Уул уурхай ба хүний эрх: ХЭҮК-ын тайланд дурдсан анхааруулга

О.Батболд

batbold@mininginsight.mn

Ил тод байдлын талаарх дэлхийн чиг хандлага өөрчлөгдөхдөө хариуцлагатай байдлыг улам бүр чухалчлах болж байна. Монгол Улсын хувьд бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрх болон байгаль орчны асуудлаар сурвалжилж, хэвлэн нийтлэх нь харьцангуй шинэ тутам сэдэв гэж хэлж болно. Энэ чиглэлээр Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх Залуус ба хэвлэл мэдээлэл” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн анхаарлыг хүний эрхийн зөрчил болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй хариуцлагагүй бизнесийн үйл ажиллагаанд хандуулахын зэрэгцээ ёс зүйтэй, ил тод, хүний эрхийг хүндэтгэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө бууруулах сайн туршлагыг олон нийтэд таниулан түгээх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Энэхүү нийтлэл нь “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид” төслийн хүрээнд бэлтгэгдэв.  

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил

Уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа хэдий ч төрийн бодлого, зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн иргэдийн суурь эрхэд зарим талаар хүчтэй дарамт бий болж, нутгийн иргэдийн эрхэд сөргөөр нөлөөлж байгааг Хүний Эрхийн Үндэсний Комисс анхааруулсан байна.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 23 дахь илтгэлийг үндсэн долоон асуудлын хүрээнд боловсруулжээ. Эдгээрээс “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” болон “Иргэний нийгэм, байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” гэсэн хоёр бүлэгт уул уурхайн салбарын нөлөөнөөс үүдсэн хүний эрхийн зөрчил онцгойлон тэмдэглэгджээ. Энэхүү нийтлэлд зөвхөн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”-тэй холбоотой асуудлыг хөндлөө.  

Уул уурхайн нөлөөллийн бүсэд байгаль орчны доройтлын зэрэгцээ иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаагаас үүдэлтэйгээр эрүүл мэндээ хамгаалах эрх, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх, нүүдэлчин амьдралын соёлын эрх, мэдээлэл авах эрх зэрэг олон суурь эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрч буйг уг тайланд тодорхой баримтуудаар анхааруулжээ. 

Хүний эрхийн үндэсний комиссоос энэхүү тайлангийн хүрээнд Ховд, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Орхон аймаг дахь уул уурхайн нөлөөллийн бүсэд оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн байна.

Уул уурхайн тоосжилтоос нутгийн иргэдийн амьдралд үзүүлж буй нөлөө: Уул уурхайтай бүс нутгуудад олборлолт, тэсэлгээ, тээвэрлэлтийн улмаас үүссэн тоосжилт, дуу чимээ, доргилт нь зөвхөн байгаль орчныг доройтуулаад зогсохгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын тайланд онцолжээ.

Тайланд Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхай, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайнуудаас үүдсэн тоосжилт, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдлын аж ахуйгаас дэгдэх “цагаан тоос” хот суурин руу тархан, олон жил оршин суугчдын эрүүл мэндэд нөлөөлж байгаатай холбоотой иргэдийн өргөдөл, гомдлын мөрөөр ХЭҮК хяналт шалгалт хийсэн дүгнэлтийг танилцуулсан нь анхаарал татаж байна. Хэдийгээр уул уурхайн компаниуд тоосжилтыг бууруулах оролдлогууд хийсээр байгаа ч ахиц дэвшил бага байгааг тайланд тэмдэглэжээ. 

Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хийсэн судалгаагаар оролцогчдын 80 хувь нь “агаар үнэрээр их бохирдож байна” гэж хариулсан нь уурхайн утаа, хаягдал хий, дуу чимээ иргэдийн өдөр тутмын амьдралын чанарт хэр хүчтэй нөлөөлж буйн илрэл гэж дүгнэсэн байна. 

Ус ашиглалт, усны чанар ба тулгарч буй эрсдэл: Судалгаагаар уул уурхайн усны хэрэглээтэй холбоотой нутгийн иргэдийн хамгийн том санаа зовнил нь ундны усны хомсдол болон бохирдолтой холбоотой байна. Судалгаанд оролцогч иргэдийн 64.9 хувь нь уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн ундны ус “их хэмжээгээр бохирдсон” гэсэн хариулт өгснөөс үүнийг харж болохоор байна. Мөн говийн бүсийн томоохон уурхайнуудад ашиглаж буй гүний усны хэрэглээ улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор  малчид ундны болон мал аж ахуйн усны хомсдолд орох вий гэсэн айдас болгоомжлол өндөр байгаа нь харагдаж байна. Уурхайн шүүрлийн ус ил задгай, шавар шалбааг үүсгэх нь малын эрүүл мэнд, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хохирол учруулж байна. Түүнчлэн шинээр гаргасан худгуудаас ус авахдаа малчид цахилгаан, дизель түлшний зардал төлөх шаардлагатай болдог тул эдийн засгийн дарамт нэмэгдэж байна гэсэн хариултууд уг судалгаагаар гарчээ. 

Хэдийгээр уул уурхайн усны хэрэглээ хөдөө аж ахуй зэрэг салбарын хэрэглээтэй харьцуулахад харьцангуй бага  боловч говийн бүсэд гүний усны хэрэглээ өндөр байгааг тайланд хамгийн том эрсдэл гэж үзсэн байна. Цаашлаад уул уурхайн үйл ажиллагаа эрчимжвэл 2030 он гэхэд гүний усны нөөц хүрэлцэхгүй болох магадлалтай байна. Усны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр энэ нь зөвхөн байгаль орчны асуудал бус, бүс нутгийн иргэдийн амьдралын чанар, эдийн засгийн эрхэд нөлөөлөх хамгийн том сорилт болно гэдгийг тайланд тэмдэглэсэн байна. 

Хөрсний бохирдол, бэлчээрийн доройтол: Малчдын амьдралд хамгийн том хүндрэл нь бэлчээрийн доройтол, усны хомсдол болохыг уг тайланд тодотгосон байна. Уул уурхайн олборлолт, дэд бүтцийн өргөтгөлөөс болж малчдын бэлчээрийн талбай хумигдаж, нүүдэл хийх боломж багассаар байна. Тавантолгой орд болон Гашуунсухайтын зам дагуух малчид хатуу хучилттай болон шороон зам, нүүрс тээврийн урт дараалал зэргээс болж малаа чөлөөтэй бэлчээж чадахгүйд хүрч байна. Дорноговийн Даланжаргалан сумын хувьд олон жил нутагласан бэлчээр нь багассаны улмаас малчид нийслэл рүү шилжин суурьших хандлага нэмэгджээ.

Мөн уурхайнуудын тээврийн зам дагуу хаясан хог, дугуй, шил сав зэрэг нь хөрсийг бохирдуулж, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлдэг. Зарим бүс нутагт хөрс болон усанд хүнцэл зэрэг хүнд металл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн арван дахин их илэрсэн нь хүний амьд явах, эрүүл амьдрах эрхийг зөрчиж байна. Жишээлэхэд, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК газрын тосны шингэн хаягдлыг ил задгай асгаж орхисноос хөрс, усанд хорт нөлөө учруулсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ бүхэн нь хүний эрүүл мэнд төдийгүй мал аж ахуй, хүнсний аюулгүй байдалд урт хугацааны эрсдэл дагуулж байгааг судлаачид анхааруулсан байна. 

Уул уурхайн мэдээллийн ил тод бус байдал ба иргэдийн “мэдэх эрх”-ийн зөрчил 

ХЭҮК-оос хийсэн судалгаагаар уул уурхайн нөлөөллийн бүсэд оршин суугчид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байна гэж үзжээ. Комиссоос Дорноговь аймгийн Даланжаргалан суманд мэдээлэл авах, оролцооны эрхийг тандсан судалгаа явуулахад судалгаанд оролцогчдын 74 хувь нь уул уурхайн компаниас ямар ч мэдээлэл авч байгаагүй, 14 хувь нь мэдээлэл хүссэн боловч авч чадаагүй гэжээ. Өөрөөр хэлбэл, нийт оролцогчдын 88 хувь нь уул уурхайн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл авч байгаагүй гэсэн байна.  

Уг судалгааны үр дүнг баталгаажуулах зорилгоор нийтэд ил байгаа мэдээлэлд анализ хийж үзэхэд, уул уурхайн төслүүд нь хүний эрх, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийдэггүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хяналт шинжилгээний мэдээлэл иргэдэд хүрдэггүй, төрийн байгууллагуудын цахим мэдээллийн сан хангалтгүй, компаниудын ихэнх нь цахим мэдээллийн орчинд идэвхгүй байдгийг тогтоожээ. 

Энэ бүхэнд үндэслэн “Нутгийн иргэд өөрийн нутаг дэвсгэрт болж буй уул уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэлгүй, шийдвэр гаргалтад оролцох боломжгүй, шийдвэр гаргалтаас гадуур орхигдсон байна” гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ нь “мэдэх эрх”-ийн зөрчлийн тод илрэл. Иргэдийн оролцоогүйгээр гарсан шийдвэр нь олон нийтийн дунд үл итгэлцэл, эсэргүүцэл бий болгодог. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан компани ба иргэдийн хооронд үл ойлголцол гүнзгийрч, нийгмийн зөрчил хурцатгах эрсдэлтэй гэж тайланд онцолсон байна.

Эцэст нь тэмдэглэхэд, Хүний эрх, эрх чөлөөний байдлын 23 дахь илтгэлд тусгагдсан уул уурхайтай холбоотой асуудлыг нэгтгэн дүгнэвэл, уул уурхайн салбарт байгаль орчны доройтолтой эн зэрэгцэн хүний эрхийн зөрчил бодитойгоор оршиж байна. Тэр дундаа бэлчээр талхлагдаж, усны эх үүсвэр ширгэснээр нүүдлийн мал аж ахуйд тулгуурласан уламжлалт амьдралын хэв маяг алдагдаж, малчдын оршин тогтнох суурь үндэс ганхаж байна. Энэ нь зөвхөн эдийн засгийн бус соёлын эрхийн зөрчил гэж үзсэн нь ноцтой анхааруулга юм. 

Хэдийгээр уул уурхайн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүд олон байгаа ч бүгд ийм байж чадахгүй байгааг бид мэднэ. Тиймээс өнөөгийн нөхцөл байдлаасаа сургамж авч, үйл ажиллагаагаа илүү хариуцлагатай, ил тод, нээлттэй болгох нь нүүдлийн соёл, уламжлалаа хадгалангаа уул уурхайгаа хөгжүүлэх, цаашлаад улс орны тогтвортой хөгжилд ч чухал юм.

Уул уурхайн салбар Монголын эдийн засгийн тулгуур хэвээр байгаа цагт үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчин, уламжлалт амьдралын хэв маягт халгүйгээр явагдах ёстой. Хөгжил гэдэг зөвхөн эдийн засгийн тоон үзүүлэлтээр хэмжигдэх биш хүний эрх, амьдралын чанарт нийцэж байж л үнэ цэнтэй болно. Иргэдийн дуу хоолой нь бодлого, шийдвэр гаргах түвшинд тусаж, байгаль орчин, хүний эрхийг хамгаалсан хариуцлагатай уул уурхайг бий болгох нь зөвхөн эдийн засгийн өгөөжийг баталгаажуулаад зогсохгүй Монголын хөгжлийн ирээдүйг бататгах гол нөхцөл юм.