Индонезийн Засгийн газар 2026 онд дотоодын зах зээлд заавал нийлүүлэх нүүрсний хэмжээг одоогийн 25 хувиас 30 хувь болгон нэмэгдүүлэх тухай хэлэлцэж байгааг өнгөрсөн баасан гарагт (2026.02.06) мэдэгдлээ.
Түүнчлэн дотоодын төрийн өмчит цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсний тонн тутмын үнийг 70 ам.долларт хязгаарлаж байна.
Индонезийн засаг захиргаа 2025 онд бодлогын орчныг бэхжүүлэх үүднээс уул уурхайн компаниудад экспорт хийхээс өмнө дотоодын эрэлтийг нэн тэргүүнд хангах үүрэг хүлээлгэжээ. Энэхүү шаардлага нь цахилгаан, эрчим хүчний хангамж, бордооны үйлдвэрлэл болон бусад стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудад мөн хамаарах юм.
Индонез нь дэлхийн далайн замаар тээвэрлэдэг нүүрсний зах зээлийн 30-40 орчим хувийг бүрдүүлдэг томоохон нийлүүлэгч орон хэвээр байна.
2025 онд нүүрсний экспортоос 24.4 тэрбум ам.доллар олсон нь өмнөх оноос 6 тэрбум ам.доллароор буурсан үзүүлэлт болжээ. Өнгөрсөн онд нийт 390 сая тонн нүүрс экспортолсноос Энэтхэг рүү 25.6 хувь буюу 100 сая тонн, Хятад руу 20.8 хувь буюу 81.3 сая тонныг тус тус нийлүүлсэн. Гэсэн хэдий ч нүүрсний үнэ унаснаас болж 2024 онтой харьцуулахад Энэтхэг рүү экспортолсон нүүрсний орлого 20.2 хувь, Хятад руу 30.2 хувиар тус тус буурчээ.























