Майхан уулд 1500 м-ийн өрөмдлөг хийхээр төлөвлөжээ

“Asian Battery Metals” шинэ зэс-алтны төслийнхөө өрөмдлөгийг эхлүүлнэ. 

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Asian Battery Metals PLC Монгол дахь Майхан уул зэс-алтны төслийг худалдан авах хэлцлийг амжилттай дуусгасан гэж мэдэгдлээ. 

Энэхүү худалдан авалт нь тус компанийн Монгол дахь чухал ашигт малтмал, суурь металлын төслүүдийн багцыг өргөжүүлэх стратегийн хүрээнд хийгдсэн бөгөөд зэс, алтны өсөн нэмэгдэж буй дэлхийн эрэлтэд нийцүүлэх зорилготой юм. 

Төслийн талбайд өрөмдлөгийн төхөөрөмжийг байршуулж, бэлтгэл ажлыг хангасан. Энэхүү 1500 м-ийн өрөмдлөгийг 7 хоногийн дотор эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Уг өрөмдлөгөөр алтны эрдэсжилтийн бүсийг тогтоох, гүн хэсгийн бүтцийг шалгах, гадаргын дээж, зураглал, геофизикийн судалгаа хийхээр болсон. Мөн өрөмдлөгийн дараа металлургийн туршилтыг зургаадугаар сард Австралийн Перт хотод хийхээр болжээ. 

Майхан уул төсөл нь ашигт малтмалын өндөр нөөцтэй бүсэд байрладаг, өмнөх хайгуулын үр дүнгээр зэс, алтны эрдэсжилтийн сайн үзүүлэлтүүд илэрсэн. 

Asian Battery Metals нь мөн Ямбат зэс-никелийн төсөл дээр геофизикийн судалгаа болон өрөмдлөгийн ажлыг 2026 онд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.