“Иннова Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир газрын тосны хямрал, түүнээс үүдсэн түүхий эдийн эрэлт, тэр дундаа литийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2025 онд Оксфордын Их Сургуулиас эрчим хүчний шилжилтэд хэдэн зэсийн уурхай хэрэгтэй вэ гэсэн судалгаа гаргасан. Энэхүү судалгаанд цөмийн эрчим, цахилгаан тээвэр, холимог хөдөлгүүрт тээвэр, далайн эргийн салхин станц, нарын хавтан, батарей хуримтлуур гэсэн олон янзын хувилбараар эрчим хүчний шилжилт явагдвал жил бүр 0.97 дэлхийн хэмжээний уурхай нээгдэх шаардлагатай байна. Энэ бол өөдрөг төсөөлөл, харин цахилгаан тээвэр, далайн эргийн салхин станц зэрэг зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг голлосон тохиолдолд 2050 он хүртэл жил бүр 2.36 уурхай нээгдэх хэрэгцээ үүсэхийг тооцоолсон.
АНУ хоёрдугаар сарын 28-нд Иран руу довтолж, Иран хариуд нь Хормузын хоолойг хаасан. Гэхдээ бүрэн хаагаагүй, Ирантай сайн харилцаатай хөлөг онгоц нэвтэрч байна. Үүний хариуд дөрөвдүгээр сараас АНУ Ираны коридорын бус хэсэгт хаалт хийлээ.
Ойрх Дорнодын хямралын өмнө Хормузын хоолойгоор өдөрт 120-150 хөлөг онгоц гарч байсан. Харин хямралын дараагаас 10 дахин буураад байна. Хормузын хоолойгоор дэлхийн нийт газрын тосны хэрэглээний 20 хувь нэвтэрдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн 18 хувь нь өнөөдрийн байдлаар зогссон. Үүнийг дагаж газрын тосны үнэ өссөн. Бидэнд газрын тосны хямралын нөлөө харьцангуй бага ч алгуур нөлөөлөхөөр байна.
Хормузын хоолойгоор дамжсан газрын тос эцсийн хэрэглэгчид 2-3 сарын дараа очдог. Дөрөвдүгээр сарын эхээр Африкийн улсуудад газрын тосны бүтээгдэхүүн авах гэсэн иргэдийн дараалал нэмэгдсэн. Хормузын хоолойгоор нэвтэрдэг газрын тосны бүтээгдэхүүн хамгийн түрүүнд Африк тивийн зүүн эрэгт хүрдэг. Ингээд Европ, Америк, тэгээд Ази руу очдог. Одоо дэлхий нийт 2-3 сарын өмнө Хормузын хоолойгоор гарсан газрын тосыг хэрэглэж байна.
Олон улсад эрчим хүч гэдэгт газрын тос болон цахилгаан үйлдвэрлэлийг багтаадаг. Хямрал үргэлжлэх тусам зах зээлд бүтцийн өөрчлөлт орж эхэлнэ. Яагаад гэхээр удах тусам хамаарлаас салахыг хичээдэг. Нэг талаар газрын тосны үнэ нэмэгдэх тусам хэрэглээг багасгах, нөгөө талаар ханган нийлүүлэлтийн бүтцэд өөрчлөлт орж эхэлнэ. Тухайлбал, Оросоос авдаггүй байсан бол зарим хэсгийг авах шийдлийг гаргаж ирнэ.
1970-аад оны газрын тосны хямралаас үүдэн цөмийн эрчим хүч олон улсад хүчтэй түрж орж ирсэн. Түүнээс өмнө газрын тос шатааж эрчим хүч гаргаж авах байдал түгээмэл байсан. Эрчим хүчний хямрал болоход нүүрсийг сонгож эхэлдэг. Үүн дээр нэмэгдэж сэргээгдэх эрчим хүч, батарей, эрчим хүчний ухаалаг сүлжээний эрэлт хурдасна. Газрын тосны хямрал удах тусам нүүрс, цөмийн эрчим хүч буюу уран, чухал ашигт малтмалын эрэлтийг нэмэгдүүлж, заримынх нь хөгжлийг түргэтгэхээр байна.
Дэлхийн зарим улс орнуудын эрчим хүчний үйлдвэрлэлд газрын тосны оролцоо 50 хүртэлх хувийг эзэлдэг. Дайн эхлэхийн өмнө газрын тос 67-80 ам.долларт, одоо 80-100 ам.долларт хэлбэлзэж байна. Японы эрчим хүчний үйлдвэрлэлд газрын тосны эзлэх хувь тав орчим байдаг. Эзлэх хувь бага боловч үйлдвэрлэдэг эрчим хүч 44 ГВт-д хүрдэг. Том зах зээлд газрын тосны хэрэглээ өндөр байна.
Уул уурхайн бүтээгдэхүүн зах зээлийн уур амьсгалыг дагадаг. Гуравдугаар сарын эхэн үетэй харьцуулахад сарын сүүлээр бүх зах зээл унасан. Дэлхийн эдийн засаг удаашрах хандлагаас үүдэн түүхий эдийн зах зээл сайнгүй байна. Хямралаас үүдэн хөрөнгө оруулалт багасвал хөрөнгө оруулалтын татах гэсэн эрмэлзэл улс орнуудын дунд ихсэж, илүү нээлттэй бодлого баримталж эхэлдэг.
Хятадын Венесуэл, Ойрх Дорнод, Африк руу чиглэсэн хөрөнгө оруулалт багасаж, Ази-Номхон далайн бүс нутаг руу шилжих магадлалтай. Энэ нь манай улсад нааштай мэдээ байж болох юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол, Хятадын хооронд төр-төрийн хамтрал явагдсан ч хувийн хэвшил-хувийн хэвшил, эсвэл манай хувийн хэвшил рүү чиглэсэн хөрөнгө оруулалт бага байсан. Харьцангуй жижиг уул уурхайн төслүүд явж ирсэн байдал өөрчлөгдөх болов уу.
Бид эдийн засгийг солонгоруулах тухай ярьдаг. Энд нүүрсний салбараас гадна түүний хэмжээнд очих нь зэс, үүний дараагаас уран, алт, мөн мэргэжлийн үйлчилгээний салбарыг нэрлэж болох байна. Аж үйлдвэрийн салбар технологи, хүний нөөцөд тулгуурлаж хөгждөг.
2016-2017 онд эрчим хүчний шилжилтийн анхны өндөр хандлага гарч эхэлсэн. Анхны батарейнууд үүсэж, CATL-ын анхны загварууд үүсэж, Хятад бодлогын түвшинд батарейн үйлдвэрийг дэмжиж, энэ үед эрчим хүчний шилжилттэй холбоотой түүхий эд, тэр дундаа литийн анхны өсөлт гарсан. Энэ үеэс литийн эрэлт нэмэгдэж, хайгуул эрчимжсэн. 2022 оноос хоёр дахь литийн эрэлт үүссэн. Эхний литийн эрэлтээс үүдсэн хайгуулын ажил хоёрдугаар литийн эрэлт үүсэхэд бүгд уурхай болсон. Ингэхээр хоёрдугаар литийн эрэлттэй зэрэгцэн шахуу эхэлсэн хайгуул 2027 оны үеэс уурхай болох төлөвтэй байна.























