний зах зээл ингээд яаж ийгээд явж байна. 450 тэрбум төгрөгийн зэсийн зах зээл рүү орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хоёр тулгууртай болох хэрэгтэй байна.