Засгийн газрын ээлжит хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон (2026.04.29) байна.
Энэ тухай АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлэхдээ, “Ашигт малтмалын хариуцлагатай үйл ажиллагааг дэмждэг болон дэмждэгүй аймгууд ижил орлого хүртдэг байдлыг зогсооно. Уул уурхайн төслүүдтэй хамтарч ажилладаг, нийгмийн ойлголцол хийж чаддаг сум, орон нутаг илүү АМНАТ авдаг болно. Шинэ хуулийн төслөөр АМНАТ-ийн 15 хувийг орон нутгийн санд хуваарилна. Ингэхдээ зөвхөн аймагт өгдөг байсан бол хүн ам, газар нутгийн алслагдсан байдал, лицензийн тоо, хариуцлагатай уул уурхайтай хамтарсан таван нөхцөлийг үнэлж тухайн суманд нь олгох зохицуулалт руу явна. АМНАТ-ийн орлогоос орон нутагт 400 тэрбум орчим төгрөг олгож байсан бол хуулийн өөрчлөлтөөр 200 тэрбум төгрөг нэмэгдэхээр байна.
Хуулийн өөрчлөлтөөр зэсийн 10-аад төслийг хөдөлгөнө. Ингэснээр манай улсын зэсийн экспорт 50 хувиар өсөж, төсөв, баялгийн сангийн өгөөж нэмэгдэнэ. Зэсийн салбар манай эдийн засгийн суурь хоёр дахь салбар болж хувирна. Ашигт малтмалын салбарт нэгдсэн бодлогоос гадна тухайн түүхий эдэд зориулсан, олон улстай өрсөлдөх бодлого хэрэгжүүлнэ. Хуулийн төсөл батлагдсанаар Цагаансуварга, Хармагтай зэрэг төслүүд шууд уурхай болно.
Дараагийн өөрчлөлт бол чухал ашигт малтмал. Нүүрс, зэстэй харьцуулахад эдийн засгийн агуулгаар бага боловч гео улс төрийн нөлөөллөөр өндөр. Өндөр хөгжилтэй, технологитой орнууд чухал ашигт малтмалыг нэрлэж, хөрөнгө оруулалтын орчныг тодорхой болгож, Засгийн газар нь онцгой анхаарч, тусгай горимоор ажиллах зохицуулалтыг хийж байна. Монгол Улс чухал ашигт малтмалыг тодорхойлох, зарлах зохицуулалтыг хуульд хийсэн.
Хайгуулын тусгай зөвшөөрөл тендерийн сонгон шалгаруулалтаар явж байна. Нийт 100 удаа зарлахад 40 нь амжилттай болдог. Үлдсэн нь амжилттай болдоггүй. Дэлхий дахинд багадаа хайгуулын тусгай зөвшөөрөл ашиглалтын тусгай зөвшөөрлөөс тав дахин өндөр байж уурхайн боломжууд нээгддэг. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгон шалгаруулалтаас гадна гэрээний нөхцөлийг оруулж өгсөн. Хайгуулын суурь судалгааны ажлыг дэлхийд улсын төсвөөр хийдэг. Энэ ажлыг төртэй гэрээ хийж дотоод, гадаадын хувийн хэвшлээр хийлгэх боломжоор хангана. Ингэхдээ энэ ажлыг хийж өгсний хариуд тухайн судалгаа хийсэн газрын тодорхой хэсгийг хайгуулын тусгай зөвшөөрөл хэлбэрээр авах боломжоор хангана. Зарчмын хоёр өөрчлөлтийн нэгдүгээрт хайгуулын зөвшөөрөл авч хадгалахад амархан байсан бол хугацааг нь багасгаж, төлбөрийг нэмэгдүүлсэн. Энэ нь лицензийн наймаа гэдэг асуудлыг байхгүй болгоход чиглүүлж байна. Хоёрдугаарт, мэргэжлийн хайгуулын компаниуд салбараа аваад явах олон улсын жишгийг оруулсан.
Төгсгөлд нь хаалт, нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог тодорхой тусгаж өгсөн. Хууль батлагдсанаар сайд нарын тушаалаар батлагддаг нөхөн сэргээлтийн журмыг хуульчилж байна. Тухайн уул уурхайн төслийн үйл ажиллагаа 75 хувь хүрэхэд хаалтын зардал бүрэн хэмжээнд хуримтлагддаг байхаар зохицуулсан. Энд иргэдийн оролцоог хангана” гэв.





















