Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "MiningWeek & MinePro 2026: Стратегиас капитал руу – Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын боломж" сэдвээр Лондон хотод илтгэл тавьсан (2026.02.24) байна. Тус арга хэмжээг МУУҮА, АҮЭБЯ хамтран зохион байгуулсан бөгөөд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, стратеги, капиталын уялдааг бэхжүүлэх хүрээнд зохион байгуулжээ.
Уг үйл ажиллагааны дараа АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Грег Гайеттай уулзаж, Монгол Улсын нутаг дэвсгэрт геологийн бүрэн суурь судалгаа хийж, цахимжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. ЕСБХБ манай улсад 2006 оноос хойш нийт 166 төсөлд 2.5 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгосон аж.
Түүнчлэн Монголын геологийн суурь судалгаанд хамтрах, геологийн эрлийн судалгааны ажил хийх чиглэлээр санхүүжилт гаргах, мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болсныг АҮЭБЯ-наас мэдээллээ.




















