“Оюу Толгой” ХХК Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (МГТИС)-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх SEM (Scannig Electron Microscope) тоног төхөөрөмжийг өнөөдөр (2026.05.08) хүлээлгэн өглөө.
Энэхүү тоног төхөөрөмж нь хүдэрт агуулагдах эрдсийн бүтэц, найрлагыг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой бөгөөд баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын горимыг оновчтой болгох, металл авалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх стратегийн ач холбогдолтой юм.
Тус үйл ажиллагааг нээж МГТИС-ийн Ректор Б.Батцэнгэл “Манай сургууль болон Оюутолгойн хоорондох бат бөх түншлэлийн үр дүнд энэхүү минералогийн шинжилгээний лабораторийн нээлт болж байна. Уг лаборатори нь дэлхийн тэргүүлэгч уул уурхайн компаниуд, уул уурхайн судалгааны байгууллагуудад ашиглагддаг хамгийн дэвшилтэт шинжилгээний системүүдийн нэг. Манай сургуулийн анхны дадлагажигч, төгсөгч Оюутолгойгоос гараагаа эхэлж байсан” гэдгийг онцолсон.
Мөн ХБНГУ-ын Элчин сайд Хэльмут Кулитц “Өнөөдрийн үйл ажиллагаа нь МГТИС-ийг шинэ түвшинд гаргаж байна. Эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий SEM нь Монголд хоёр байгаагийн нэг нь тус сургуульд бий. Дараагийн хичээлийн шинэ жилээс эхлэн МГТИС нь докторын түвшний боловсрол олгож, Герман болон бүс нутгийн түнш их сургуулиуд, Австралитай нягт харилцаатай өргөжин тэлж байна” гэлээ.
“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Энэ бол зөвхөн Оюутолгойд ашиглагдах лаборатори биш. Бид өөрсдөө лабораторитой болох бололцоо байсан ч манай залуучууд шинэлэг санаа гаргаж, МГТИС-тай хамтран ажиллаж, энэ лабораторийг бусад уул уурхайн компаниуд ашиглах олзуурхууштай санаачилга биеллээ оллоо” гэсэн юм.
Ийм төрлийн шинжилгээг гадаад улсад хийлгэхэд 4-5 сар зарцуулдаг байсан. Тэгвэл энэхүү лаборатори ажиллаж эхэлснээр шинжилгээнд зарцуулдаг хугацаа 14 хоног болж, тээвэрлэлт болон гаалийн зардлыг бууруулах боломж бүрдэж байна.
Тус сургуулийн шинэ тоног төхөөрөмжийн сургалтад хамрагдсан, Сургалт, судалгааны лаборатори хариуцсан мэргэжилтэн М.Баасансүрэн “Манай улсын их сургууль, судалгааны түвшинд ийм төрлийн анхны лаборатори болон байгуулагдаж байна. Бидний судалгааны чанарыг нэг түвшин ахиулах боломжийг олгож буй. Энэ оноос бусад ордын дээжид шинжилгээ хийх зорилт тавьсан. Төхөөрөмжийн номын санд 680 гаруй төрлийн түгээмэл эрдсийг шинжилнэ. Өнгөрсөн жилийн зургаадугаар сараас хойш гурван багш, нэг судлаач сургалтад хамрагдаж энэхүү багажийн зүгшрүүлэлтийг хийсэн” гэв.
Эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий төхөөрөмж 276 сая төгрөг бөгөөд Австралийн Бундора дахь судалгаа, хөгжүүлэлтийн төв ашиглаж байжээ.






















