Монгол Улсын геологийн чадавх, дэлхийн ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээнд эзлэх байр суурь эртнээс хүлээн зөвшөөрөгдсөн

Жил бүрийн гуравдугаар сарын эхэнд PDAC буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооны чуулган Канад Улсын Торонто хотод болдог билээ. Майнинг Инсайт сэтгүүл дөрөв дэх удаагаа энэхүү чуулганы албан ёсны хэвлэл мэдээллийн түнш болсон мэдээ дуулгахад таатай байна. Чуулганы өмнөхөн тус холбооны Ерөнхийлөгч Карен Рийстэй хийсэн Майнинг Инсайтын ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Карен Рийсийн тухай уншигчдадаа товчхон танилцуулахад, тэрбээр 37 жилийн турш Канадын ашигт малтмалын хайгуул салбарт ажилласан мэргэжлийн геологич бөгөөд Канадын хайгуулч, олборлогчдын холбооны Ерөнхийлөгчөөс гадна Онтарио, Квэбэк, Манитоба мужид байрлах гурван жижиг хайгуулын төслийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажилладаг мэргэжилтэн билээ.

90 гаруй жилийн түүхтэй PDAC чуулган олон улсын хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Та үүний урт хугацааны нөлөөллийг хэрхэн тодорхойлох вэ?

Бид жил бүр Торонтод зохион байгуулдаг Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC) ны чуулганаар дамжуулан ашигт малтмалын хайгуул болон уул уурхайн салбарынхныг нэг дор цуглуулж чаддаг гэдгээр бахархдаг. Цаг хугацааны явцад PDAC-н нөлөө нь салбарын бүх оролцогчдод төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын шийдвэр, бодлого тодорхойлолтын талаар шууд, бодитой, үр дүнтэй хэлэлцэх итгэлцэлтэй орчныг бүрдүүлж ирсэн. Эдгээр яриа хэлэлцээ маш чухал. Учир нь PDAC дээр тогтсон холбоо нь хөрөнгө хаашаа чиглэх, төслүүд хэрхэн урагшлах, мөн улам бүр өрсөлдөөнтэй болж буй орчинд улс орнууд хэрхэн байр сууриа эзлэх зэрэгт бодитой нөлөө үзүүлдэг.

Таны удирдлага дор PDAC ирэх жилүүдэд ямар стратегийн чиглэл, тэргүүлэх зорилтуудыг баримтлах вэ?

Гол анхаарал Канадыг ашигт малтмалын хайгуул төдийгүй бусад уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, уул уурхайн төслүүдийг хариуцлагатайгаар хөгжүүлэхэд өрсөлдөх чадвартай хэвээр байлгахад чиглэнэ. Хөрөнгө оруулалтын эрчийг хадгалах нь бодлогын тодорхой, тогтвортой байдлаас ихээхэн хамаардаг. Ялангуяа ашигт малтмалын хайгуулын салбарт тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бодлогын орчин зайлшгүй шаардлагатай байдаг. Манай нэн тэргүүний зорилт бол урт хугацааны хөрөнгө оруулалтын тодорхой байдлыг хангах явдал юм. Үүнд хөрөнгө оруулалтын хүртээмжийг сайжруулах, давхардсан зохицуулалт, саатлыг багасгах, зөвшөөрлийн үйл явцыг хялбарчлах, олон нийтийн гео шинжлэх ухаан болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх зэрэг орно. Хариуцлагатай хайгуул нь энэ ажлын гол цөм байх юм. Салбарын санаачилгаар боловсруулсан Хариуцлагатай хайгуулыг жолоодох зэрэг практик, салбарт чиглэсэн хэрэгслүүд нь компаниудад эрсдэлийг удирдах, байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээг бэхжүүлэх, уугуул иргэдтэй хүндэтгэлтэй, урт хугацааны харилцаа холбоо тогтооход тусалдаг. Авьяас чадвартай хүний нөөц бол стратегийн бас нэг чухал хэсэг. Дараагийн үеийн ажилчдыг татах, оюутнууд болон карьерын эхэн үеийн мэргэжилтнүүдийг салбарт хөл тавихад чиглүүлэх, ажил олгогчидтой холбогдох боломжийг олгох, урт хугацааны тогтвортой карьер бүтээхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх нь салбарын ирээдүйд шийдвэрлэх ач холбогдолтой юм.

2026 оны 94 дэх удаагийн PDAC чуулган юугаар онцлогтой байх вэ?

PDAC 2026 дэлхийн өнцөг булан бүрээс 27 мянга гаруй оролцогч хүлээн авсан амжилттай жилийн дараа болох гэж байна. 94 дэх удаагийн чуулганы арга хэмжээ нь түүхэн дэх хамгийн том үзэсгэлэн болно. Энэ жил анх удаа Metro Toronto Convention Centre-гийн Хойд барилгыг бүхэлд нь хамарч, нийт 1300 гаруй үзэсгэлэн гаргагчид оролцоно. Энэ удаагийн чуулган өргөн хүрээний хөтөлбөртэй байх бөгөөд салбарын ахлах түвшний удирдлагууд, бодлого боловсруулагчид өнөөгийн хамгийн чухал сэдвүүд болох хөрөнгө оруулалт, ханган нийлүүлэлтийн сүлжээ, бодлогын тогтвортой байдал зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн чуулганы гол үнэ цэн нь холбоо, харилцаанд оршдог. Эндээс эхлэх яриа хэлэлцээр Торонто хотод үргэлжлэх чуулганы дөрвөн өдрөөр хязгаарлагдахгүй, түүнээс цааш ч бодит нөлөө үзүүлсээр байдаг.

Энэ удаагийн чуулганы хөтөлбөрт критикал минерал болон ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хэрхэн тусгасан бэ?

Цахилгаанжуулалт, эрчим хүчний систем, дэд бүтэц, дэвшилтэт үйлдвэрлэлд улам бүр ач холбогдолтой болж байгаа тул критикал минерал, түүний ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал нь PDAC 2026 чуулганы хөтөлбөрийн бүх хэсэгт шингэсэн сэдэв байх болно. Эдгээр асуудлыг нэг тусгай сэдэвт хязгаарлахын оронд, олон төрлийн хөтөлбөрийн хүрээнд авч үзэж байгаа нь хайгуул, хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлэлтийн шийдвэрт хэр чухал болохыг харуулж байгаа хэрэг юм. Хэдхэн жишээ дурдахад, Техникийн хөтөлбөрт “Ил харагддаг ч анзаарагдахгүй үлдсэн нь: Үндсэн металлаас критикал минералыг гаргаж авах нь” сэдэвт илтгэл одоо байгаа орд, боловсруулалтын процессууд ирээдүйн нийлүүлэлтийг хэрхэн дэмжиж болохыг авч үзнэ. Мөн Хөрөнгийн зах зээлийн хөтөлбөрт “Металлын хангамжийн аюулгүй байдал: Гео улс төрийн эрсдэлийг бууруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, дэлхийн эрдэс баялгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлж буй хөрөнгө оруулалт болон бодлогын хүчин зүйлсийг хэлэлцэнэ. Үүнээс гадна Богино хугацааны сургалтын хөтөлбөр нь эдгээр асуудлыг “Гүн ба гүехэн порфирын зэсийн ордуудын геологи ба хайгуулд үзүүлэх нөлөө” зэрэг сэдвүүдээр авч үзэж, урт хугацааны нийлүүлэлтийн үндэс суурь болсон геологийг онцлох болно.

PDAC-т улс орнуудын Засгийн газрын оролцоо нэмэгдэж байгааг та ажигласан уу?

Тийм, сүүлийн жилүүдэд PDAC–т улс орны болон орон нутгийн Засгийн газруудын оролцоо тогтвортой нэмэгдэж байна. Энэ нь эдийн засагт үзүүлэх ашигт малтмалын нөлөө өссөн, эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэрийн бодлогод стратегийн ач холбогдолтойг харуулж байна. PDAC нь салбарын жил тутмын хамгийн чухал уулзалтын талбар бөгөөд бодлого, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүд идэвхтэй хэлбэржиж байдаг тул засгийн газрууд энд оролцохын үнэ цэнийг хүлээн зөвшөөрч байна.

Монгол Улс ашигт малтмалын хөрөнгө оруулалт татах боломжийг та хэрхэн үнэлж байна вэ?

Монгол Улсын геологийн чадавх, дэлхийн ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээнд эзлэх байр суурь эртнээс хүлээн зөвшөөрөгдсөн. 

PDAC-т тасралтгүй оролцож байгаа нь, түүний дотор “Монголын өдөр” зэрэг санаачилгууд нь олон улсын хөрөнгө оруулагчид, түншүүдийг татан оролцуулах тодорхой зорилт, тууштай байдлыг илтгэж байдаг. 

PDAC нь эдгээр давуу талыг танилцуулах, бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг хуваалцах, шийдвэр гаргагчидтай шууд уулзах үнэ цэнтэй боломжийг олгодог. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр яриа хэлэлцээ нь итгэлцлийг бэхжүүлж, Монгол Улсыг хайгуул, төсөл хөгжүүлэлтийн хувьд өрсөлдөх чадвартай чиглэл болгоход бодитой дэмжлэг болдог.

Ашигт малтмалын хайгуулын салбар дахь дэлхийн хөрөнгө оруулалтын өнөөгийн орчныг та хэрхэн тодорхойлох вэ?

Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын идэвх илүү сэргэж байна. Түүхий эдийн үнэ чангарч, цахилгаанжуулалт, дэд бүтэц, эдийн засгийн өсөлтөд шаардлагатай эрдэс баялагт анхаарал хандуулж байгаа нь дэмжлэг болж байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчид өрсөлдөх чадвар, зохицуулалтын хугацаа, бодлогын тогтвортой байдалд анхаарал хандуулсан хэвээр байна. Хайгуулын компаниуд хөрөнгө оруулалтын хүртээмж, зөвшөөрөл олголтын нарийн төвөгтэй байдал зэрэг бодит бэрхшээлтэй тулгарсаар байна. Тийм ч учраас урьдчилан таамаглах боломжтой зохицуулалтын орчин, хөрөнгө оруулалтыг дэмжих нь маш чухал. PDAC нь эдгээр яриа хэлэлцээг нээлттэй хийх, урт хугацаанд хөрөнгө оруулалтыг дэмжихэд юу шаардлагатай байгааг тодорхойлох чухал талбар болж өгдөг.

Канад улс критикал минералын хайгуулыг түргэтгэх, ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд чиглэсэн сүүлийн үеийн ямар санаачилгууд гаргасан бэ?

Холбооны Засгийн газар 2025 оны төсөвт критикал минералын хайгуул, хөгжүүлэлтийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг тусгасан. Тэдгээрээс хамгийн онцлох төсөл нь компаниудад стратегийн хөрөнгө оруулалт хийх, санхүүжилтийн дутагдлыг нөхөх, ханган нийлүүлэлтийн сүлжээний тэргүүлэх төслүүдийг урагшлуулах зорилгоор хоёр тэрбум канад долларын “Критикал минералын төрийн хөрөнгө оруулалтын сан” байгуулах амлалт юм. Төсөвт мөн батлан хамгаалах, хагас дамжуулагч, эрчим хүч, цэвэр технологид зайлшгүй шаардлагатай нэмэлт элементүүдийг багтаасан эрдсийн жагсаалтыг нэмж, криткиал минералын хайгуулын татварын хөнгөлөлтийг өргөжүүлсэн. Эдгээр арга хэмжээ нь анхан шатны хайгуулд хувийн хөрөнгө оруулалтыг татах, критикал минералын сүлжээг хангахад Канадын гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх зорилготой юм.

Канад уул уурхайгаас олсон орлогыг олон нийт болон орон нутгийн хөгжилд хэрхэн хуваарилдаг вэ?

Канадад ашигт малтмалын хөгжил нь ажлын байр бий болгох, татварын орлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, мөн уугуул иргэд болон орон нутгийн иргэдтэй урт хугацааны түншлэлээр дамжуулан олон нийт, орон нутагт үр өгөөжийг бий болгодог. Уул уурхайн орлого нь нийтийн үйлчилгээний санхүүжилтийг дэмждэг бол төслүүд өөрөө орон нутгийн түвшинд тогтвортой эдийн засгийн боломжуудыг бүрдүүлдэг. Төслүүдийг хариуцлагатай, оролцогч талуудтай хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлсэн тохиолдолд эдгээр өгөөж нь олборлолтын хугацаагаар хязгаарлагдахгүй, цаг хугацааны явцад илүү бат бөх, тогтвортой орон нутгийг дэмжих боломжтой юм.

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар, 2026 №01 (050)