Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.04.22) боллоо. Тус хуралдаанаас газрын тосны үнийн өсөлт эдийн засгийн нөхцөл байдалд эрсдэл учруулж болзошгүй гэсэн байна.
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ. Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байна. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Энэ нь эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлж, ялангуяа тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбарт дарамт үзүүлэхээр байна. Мөн шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн болзошгүй зардал нэмэгдэх эрсдэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газар шат шатны арга хэмжээг авч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд салбар бүр богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: mongolia.gov.mn





















