Уул уурхайн салбарын итгэлийг сэргээх нэг гарц нь хүлэмжийн хийг тайлагнах

Э.МИШЭЭЛ

misheel@mininginsight.mn

Дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьж, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгаа ч чулуужсан түлшний хэрэглээ төдийлөн буурахгүй байна. АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Альберт Горын үүсгэн байгуулсан нүүрстөрөгчийн ялгарлыг хянах Climate TRACE байгууллагын тооцоолсоноор дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн эквивалент (СО2-экв) 2025 онд өмнөх оноос 0.5 хувиар өсөж, 60.6 тэрбум тонн хүрчээ. Энэхүү өсөлтөд газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд ашиглагдсаар байгаа нь эрчим хүчний салбарт ялгарлыг төдийлөн бууруулж чадсангүй. Өөрөөр хэлбэл, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй өсөж байгаа ч дэлхийн эрчим хүчний хэрэглээ даган нэмэгдэж, шинээр ашиглалтад орж буй нүүрсний станцуудын тоо буурахгүй байна. Үүний зэрэгцээ улс орнуудын эдийн засгийн бүтэц, эрчим хүчний бодлого харилцан адилгүй байдаг нь хүлэмжийн хийн ялгарлын өөр өөр дүр зургийг бий болгожээ. Тухайлбал, Хойд Европын орнуудад цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдсэнээр ялгаруулалт буурсан бол АНУ олон улсын эрэлтэд тулгуурлан газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн, Бразил усан цахилгаан станцын үйлдвэрлэл буурсны улмаас байгалийн хийн хэрэглээг өсгөсөн байна. Харин эдийн засгийн идэвхжил суларснаар ОХУ-д байгалийн хийн хэрэглээ буурч, Энэтхэг, Хятадад газрын тосны бүтээгдэхүүний эрэлт үргэлжлэн өсжээ. 2026 он гарснаар Ойрх Дорнодын гео улс төрийн хурцадмал байдал, тэр дундаа Хормузын хоолой газрын тос, байгалийн хийн зах зээлд нөлөөлсөн ч нүүрсний эрэлтийг айхтар өсгөсөнгүй, дэлхийн эрчим хүчний хэрэглээний бүтэц огцом өөрчлөгдсөнгүй. Энэ нь дэлхийн 190 гаруй улс Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг хүлээсэнтэй холбоотой бөгөөд Монгол Улс ч энэхүү гэрээний хүрээнд өөрсдийн зорилтыг тодорхойлсон билээ.

ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талууд 2015 оны 12 дугаар сарын 12-нд Францын Парис хотноо болсон COP21 Бага хурлын үеэр Парисын хэлэлцээрийг баталсан. Уг хэлэлцээр 2016 оны 11 дүгээр сарын 4-нөөс хүчин төгөлдөр болж, өнөөгийн байдлаар 194 улс үүрэг хүлээсэн байна. Оролцогч талууд 2020 оноос нүүрстөрөгчийн давхар ислийг багасгаснаар дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс цельсийн 1.5-аар хэтрүүлэхгүй байх зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Дэлхийн дулаарал буюу хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж, үүнээс үүдэн хэт халалтын улмаас хүн амын нас баралтын тоо нэмэгдэх, мөсөн гол, мөсөн бүрхүүл хайлах, халуунаар идэвхэждэг элдэв өвчин газар авах магадлал нэмэгдэх, амьтан, ургамлын төрөл зүйлүүд устах, далайн эко системийг хадгалагч шүрэн хадны тоо буурах зэрэг сөрөг нөлөө гарч байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлсэн. Манай улсад энэ жилийн 5-6 дугаар сард Хойд туйлын хүйтэн урсгал орж ирэн тогтсон нь дэлхийн дулаарлын нэг шинж тэмдэг гэж үзэх нь бий. Иймээс Парисын хэлэлцээр бол ганц хүн, ганц компани, ганц улсаас илүүтэй хамтын үйл хэрэг юм. 

Парисын хэлэлцээрийн хэрэгжилт уул уурхайгаас шууд хамааралтай. Учир нь хүн төрөлхтөний цахилгаан эрчим хүчний хэрэглээ улам бүр өсөх хандлагатай байна. Олон улсын эрчим хүчний агентлаг дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2020 онтой харьцуулахад 2030 онд 47 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон. Иймээс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг өсгөх нь дэлхийн дулаарлын хурдцыг нэмэгдүүлэхгүйгээр эрчим хүчтэй болох арга гэж үзэж байна. Энэ хүрээнд эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг АНУ 2020 онтой харьцуулахад 2030 онд 20 хувиас 37.4 хувь, Европын Холбоо 22.1 хувиас 42.5 хувьд хүргэх гэсэн томоохон зорилт тавьсан. Үүний зэрэгцээ цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээг огцом өсгөж буй БНХАУ нүүрстөрөгчийн ялгарал 2030 онд оргил түвшиндээ хүрнэ гэж тооцоолсон. Гэсэн ч нөгөө талдаа тус улсын нар, салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2,700 ГВт хүрч, өнөөгийн дэлхийн хэмжээний 64 хувьтай тэнцэхээр байна. Үүнийг хэрэгжүүлэхэд ашигт малтмал, тэр дундаа критикал минералын нөөц онц шаардлагатай билээ.

ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТ БУСАД УЛС ОРОНД

Парисын хэлэлцээрт улс орон бүр өөрийн онцлогт тохируулан хүлэмжийн хийг бууруулах зорилтуудыг тодорхойлж, тайлагнаж, мэдээлж байхаар туссан байдаг. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлаас гарч чадсан Дани эрчим хүчний салбарт чулуужсан түлшийг улс даяар аажмаар халах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийг барьж хадгалах, био эрчим хүчийг нэмэгдүүлэхэд төвлөрч байна. Тус улс бол чулуужсан түлшнээс салхины үйлдвэрлэл голлосон цэвэр эрчим хүч рүү шилжсэн үлгэр жишээ орны нэг. Дани нь 1990 оны суурь нөхцөлөөс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 70 хувиар бууруулах зорилго тавьсан. Үүний хэрэгжилт өнгөрсөн жилийн байдлаар 55 хувьд хүрсэн буюу бүрэн биелүүлэхэд ойрхон ирээд байна. З

эсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чили 2030 онд уул уурхайн салбарт хүлэмжийн хийг бууруулах багагүй зорилт дэвшүүлсэн. Тухайлбал, уул уурхайн компаниуд 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 90 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, үйлдвэрлэлд ашигладаг усны 50 хувийг цэвэршүүлсэн давстай ус эзлэх, томоохон уул уурхайн компаниуд хүнд машин механизмыг 100 хувь цахилгаан болгон өөрчлөхөөр төлөвлөсөн. Үүнээс гадна “Коделко” компанийн Чукикамата зэсийн ил уурхайг далд уурхай руу шилжүүлсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулсан байна. Далд уурхайд шилжсэнээр жилд 8,000 тонн СО2 ялгаруулахгүй болсон, гадаргын тоос эрс буурсан, давстай усыг цэвэршүүлэн ашиглаж эхэлснээр орон нутгийн гүний цэвэр усанд үзүүлэх дарамтыг багасгажээ. Чили нь 2016 оны суурь нөхцөлөөс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн оны байдлаар хэрэгжилт хангалтгүй буюу төлөвлөсөн хэмжээнээс ялгарал бага зэрэг нэмэгдсэн байна. Үүнд зам тээвэр, аж үйлдвэр болон уул уурхайн салбар гол нөлөөг үзүүлжээ. Ашигт малтмалын нөөц, үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг Канад уул уурхайн салбарт хүлэмжийн хийг багасгахаар цахилгаан машинуудыг нэвтрүүлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэлийг хангах, Тогтвортой уул уурхайн төлөө стандартыг мөрдөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Канад хүлэмжийн хийн ялгарлыг 2005 оны суурь нөхцөлөөс 2030 онд 40-45 хувиар бууруулах амлалттай ч өнгөрсөн оны байдлаар 8.5 хувийн хэрэгжилттэй байсан. Энэ байдлаар зохих түвшинд хүрэхгүй байх магадлал өндөртэй бөгөөд үүний шалтгаан нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх муж болон холбооны бодлого, газрын тос, байгалийн хийн хэрэглээний өсөлтийн хандлага, цахилгаан тээврийн хэрэгслийн дэмжлэг сул байгаа нь нөлөөлж байна.

МОНГОЛ УЛСАД УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ГОЛ НӨЛӨӨ НЬ ТЭЭВЭР

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, зам тээвэр, барилга, хог хаягдал гэсэн зургаан салбарт бууруулах зорилт тавьсан. Эдгээр зургаан салбарт нийт 16 сая тонн CO2-экв 2030 он гэхэд бууруулах боломжтой хэмээн тодорхойлсон. Эндээс уул уурхайн салбарт авах арга хэмжээ нь нүүрс экспортлох тээврийг автотээврээс төмөр зам руу шилжүүлэх, мөн нүүрстөрөгчийн давхар исэл (СО2) ялган авч, газрын гүнд булшлах нь уул уурхайн салбартай холбогдож болохоор байгаа юм. 

Манай улсын тавьсан зорилтын 17 хувийг зам тээврийн салбар эзэлж байна. Үүний 89 хувь буюу 2.4 сая тонн нь нүүрсний экспортын тээврийг төмөр замын тээвэрт шилжүүлэх юм. Тэгвэл Монгол Улсын нүүрсний олборлолт сүүлийн гурван жилд огцом өссөн. Цаашид ч өсөх хандлага үргэлжлэх төлөвтэй байна. Тодруулбал, 2026 онд нүүрсний олборлолтын хэмжээ 162 сая тонн болж өмнөх жилээс 70 гаруй хувиар нэмэгдэнэ гэж энэ жилийн ажлын төлөвлөгөөндөө компаниуд оруулсан. Энэ хэмжээ ирэх гурван жил хадгалагдах төлөвтэй байна. Ийм өндөр хэмжээний нүүрсний экспортын өсөлтийг төмөр замаар тээвэрлэж хүлэмжийн хийг бууруулах боломж бидэнд бий. Нүүрсний тээврийн хоёр гол боомт болох Гашуунсухайт, Шивээхүрэнгийн төмөр зам ашиглалтад орвол түүгээр 40 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадал нэмэгдэнэ. Ийм нөхцөлд нүүрсний тээврийн салбараас үүсэж болох СО2-ын хэмжээ хүргэлт хийх хүртэл буюу уртын тээвэр болох Тавантолгойгоос Ганцмод боомтоор тооцвол, нэг талын ачаатай тээвэр нийт 500 мянган тонн СО2-оор бууруулж болохоор байна. Энэ нь манай улсын зам тээврийн салбарт дэвшүүлсэн зорилтын 21 орчим хувьтай тэнцэнэ. Иймээс үлдсэн нүүрсхүчлийн хийг бууруулахын тулд нүүрсний боомтын гарцуудад ЗТЯ, АҮЭБЯ төдийгүй Засгийн газарт шийдэл боловсруулах хэрэгцээ шаардлага хэзээ мөдгүй үүсчихжээ. 

Монгол Улс өнгөрсөн хугацаанд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг гурван удаа баталсан. 2019 онд хоёр дахь удаагаа батлахад нүүрсний уурхайн метаныг ялган авч цахилгаан үйлдвэрлэснээр 135 мянган тонн СО2-экв буураална хэмээн тусгаж байсан. Энэ нь манай улсын нийт зорилтын 1 хувьд хүрэхгүй ч томоохон нөлөө үзүүлж болох юм. Учир нь Монгол Улс анх удаа энэ оны зургаадугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой XXXIII” БХГ-т талбайд нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ, нөөцийг бүртгэн авсан. Уг талбай нь нүүрсний экспортын голлох хувийг бүрдүүлдэг Тавантолгойн бүлэг ордод хамаардаг. Цаашлаад хэд хэдэн байршилд нэмж нөөц бүртгэгдэх боломж байна. Үүнээс хамгийн чухал нь ийм төрлийн нөөцийг ашиглахаар зэхэж буй компаниуд цахилгаан үйлдвэрлэлийн судалгаануудыг хийсэн. Тухайлбал, “Тэлмэн Ресурс” ХХК Гашуунсухайтын “Гурвантэс XXXV” төслийнхөө хүрээнд 1 МВт хүртэлх хүчин чадалтай цахилгаан станцын туршилт-олборлолт хийж буйгаа мэдэгдсэн. “Тавантолгой XXXIII” БХГ-т талбайд үйл ажиллагаа явуулдаг Jade Gas Holdings компани Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих, бие даасан байдлыг сайжруулах, эрчим хүчийг төрөлжүүлнэ гэдгээ илэрхийлсэн билээ. 

УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ ТООЦООЛДОГ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд хүлэмжийн хийн ялгарлыг сайн дурын үндсэн дээр тооцоолдог. Манай улс албан ёсоор хүлэмжийн ялгарлыг тооцох аргачлалгүй, нэгдсэн зохион байгуулалтгүй байна. Монголын зэсийн хоёр үйлдвэрийн нэг болох Оюутолгой 2025 онд хүлэмжийн хийн ялгарлын 71 хувийг цахилгаан эрчим хүч, 20 хувийг дизель түлш, найман хувийг нүүрс, нэг хувийг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байжээ. Тус үйлдвэр нь “Рио Тинто” компанийн зэсийн группт багтдаг бөгөөд тус компани 2050 онд хүлэмжийн ялгарлыг “цэвэр тэг” түвшинд хүргэх зорилттой ажиллаж байна. Хэдийгээр Оюутолгой нь “Рио Тинто”-гийн төслүүд дотроос хүлэмжийн хийн ялгаралд бага нөлөө үзүүлдэг ч толгой компанийн зорилт, бодлоготой уялдуулан 2050 онд өөрсдийн хүлэмжийн хийн ялгарлыг “цэвэр тэг” түвшинд хүргэхээр боломжит төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Рио Тинто” болон БНХАУ-ын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацтай хамтран зай хураагуур солих технологитой цахилгаан өөрөө буулгагчийн туршилтыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд 91 тонны даацтай найман ширхэг цахилгаан өөрөө буулгагч, их багтаамжийн 13 ширхэг зай хураагуур, мөн зай хураагуур солих автомат станц багтжээ. Өнгөрсөн онд Оюутолгой үйлдвэрт 30 ширхэг цахилгаан тээврийн хэрэгсэл байснаас 24-ийг гүний уурхайд ашигласан байна. Энэ жилээс эдгээр цахилгаанжуулалтын үр дүнг нэгтгэн гаргахаар төлөвлөжээ. Мөн эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах судалгааны ажлыг эхлүүлсэн байна. 

Нүүрс экспортлогч томоохон компаниудын нэг “Энержи Ресурс” ХХК 2025 оны нийт хүлэмжийн хийн ул мөр 30 сая тонн СО2-экв хүрсэн байна. Энэхүү үзүүлэлт компанийн олборлолтоос гадна нийлүүлэлтийн сүлжээ, бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой шууд бус ялгаруулалт (Түвшин 3) багтсан тул харьцангуй өндөр харагдаж байгаа юм. Харин уурхайн үйл ажиллагааны явцад үүссэн шууд хүлэмжийн хийн ялгарал 4.8 хувь буюу 1.4 сая тонныг эзэлжээ. Энэ нь өмнөх оноос 63 мянган тонноор буурсан үзүүлэлт болсон байна. Тус компани 2024 онд Монголд анх удаа нүүрс тээвэрлэх цахилгаан автомашины туршилтыг амжилттай хэрэгжүүлж, өнгөрсөн оноос Баруун наран–Ухаа худагийн чиглэлд цахилгаан автомашиныг тогтмол үйл ажиллагаанд нэвтрүүлжээ. Цаашид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор техник, технологийн шинэчлэл, нүүрстөрөгч багатай шийдлүүдийг судалж байна. Эдгээр компаниас гадна “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ч хүлэмжийн хийн ялгарлыг тооцож, тайлагнаж эхлэхээр болжээ. Иймээс АҮЭБЯ болон бусад холбогдох албаныхан уул уурхайн компаниудын нийт хүлэмжийн хийн мэдээллийг нэгтгэх нь зүйтэй. Энэхүү нэгдсэн мэдээллийг дотоод, гадаадын оролцогч талуудад зөвөөр ойлгуулж, орон нутгийн иргэдэд хуваалцаж, байгаль орчны нөлөөллийг чухалчилдаг хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахад ашиглан, уул уурхайн салбарынхаа итгэлийг сэргээх нэг боломж байна.

Майинг Инсайт сэтгүүл, 6-7 дугаар сар, 2026 №06, 07 (055, 056)