Казахстаны "Казатомпром" компани Энэтхэгийн Засгийн газартай ураны томоохон гэрээ байгуулахтай холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласныг өнгөрсөн баасан гарагт (2026.02.20) мэдэгдлээ. Тус ээлжит бус хурлын огноо хараахан тодорхой болоогүй байна.
Хувьцаа эзэмшигчид "Казатомпром" болон Энэтхэгийн Засгийн газрын Эрчим хүчний яамны харьяа Худалдан авалт, нөөцийн газар хооронд байгалийн ураны баяжмал худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах эсэхэд санал өгнө. Энэхүү гэрээг хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөн тохиолдолд тус компани Энэтхэг рүү U3O8 ураны баяжмал нийлүүлэх юм.
"Казатомпром" нь дэлхийн хамгийн том ураны нөөцийг эзэмшдэг бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 20 орчим хувийг бүрдүүлдэг. Тус компани өнгөрсөн жил 25.8 мянган тонн ураны баяжмал үйлдвэрлэсэн нь 2024 оноос 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт болсон. Харин энэ жил 2025 онтой харьцуулахад үйлдвэрлэлийг 9 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.


















