Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Эрдэнэтийн-Овооны Оюут ордод 2023–2025 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэн, стратегийн ач холбогдолтойд тооцож, нөөцийг албан ёсоор хүлээн авсан байна. Ингэснээр, Эрдэнэтийн-Овоо ордыг “бүлэг орд” хэмээн нэрлэх эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсад хайгуул нь бүрэн хийгдэж буй зэсийн цөөн ордын нэг болж байна. Оюутын орд нь Эрдэнэтийн овоо уурхайгаас 8 км зайд байрладаг.
Оюутын ордын судалгаа анх 1970-аад онд эхэлж, улмаар 1990 онд 42 сая тонн хүдэрт хүдэрт 0.4 хувийн зэсийн дундаж агуулгатай, 166 мянган тонн металл зэсийн нөөцтэй хэмээн тогтоож байсан юм. Харин 2023-2025 онд хийсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнд уг үзүүлэлтийг 404 сая тонн хүдэртэй, дунджаар 0.30 хувийн агуулгатай, 1.2 сая тонн металл зэсийн нөөцтэй болохыг тогтоожээ. Нарийвчилсан хайгуулаар 900 метр урт, 550 метр өргөн, 800 метрээс илүү гүнд үргэлжлэх хүдрийн биетийг 96 цооногоор 60х60 метрийн торлолоор нягтруулан нийт 49.2 мянган тууш метр өрөмджээ. Энэхүү нөөцийн тооцоог Канадын NI 43-101 стандартын дагуу боловсруулж, хөндлөнгийн мэргэшсэн экспертүүд хянан баталгаажуулсан байна.

























