2026 оны Өвлийн олимпын XXV наадам Италийн Кортина хотноо өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн спортын их наадамд дэлхийн 90 гаруй орны 3500 орчим тамирчин өрсөлдөнө.
Тамирчдын хувьд медаль үнэлж баршгүй зүйл бол Олимпын медаль байдаг. Milano Cortina-ийн албан ёсны вэбсайтад мэдээлснээр, 2026 оны медалиудыг дахин боловсруулсан металл болон сэргээгдэх эрчим хүч ашиглан урлажээ.
Мөнгөн медалийн хувьд мөнгө, хүрэл медалийг зэсээр, сонирхолтой нь алтан медалийг голчлон алтаар бус харин мөнгөөр хийдэг байна.
Олон улсын Олимпын хорооны техникийн шаардлагын дагуу алтан медаль нь ойролцоогоор 500 гр бүхий 999 сорьцын цэвэр мөнгө болон 6 гр бүхий 9999 сорьцын цэвэр алт агуулсан байх ёстой. Мөнгөн медаль нь алтан медальтай адил хэмжээний мөнгө, хүрэл медаль нь ойролцоогоор 410 гр зэс агуулдаг.
Өнгөрсөн долоо хоногт дээд амжилтаасаа огцом буурсан ч алт, мөнгө, зэс өмнөх өвлийн олимпын наадмуудаас өндөр түвшинд арилжаалагдсаар байна. Зах зээл дээр унц алт 4800 ам.доллар, унц мөнгө 80 ам.доллар, тонн зэс 13000 ам.доллар үнэтэй байна. Энэ ханшаар тооцоолбол, энэ удаагийн Өвлийн олимпын алтан медаль ойролцоогоор 2212 ам.доллар, мөнгөн медаль 1286 ам.доллар байх нь.
Өвлийн олимпын XXV наадмаар нийт 735 медаль (алт, мөнгө, хүрэл 245 багц), 411 паралимпийн медаль буюу хоёр төрөлд нийт 1146 медаль олгох аж. Зах зээлийн одоогийн үнээр бүх медалийн нийт үнэ цэн 1.3 сая ам.доллар давахаар байна.
Харьцуулбал, 2022 онд олон улсын зах зээл дээр алтны ханш 1900 ам.доллар байсан үед Бээжингийн өвлийн Олимпын алтан медаль 736 ам.доллар үнэ цэн бүхий металл агуулжээ.

















