Төв банк газрын тосны үнэ Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар гурван хувилбараар тооцоолол хийсэн байна.
Өнөөгийн нөхцөл байдал үргэлжилбэл ирэх улиралд газрын тосны үнэ дунджаар 95 ам.долларт хүрч, шатахууны үнэ 40 орчим хувиар өсөж, нийт инфляцад 2.8 хувиар шууд нөлөө үзүүлнэ гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын тайланд мэдээллээ.
Муу хувилбараар ирэх улиралд газрын тосны үнэ 120 орчим ам.долларт хүрч, 2027 онд дунджаар 95 ам.долларт хадгалагдах тохиолдолд шатахууны дотоодын үнэ 70 гаруй хувиар нэмэгдэхээр байна.
Мөн хамгийн муу хувилбарын тооцоогоор газрын тосны үнэ ирэх улиралд 150 ам.долларт хүрч, 2027 онд дунджаар 117 ам.долларт хадгалагдах тохиолдолд шатахууны үнэ 120 хувиар нэмэгдэхээр байна.
Эдгээр гурван хувилбарын дүнд бусад бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэж, нийт инфляц суурь төсөөллөөс энэ онд 4.4-13.4 хувиар, ирэх онд 1.4-2.4 хувиар өсөхөөр байна. Ийм тохиолдолд эдийн засгийн өсөлт 2026-2027 онд 0.2-1.8 хувиар буурна гэдгийг дурджээ.





















