Монгол Улс Польштой газрын ховор элементийн хайгуулд хамтран ажиллаж байжээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Польш Улсын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Агата Обратаньскаг хүлээн авч уулзсан байна. 

Энэ үеэр тус улс Монгол Улстай эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах яам хоорондын гэрээ, хэлэлцээр болон санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын зүгээс “Харилцан ашигтай, манай улсын эрх ашигт нийцсэн төслүүдэд хамтран ажиллахад нээлттэй” болохыг салбарын Сайд тодотгосон аж. 

Мөн уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол Улсад геологи, уул уурхай, боловсруулах салбарыг хөгжүүлэхэд хүний нөөц тулгамдсан асуудал болсон тул боловсон хүчин бэлтгэхэд Польш Улстай хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна. 

Монгол Улс 1981 онд тухайн үеийн Бүгд Найрамдах Польш Ард Улстай хамтран геологийн хайгуул хийх, үйлдвэрлэлийн аргаар ашиглах ашигтай орд илэрсэн тохиолдолд түүхий эдийг олборлоход хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын  ерөнхий хэлэлцээр байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу 1984-1989 онд Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь аймагт газрын ховор элементийн ордын хайгуул хийж байсныг АҮЭБЯ-наас мэдээллээ.