Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн олон улсын нээлттэй тендер зарлана

Засгийн газрын (2026.04.08) хуралдааны Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлтэй холбоотой шийдвэрийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Шинээр байгуулагдсан Засгийн газар анхны хурлаараа бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан түүхэн өдөр болж байна хэмээн салбарын сайд тодотгов.

Тэрээр “Удаан хугацаанд яригдсан Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Дархан Уул аймагт байрлах энэхүү гангийн цогцолбор нь 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай. Хамгийн багадаа сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. 2025 оны эцсийн байдлаар Монгол Улсын 1 сая тонн ган хэрэглэж байна. Энэ дүн 2030 он гэхэд 1.7 сая тонн болж өсөх тооцоолол байна. Иймд Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах хэмжээний хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно” гэлээ. 

Гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг эрс бууруулах, импортын хамаарлыг багасгах, 1700 орчим байнгын ажлын байр бий болгох аж холбогдолтойг онцолсон АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Олон улсын хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдэд бид нээлттэй урилга зарыг энэхүү хэвлэлийн бага хурлаар танилцуулж байна. Гангийн цогцолборыг барих газартай холбоотой шийдвэрийг Засгийн газраас улсын тусгай хэрэгцээнд авах чиглэлийг Дархан Уул аймагт өгсөн. Удахгүй Дархан Уул аймгийн иргэдийн хурал хуралдаж, 650 га газрыг Дархан Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт гангийн цогцолборт зориулахаар шийдвэр гаргаад байна. Урьдчилсан тооцооллоор найман жилийн хугацаанд төслийнхөө хөрөнгө оруулалтыг нөхөх тооцоололтой. Аливаа улс хөгжье гэвэл гангийн үйлдвэрлэлээ дэмждэг. Ган үйлдвэрлэж байгаа улс аж үйлдвэрээ хөгжүүлж чаддаг гэсэн концепцийн хүрээнд энэ ажлыг хийж байна. Аж үйлдвэр эрдэс баялгийн салбар энэ Засгийн газрын үед томоохон төслүүдээ дүгнэсэн, хэрэгжүүлэх ажлыг хийх болно. 

Дараагийн бидний анхаарч буй төсөл бол алт цэвэршүүлэх үйлдвэр. Удахгүй олон улсын сонгон шалгаруулалт хийж хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхэд бэлэн болж байгааг дуулгая. Үүний өмнө зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа ороод байна. Аж үйлдвэрийн томоохон төслүүд хөдөлсөн он жилүүд биднийг угтаж байгааг дуулгахад таатай байна" гэв.