“Хөдөлмөрийн эрүүл ахуй-2025” бага хурлыг Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос “Уушги тоосжих өвчнөөс сэргийлье” уриатайгаар (2025.10.07-08) болж байна. Арга хэмжээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж байгаа бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэмжин ажиллаж байгаа юм. Энэхүү хуралд 50 гаруй аж ахуйн нэгжийн 160 орчим хөдөлмөрийн эрүүл ахуйч оролцож байна.
Бага хурлын хүрээнд тоос, тоосны өртөлтөөс урьдчилан сэргийлэх мэргэжлийн хөгжлийн сургалт, эрх зүйн зохицуулалт ба олон улсын туршлага, судалгааны талаарх гадаад, дотоод мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгууллаа.
Анагаах ухааны доктор, дэд профессор, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх “Манай улсад хамгийн түгээмэл тохиолдож буй мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн нэгдүгээрт уушги тоосжих өвчин орж байгаа. Энэ өвчин хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг, амьдралын чанарыг бууруулдаг, наслалтыг багасгадаг хор хөнөөлтэй. Гэвч энэ өвчлөлөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой”-г хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн бага хуралд хүрэлцэн ирж, өөрийгөө хөгжүүлж, шинэ мэдлэг, мэдээлэл хуваалцаж, салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр хуран цугларсан нь салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэрэг гэдгийг тодотгосон юм.
Монгол Улсад зонхилон тохиолдох мэргэжлээс шалтгаалах өвчний 58 хувийг уушги тоосжих өвчин эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор бага хурлыг зохион байгуулж буйгаараа ихээхэн ач холбогдолтой аж. Засгийн газрын 2024 оны арванхоёр дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолоор “Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт”-ыг анх удаа баталсан билээ.
Сүүлийн жилүүдэд уушги тоосжих өвчин улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид хэлдэг. Энэхүү өвчин зөвхөн уул уурхайн салбар бус хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрүүдэд мөн түгээмэл тохиолддог байна. 2024 оны байдлаар бичил уурхай эрхлэгчдийн дунд уушги тоосжих өвчний тархалт 19 хувьтай байжээ.
Түүнчлэн уушги тоосжих өвчний хүндэрсэн хэлбэр ихсэж байгаа аж. Энэ нь нэг талаар эрт илрүүлгийг зохион байгуулалттайгаар, эрчимтэй хийсэнтэй холбоотой байж болно. Харин нөгөө талаас урьд өмнөх бүртгэл мэдээлэл хангалтгүй байснаас өсөж буй дүн гарсан байх боломжтой гэнэ.
Ажил мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн хоёрдугаарт мэдрэлийн шалтгаант эмгэг, гуравдугаарт хордлогын шалтгаант эмгэг орж байгаа аж. Харин эрчүүдийн өвчлөл уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт хамаарч байгаа бол эмэгтэйчүүдийн хувьд уул уурхай, хөнгөн үйлдвэрт давуу байна.
Хөдөлмөрийн эрүүл ахуйдын үндэсний холбоо нь 2026 онд Азийн нэгдсэн сүлжээний олон улсын бүс нутгийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах эрхээ авчээ. Түүнчлэн мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын зэргийг Монгол Улсаас магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг дотооддоо хийхээр төлөвлөж байгаа аж.