Критикал минерал дахь “жуниор” уул уурхайн санхүүжилт

Критикал минералын төлөөх дэлхийн өрсөлдөөн эрчимжиж буй энэ үед Майнинг Инсайт сэтгүүл Казахстаны “Жи Ви Эм Капитал” компанийн ТУЗ-ийн дарга Канат Кудайбергентэй Ирээдүйн эрдэс форумын Төв Азийн дугуй ширээний уулзалтын дараа ярилцлаа.

Тэрбээр Төв Азид уул уурхайн эхэн үеийн буюу “жуниор” төслүүдийг санхүүжүүлэгч “Жи Ви Эм Капитал” компанийн стратеги болон Казахстаны судлагдаагүй ихээхэн нөөц боломж, мөн өнөө үед Ирээдүйн эрдэс форум зэрэг платформууд, хил дамнасан хөрөнгө оруулалт, түншлэл яагаад улам бүр чухал болж байгаа талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улстай хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар тэрбээр дурдлаа.

Та өөрийгөө болон компанийнхаа талаар товч танилцуулна уу?

Намайг Канат Кудайберген гэдэг. Би “Жи Ви Эм Капитал” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Манай компани Астанагийн Олон улсын санхүүгийн төв (АОУСТ)-д байрладаг бөгөөд Төв Азийн бүс нутагт уул уурхайн эхэн үеийн буюу “жуниор” төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн “Ирээдүйн эрдсийн хувийн хөрөнгө оруулалтын жуниор уул уурхайн сан” нэртэй хувийн хөрөнгө оруулалтын санг удирдаж байна. “Жи Ви Эм Капитал” нь АОУСТ-ийн эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү санхүүгийн төв нь Дубайн Олон улсын санхүүгийн төв, Катарын санхүүгийн төв зэрэг дэлхийн томоохон санхүүгийн төвийн жишгээр байгуулагдсан, тусгай эрх зүйд суурилсан харьяалал бүхий, бие даасан шүүхийн тогтолцоо, тусдаа татварын орчинтой. Энэ нь олон улсын хөрөнгийн ил тод байдал, урьдчилан таамаглах боломжийг олгож, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бүрдүүлсэн. Ийм экосистемийг түшиглэж бид Казахстан төдийгүй Төв Азийн орнуудад хөгжлийн эхний шатны уул уурхайн төслүүдэд дэлхийн хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор уг санг байгуулсан. Манай үндсэн стратеги бол санхүүжилт хомс хэдий ч геологийн боломж, урт хугацааны үнэ цэн бий болгох хайгуулын болон жуниор хөгжлийн төслүүдийг дэмжих явдал юм. Миний хувьд ураны “Казатомпром”-д үйл ажиллагааны хяналт, стратегийн төлөвлөлт, олон улсын түншлэл хөгжүүлэх чиглэлээр ажилласан. Мөн Казахстаны цайр, хар тугалга, зэс, алт, мөнгөний томоохон нэгдсэн үйлдвэрлэгч болох “Каззин”, алт, зэс, вольфрам, ховор металлын “Тау Кен Самрук”, үндэсний баялгийн сангийн “Самрук Казына” зэрэг байгууллагад удирдах түвшний албан тушаал хашиж ирсэн. Үүний зэрэгцээ Ирээдүйн эрдэс форумыг зохион байгуулагч Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн Дэд сайд Халид Аль-Мудайфер, Саудын Арабын “Мааден”, “Манара Минералс” компанитай хамтын ажиллагаа тогтоосон. Ойрх Дорнодоос гадна Канадын хайгуулч, олборлогчдын холбооны чуулган, Европын түүхий эдийн 7 хоног, Швейцарын Уул уурхайн институтийн бага хурал зэрэг олон улсын томоохон арга хэмжээнд тогтмол оролцож, уул уурхайн эхний шатанд үнэ цэн бий болгох, урт хугацааны хамтын ажиллагааны чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжихэд анхаарч ажилладаг.

Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн талаар нэмж тодруулахгүй юу?

2018 онд Казахстаны нийслэл Астана хотод тус санхүүгийн төв албан ёсоор байгуулагдсан. Үндсэн зорилго нь Төв Азийн бүс нутагт санхүү, хөрөнгө оруулалтын орчныг олон улсын жишигт ойртуулах, бүс нутгийг дэлхийн хөрөнгийн зах зээлтэй холбох явдал юм. Тусгай эрх зүйн орчин нь хөрөнгө оруулагчдад эрх зүйн орчныг тодорхой байлгаж, маргаан шийдвэрлэх найдвартай механизмаар хангаж өгсөн байдаг. Сүүлийн жилүүдэд уламжлалт санхүүгийн үйлчилгээнээс гадна уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, критикал минерал зэрэг эдийн засгийн бодит салбаруудын санхүүжилтэд чухал үүрэгтэй оролцож байна. Газар зүйн байршлын хувьд Европ, Орос, Хятад, Ойрхи Дорнодыг холбосон логистик, санхүүгийн уулзвар цэгт оршдог гэж хэлж болно.

“Жи Ви Эм Капитал” Ирээдүйн эрдэс форумтай анхнаас нь хамтран ажилласан уу?

Бид 2023-2025 онд Ирээдүйн эрдэс форумын Алтан ивээн тэтгэгчээр оролцсон. Өнгөрсөн жил тус форум критикал минералын чиглэлд дэлхийн хэмжээний хамгийн чухал хурлын нэг болж төлөвшсөн гэж бид харж байгаа. Манай сангийн хувьд форум нь зүгээр нэг хурал бус, харин нөөц баялагтай бүс нутгийн улсуудыг дэлхийн хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагчидтай холбогдох гүүр гэдэгт итгэдэг. 

Та Ирээдүйн эрдэс форумын Төв Азийн дугуй ширээний уулзалтад оролцсон. Тус хэлэлцүүлгийн гол сэдэв юу байсан бэ?

Хэлэлцүүлгийн гол сэдэв Төв Азийн бүс нутаг дэлхийн критикал минералын ханган нийлүүлэлтийн сүлжээнд ямар үүрэг гүйцэтгэх боломжтой, “жуниор” уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахад тулгарч буй саад бэрхшээл, хил дамнасан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгцээ зэрэгт төвлөрсөн.

Ирээдүйн эрдэс форумд ирснээр компаниуд өргөжин тэлэх, түншлэл бий болгох хэр боломжтой вэ?

Үйл ажиллагаагаа тэлэх, түнштэй болох боломжтой гэж бодож байна. Ирээдүйн эрдэс форумд дэлхийн өнцөг булан бүрээс гол шийдвэр гаргагчид, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид болон уул уурхайн мэргэжилтнүүд ирдэг. Тиймээс дэлхийн уул уурхайн салбарын гол хүмүүстэй танилцах, түншүүдээ олох маш сайн платформ юм. 

Казахстаны критикал минералын нөөц, боломжийг та хэрхэн тодорхойлох вэ?

Казахстан бол критикал минералаар хамгийн баян улсын нэг. Манай салбарын тайланд дурдсанаар Казахстаны нутаг дэвсгэрийн ердөө 60 хувь нь судлагдсан. Бидэнд судлагдаагүй үлдсэн 40 хувийн нөөц хэвээр байгаа нь жуниор уул уурхай, хайгуулын эрт үеийн төслүүдэд асар том боломжийг нээж өгдөг.

Одоогийн байдлаар Монголд хэрэгжих боломжтой төслүүдийг судалж, сонирхож байна уу?

Тийм ээ, Монгол гарцаагүй бидний анхаарлын төвд байгаа. Гэхдээ Монголын компани, түншүүдтэй албан ёсоор харилцахаас өмнө хөрөнгө оруулалтын орчны талаар бид цогц ойлголттой болох сонирхолтой байна.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2026 №01 (050)