Ерөнхий сайд Г.Занданшатар болон хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөл хооронд харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр (2026.02.10) гарын үсэг зурлаа.
Уг үйл ажиллагааг нээж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Байгалийн баялгийн 50+1 хувь ард түмэнд ногддог байх Үндсэн хуулийн заалтыг эхлүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Баялагтаа Эзэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2007 онд батлагдсан АМтХ-ийн 5.4-т заасан стратегийн ордуудын 34-50 хувийг төр эзэмших гэсэн заалтыг бодит ажил болгох зорилгын хүрээнд гарын үсэг зурахаар энд цуглалаа.
Өмнө нь компаниудтай ойлголцолд хүрэх гэж ирсэн. Олон жил яригдсан боловч тодорхой ойлголцолд хүрээгүй. Энд цугласан болон хүрэлцэн ирж амжаагүй хувийн ААН-ийн төлөөлөлтэй ойлголцох хүрээнд Ажлын хэсэг гарч ажилласны үр дүнд өнөөдөр тохиролцоонд хүрч байна" гэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар "2025 оны наймдугаар сараас хойш компаниудтай 10 удаагийн хэлэлцээ, техникийн уулзалтыг зохион байгуулсан. Дээрх компаниудтай суурь зарчмыг харилцан тохиролцож, үр дүнд хүрсэн гэдгийг батлах үүднээс харилцан ойлголцсон гэдэг баримт бичигт гарын үсэг зурлаа.
Энд дурдсан гол зүйл бол АМтХ-ийн 5.4-т, Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу стратегийн орд газрын 51-ээс дээш хувь, дийлэнх нь ард иргэдэд ногдуулж байхаар буюу санамж бичигт 60 хувийг ард түмэнд ногдож байхаар тохирсон. 60 хувиас доош тохиолдолд тохируулагч төлбөр буюу баялгийн татвар төлж байхаар боллоо. 60 хувь гэдэг бол үнийн хэлбэлзлээс шалтгаалж дээш, доош байж болно. Үүнийг үргэлжлүүлэн нарийн хэлэлцээрт орж тооцох ёстой. Цаашид төрийн эзэмшлийн хувийг тогтоох, эсхүл тусгай АМНАТ-өөр орлуулах, олон улсын түүхий эдийн дүнтэй уялдуулж тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ. Засгийн газар хэлэлцээний үед хувийн хэвшлийн компаниудын санал бодлыг нээлттэй сонсож, үйл ажиллагаанд аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байх, гэхдээ төр-хувийн хэвшлийн харилцан түншлэлийг барьж ажиллана. Төрөөс хайгуул хийж, нөөцийг тогтоосон үр өгөөжийг төр авч, ард түмэнд хүртээх нь Үндсэн хуулийн суурь зарчим. Энэхүү хэлцлийн гол зарчим бол Үндсэн хуулийг хэрэгжүүлэх явдал юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлж байгаа компаниуд сайн жишиг тогтоож байна" гэв.





















