Г.Дамдинням: Олон жил гацсан ашигт малтмал, газрын тосны хуулиудыг урагшлуулна

Эрдэс баялгийн салбарт хүлээгдэж буй хууль эрх зүйн орчны гол шинэчлэлүүд урагшилж буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцоллоо. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл Засгийн газарт ороход бэлэн болж буй бол Газрын тосны хуулиудын өөрчлөлт ид боловсруулагдаж байна. УИХ-ын босгыг удахгүй давах эдгээр хууль, эрхзүйн орчны өөрчлөлтийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай Майнинг Инсайт-ын Н.Ариунтуяа ярилцлаа.

УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БУЙ ОРОН НУТАГТ АМНАТ-ИЙГ ИЛҮҮ ХУВААРИЛДАГ БОЛНО

Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгүүд АҮЭБЯ дээр байгуулагдан ажиллаж байгаа. Эдгээр үйл явц ямар үе шатандаа явж байна вэ?

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлэн болсон. Яамны дэргэдэх Бодлогын зөвлөл болон мэргэжилтнүүдийн хүрээнд бэлтгэгдээд, одоо Сангийн яам болон ХЗДХЯ-нд үзэл баримтлалыг батлуулахаар өгөөд байна. Оноос өмнө Засгийн газраар оруулж, УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Ажлын хэсэг ажиллаж байгаа. Бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн л удахгүй өргөн барихаар төлөвлөж байна.

Есдүгээр сард тантай ярилцлага хийхэд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах чиглэлүүдийг нэлээд тодорхой ярьсан. Түүнээс хойш томоохон өөрчлөлт гарсан уу? Өөрчлөгдсөн бол юуг, яаж өөрчилж байгаа вэ?

Нэг их өөрчлөгдсөн зүйл байхгүй. Дахин сануулж хэлэхэд нэгдүгээрт, өвөг дээдсээсээ үе уламжлан хэдэн зуун жилээр нутаглаж ирсэн газар орноо ашигт малтмалын зориулалтаар ашиглуулж байгаа нутгийн ард иргэдэд АМНАТ-ийг түлхүү хуваарилдаг болох бодлогыг хуулийн төсөлд суулгасан. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутаг, аймаг, суманд АМНАТ ийн хуваарилалтыг шууд хийж, тэр хуваарилалтын дагуу орон нутгийн засаг захиргаа асуудлаа шийдвэрлээд явдаг болох зохицуулалт хуульд оруулж байгаа. Энэ нь газар нутгаа хөндүүлж буйн хувьд нөлөөлөлд өртсөн нутаг орны иргэдэд илүү боломж олгохыг зорьсон зохицуулалт. Нөгөө талаараа, уул уурхайн үйлдвэрлэл явагддаггүй аймаг орон нутагт АМНАТ-ын хуваарилалт нь арай бага байх зохицуулалт хийгдэнэ. Хоёр дахь гол өөрчлөлт нь зэсийн АМНАТ-ийг бууруулах төлөвлөлт оруулсан. Гуравт, чухал ашигт малтмалын зохицуулалтыг тодорхой болгохоор тусгасан. Дөрөвдүгээрт, стратегийн ач холбогдол бүхий орд гэдэг томьёоллыг нэлээд тодорхой болгох агуулгууд хуульд орсон. Хууль хэлцэгдээд эхлэхээр олон нийтийн хэлэлцүүлгийг хийгээд явна.

Стратегийн ач холбогдол бүхий орд гэдэг томьёоллын өөрчлөлтийг илүү тодруулж тайлбарлахгүй юу?

Байгалийн баялаг бол заяагдмал нөөц. Тэрхүү заяагдмал нөөцийн татвар болох АМНАТ-ийг уул уурхайн компаниуд том, жижгээс үл хамааран бүгд төлдөг байх ёстой. Ингэвэл АМНАТ-ийн орлого буюу Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн орлого хоёр дахин өснө. Энэ хоёр дахин өсөж орж ирэх орлогоор уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа орон нутгийн хөгжил дэвшлийг дэмжинэ гэсэн бодлого явж байгаа.

Чухал ашигт малтмалын тухай анхдагч хуулийн төслийг Б.Уянга гишүүний ахалсан Ажлын хэсэг боловсруулсан. Энэхүү хуулийн агуулгыг Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэгтгэж байгаа юм байна. Үндэслэл шалтгаан нь юу вэ?

Тийм ээ. Б.Уянга нарын гишүүдийн боловсруулсан Чухал ашигт малтмалын тухай хууль нь АМтХ-ийн нэг хэсгийн агуулга, үзэл баримтлалтай таарч байгаа. Засгийн газар болон салбарын яамны зүгээс Ажлын хэсгийн гишүүдтэй ойлголцоод хуулиа нэгтгэе, Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төсөлдөө суулгая гэж тохиролцсон. Засгийн газраас УИХ-д өргөн барих үеэр Б.Уянга тэргүүтэй гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бүрэн хэмжээнд хариуцаад явъя гэсэн чиглэлтэй ажиллаж байна.

Хэдийгээр цөөхөн зүйл заалттай боловч дагаж орох бусад хуулийн өөрчлөлтөөс томоохон өөрчлөлтүүд гарахаар санагдсан. АМтХ-ийн төсөлд нэгтгэчихээр нэмэлт, өөрчлөлтийн цар хүрээнээс халихгүй юу?

Халихгүй.

ГАЗРЫН ТОС НЬ ХАТУУ АШИГТ МАЛТМАЛТАЙ ИЖИЛХЭН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЯВНА, ГЭХДЭЭ БХГ БАЙГУУЛАХ БОЛОМЖ НЬ ҮЛДЭНЭ

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа гол шалтгаан нь юу вэ?

Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь дотоодын хайгуулыг нэмэгдүүлэх, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хангах хэмжээнд олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Тиймээс дотоодын шатахууны аюулгүй байдлыг хангах зорилгоор өөрчлөлтүүд хийгдэнэ. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй байхаар өөрчлөлтийг зохион байгуулж байгаа. Дэлхий нийтээр газрын тос дээр тусгайлан хийдэг Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) зэрэг арга, загварчлалыг манайх хуульдаа хэрэглэдэг байсан. Гэвч сүүлийн үед газрын баялаг гэдэг утгаар нь газрын тос дээр хатуу ашигт малтмалтай ижилхэн зохицуулалт хэрэглэдэг болж байна. Ингэж байж хөрөнгө оруулалтын орчин таатай болж ирдэг. Газрын тос бол уул уурхайгаас хэд дахин өндөр хөрөнгө оруулалт шаарддаг том салбар. Манай Газрын тос боловсруулах үйлдвэр 1.5-1.7 сая тонн түүхий тос хэрэглэх хүчин чадалтай. Эндээс гарсан бүтээгдэхүүнүүдийг дундажлаад авч үзвэл дотоодын хэрэгцээний 50 хувийг хангах тооцоолол бий. Зарим бүтээгдэхүүн нь 100 хувь, 80 хувь, 50 хувь гэхчлэн янз бүрийн хэмжээнд байгаа. Манай одоогийн олборлолтын хэмжээ 500 мянга орчим тонн. Үүнийг гурав дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймд хөрөнгө оруулагчдыг татах асуудлыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдэхийг зорьж байна.

Тэгвэл Бүтээгдэхүүн хуваах гэрээний бүтэц бүрэн өөрчлөгдөнө гэсэн үг үү? Төрийн оролцоо, өгөөжийн хувь яаж өөрчлөгдөх вэ?

Хуулиараа хатуу ашигт малтмалтай ижилхэн зохицуулалттай явна. Гэхдээ БХГ байгуулах боломж нь үлдэнэ. Нэг ёсондоо аж ахуйн нэгж өөрөө сонгох нөхцөлийг бүрдүүлнэ. Ер нь БХГ бол Индонез улсад анх үүссэн загвар. Тухайн үедээ ашигтай хувилбар байсан боловч өнөөдөр ашиггүй болж хувираад байна. Бусад улс орны алдаа оноо, туршлагыг харсны үндсэн дээр Монгол Улсдаа илүү ашигтай хувилбараар хуулиа өөрчилж байгаа.

Хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, гадны компаниудыг татах шинэ зохицуулалтууд нь яг юу байх вэ?

Тогтвортой байдлыг олгох тухай зохицуулалт хийгдэнэ. Одоогоор ид бэлтгэгдээд явж байна. Олон нийтийн хэлэлцүүлэг эхлэхээр хуулийн үзэл санаа дэлгэрэнгүй яригдах байх. Судлаачид, бизнес эрхлэгчдийнхээ санаа бодлыг тусгаад явна.

Ашигт малтмалын болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын суурь хандлага нь юу вэ? Төрийн оролцоог оновчтой болгох уу, ил тод байдлыг нэмэгдүүлэх үү, эсвэл орлогын хуваарилалтыг оновчтой болгох уу?

Салбарын хоёр гол хуулийн нэмэлт, өөрчлөлт нь зах зээлийг дэмжих, төрийн оролцоог бууруулах, шаардлагатай үед төрийн оролцоог зөв байлгах зохицуулалтууд хийхэд чиглэж байгаа. Гадны хөрөнгө оруулалт татах, шинэ мөнгө оруулж ирэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, хайгуул судалгааны ажлаа чөлөөлж, хөрөнгө оруулагчдыг татах бодлого явна. Үр дүнд нь хөрөнгө оруулагчдад ээлтэй гэсэн сигнал очно гэж найдаж байна.

Таны хувьд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, батлууллаа. Хуульчилж шийдвэрлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага нь юунд байсан юм бэ?

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай тусгайлсан хуулийг гаргаж байгаа нь импортыг нэмэгдүүлэх, орж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүний агуулах, савны хэмжээг томруулах, хадгалах чадварыг нэмэгдүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой. Яаралтай горимоор батлагдсан энэ хуулиар бид Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 3-6 сарын нөөцийг хадгалах нөөцийн сав, агуулахтай болно гэсэн зорилтыг биелүүлнэ. Үүний тулд тусгайлсан зээл гаргаж, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэнээр агуулах савыг нэмэгдүүлэх юм. Төр оролцохгүй, хувийн хэвшлээр хийлгэнэ. Хийлгэхдээ үнэгүй, сул мөнгө өгөхгүй. Бизнесийн зарчмаараа явна. Манай газрын тосны хэрэглээ уул уурхай, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр жилдээ 15-20 хувийн өндөр өсөлттэй байна. Агуулах, савны багтаамж хүчин чадал энэ өсөлтийг гүйцэхгүй байна. Их хэмжээгээр, олон сараар захиалах санхүүгийн чадавх аж ахуйн нэгжүүдэд байхгүй тул учраас төрөөс зохицуулахаас аргагүй байна. Одоогийн байдлаар бид сар болгон захиалга өгдөг. Уг нь 3-6 сарын захиалга өгч байж үнэ болон нийлүүлэлтийн тогтвортой байдал хангагдана. Шатахууны хувьд бид 100 хувь гаднаас хамааралтай. Импортын 95 хувь ОХУ-аас орж ирдэг. Хоёр дахь эх үүсвэрийг нээгээд, БНХАУ-аас шатахуун авах гэрээ хэлэлцээр хийснээр эхний шатахуунуудыг хүлээн авч байгаа. Гэхдээ аль аль улс нь нөөцийн саваа нэмэгдүүлж, их хэмжээний захиалга хийж, авч хадгалаач гэдэг шаардлагыг бидэнд тавьж байгаа. Тэд, манай улсын дотоодын зах зээлд хөдөлгөөнд ороход танай улс дагаж хөдлөөд байна шүү дээ, нөөцлөөч гэдэг. Энэ нь ч зүй ёсны санал. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд орж батлагдсан 3-6 сар хадгалдаг болно гэсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Хоёрдугаарт, Монгол Улсад байгаа 1800 гаруй ШТС, Улаанбаатарт байгаа 280 ШТС-уудад ямар бараа бүтээгдэхүүн, ямар чанартай байдгийг бид хянаж, удирдаж, зохицуулж чаддаггүй юм байна. Ямар үед онцгой нөхцөл үүссэн гэж үздэгийг мэддэггүй юм байна. Ямар шалгуур үзүүлэлт тавих, ямар түвшинд авч үзэх талаар ойлголт алга. Энэ бүгдийг тодорхой болгоё. 35 жил хийгдээгүй бодлогын өөрчлөлтийг эрс зоригтойгоор хийе гэсэн зорилготой ажиллаж байна. Хуульчлах шаардлагын тухайд аж ахуйн нэгжүүдэд үүнийг хий гэдэг үүрэг даалгавар өглөө гэхэд багадаа 2-3 жил, цаашлаад 4-5 жилд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж дийлэхээргүй байна. Жишээлэхэд, нэг сарын хэрэглээг хангах шатахууны нөөц бүрдүүлье гэхэд 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй. Тийм хэмжээний мөнгийг агуулах саванд хийчихээд, эргэлтийн хөрөнгөгүй гацчихвал хэцүү байдалд орно. Төр хийе гэхээр Улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр тийм эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй. Дээрээс нь газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахуун нь ууршдаг онцлог бүтээгдэхүүн. Ууршилт дээр нэмээд хулгай зэлгий их явдаг юм байна. Тиймээс бизнесийн горимор нь явуулахаас өөр гарцгүй. Монголбанкнаас репо санхүүжилтийг арилжааны банкуудад өгнө. Арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг үнэлээд, боломжит хэмжээнд нь зээл олгох зохицуулалт хийгдэнэ гэсэн үг.

Тэгвэл хуулийн үр нөлөө нь хэзээ гарах бол?

Хоёр жилийн дотор эхний үр дүнд хүрнэ. Байгаа нөхцөл маань биднийг ийм байдалд хүргэсэн байна. Урт удаан хугацаанд хуримтлагдсан асуудлыг ажлаа аваад таван сар болж байгаа хүн бүрэн шийднэ гэдэг амаргүй. Гэхдээ зовлон тоочиж, өмнөхөө муулах юм алга. Байгаа нөхцөлдөө тохируулж ажиллаад ирсэн хэрэг. Миний хувьд урт хугацааны бодлогын шинэтгэлийг хийж байна гэж харж байгаа.

Ярилцсанд баярлалаа.

Майнинг Инсайт сэтгүүл, Арваннэгдүгээр сар 2025.