The Cranes & Heavy Lifting бага хурлын албан ёсны түншээр Майнинг Инсайт сэтгүүл ажиллахаар боллоо

Майнинг Инсайт сэтгүүл The Cranes & Heavy Lifting бага хурлын хэвлэл мэдээллийн түншээр анх удаа хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор 10 дугаар сарын 03-ны өдөр баталгаажууллаа. 

The Cranes & Heavy Lifting бага хурал 10 дугаар сарын 20-21-ний өдөр Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдах гэж байна. Тус хурал нь бүс нутгийн газрын тос, байгалийн хий, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах томоохон талбар болно. 

Эр-Рияд хотод болох бага хурал Саудын Арабын Алсын хараа 2030 он бодлогын хүрээнд хэрэгжих 7 мега төсөл, 4 эрчим хүч, дэд бүтцийн төсөл, 5 тээвэр, дэд бүтцийн төслүүдэд анхаарлаа хандуулж байна. Хурлын үеэр төслийн гүйцэтгэгчид өөрсдийн үйл ажиллагааны зорилгыг танилцуулж, олон улсын томоохон үйлдвэрлэгчид өөрсдийн техник, технологийг дэлгэн үзүүлж, орон нутгийн болон олон улсын инженерүүд өөрсдийн туршлагыг хуваалцаж, хурлын оролцогчид харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг бий болгоно. 

Саудын Арабт хэрэгжих 20-иод төслийн өртөг 1 тэрбум ам.доллароос 500 тэрбум ам.долларын хооронд эргэлдэж байна. 

The Cranes & Heavy Lifting хурлын үеэр хэлэлцэгдэх гол сэдвүүдэд 

  • Ойрх Дорнодын эрс тэс нөхцөлд краны үйл ажиллагааг удирдах,
  • Мега төслүүдийн босоо ачааллын системийг оновчлох, 
  • Барилга, үйлдвэрлэлийн төслүүдэд хүнд ачаа өргөлтийн саад бэрхшээлийг даван туулах, 
  • Өндөр эрсдэлтэй орчинд краны үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, 
  • Краны автоматжуулалтын нарийвчлалыг сайжруулах, 
  • Эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагааг удирдах гэсэн агуулга багтаж байна.