Олон нийтэд салбарт баримталж буй төрийн бодлого, хэрэгжүүлж буй төслүүд, компаниудын үйл ажиллагаа танилцуулах, мэдээлэл өгөх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яам хамтарсан ”Нээлттэй хаалганы өдөр” өнөөдөр Сүхбаатарын талбайд нээгдлээ. Монгол Улсын стратегийн хамгийн том хоёр салбарын бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтойгоор онцлог.
Арга хэмжээний нээлтээр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Дашпүрэв “Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хийж, хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээнүүдийг иргэд, олон нийттэй танилцуулах, сурталчлах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэр гаргах ийм ач ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна. Аж үйлдвэрийн эрдэс баялгийн салбар өнөөдөр Монгол Улсын төсвийн 28 хувийг, экспортын нийт орлогын 93 хувийг бүрдүүлдэг.
Энэ жилийн хувьд хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулна. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ирэх 7 хоногт УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Хайгуулын салбарыг өргөтгөнө.
Гэрээний үүргээ хариуцлагатайгаар биелүүлдэгт нь олгодог механизмыг бий болгоно. Хайгуул судалгааны, эрлийн суурь судалгааны ажлыг хувийн хөрөнгө оруулалтаар маш богино хугацаанд хийж үнэн зөв мэдээлэлтэй болж, үүн дээрээ суурилсан бодлогын ажлуудаа хийж хэрэгжүүлнэ. Дараагийн Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр бий болгох нөхцөл суурийг АМтХ-ийн нэмэлт өөрчлөлтөөр бий болгоно. Байгаль орчны нөхөн сэргээлт, хаалтыг сайжруулж, хариуцлагатай болгосны үндсэн дээр АМНАТ-ийш 10 хувь байгааг 20 хувь болгож, тухайн орон нутагт нь аюулгүй, найдвартай амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрт зориулж олгоно. Ингэснээр энэ салбарын эсэргүүцэл харьцангуй багасаж, аж ахуйн нэгжүүдтэйгээ ард иргэд ойлголцож зөвшилцөж, энэ салбарыг ойлгодог болсны үндсэн дээр гадна, дотоодын хөрөнгө оруулагчид тогтвортой үйл ажиллагаа явуулах суурь бий болно. АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлж бууруулна. Ингэснээр гацсан олон төслүүд үр өгөөж өгч, олон мянган хүний ажлын байраар хангах ач холбогдолтой. Чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргахад эрх зүйн үндсийг бий болгоно. Сүүлийн жилүүдэд эрэлт хэрэгцээг өдөөж байгаа цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд шаардлагатай металлуудын чиглэлд анхаарал тавьж, тусгайлсан бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ чиглэлийн хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлнэ. Монгол Улсад үнэт металлын судалгаа, шинжилгээ хийдэг төв байгуулагдсан. Монгол Улсад газрын тос нь БХГ гэсэн ганцхан нөхцөл байдалтай хэрэгждэг. Ингэснээр хөрөнгө оруулалтыг хумих нөхцөл байдал яригдаж байгаа. Тиймээс тухайлсан төсөл болон тохирсон гэрээний үндсийг бий болгох нээлттэй зарчмыг бий болгоно. Улмаар хайгуул судалгааны ажил газрын тосны чиглэлээр сайжирч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд хариуцлагын, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний аюулгүй нөөцийн, хувийн хэвшлийн нөөц бүрдүүлэлт гээд олон асуудлыг тодорхой болгоно. Хүнд үйлдвэрийн тухай хуулийг боловсронгуй болгож шинэчилнэ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Ган боловсруулах үйлдвэрийн төслийн олон улсын стратегийн түншлэлийн хөрөнгө оруулагчийг нээлттэй байлгах бэлтгэл ажил нь хангагдсан. Үүний зэрэгцээ Алт цэвэршүүлэх үйлдвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн дагуу маш богино хугацаанд хэрэгжүүлэхээр төрийн эдийн засгийн үзлийн анхан шатанд нь боловсруулалтын бэлтгэл ажил хийгдээд явж байна” гэдгийг мэдээллээ.
”Нээлттэй хаалганы өдөр”- т Аж үйлдвэрийн Эрдэс баялгийн яамнаас ТНБД Б.Дашпүрэв, ТЗУГ-ын дарга М. Алтансүх, Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга М.Мэндбаяр, Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн, Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж нар оролцож байна. АМГТГ-аас дарга Л.Баярмандал, ТЗУГ-ын дарга Б.Түвшинжаргал, мөн Үндэсний геологийн албанаас ТЗУГ-ын дарга С.Шинэ Од, Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-аас Захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Түвшинбаяр, Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Манлайжав нар хүрэлцэн иржээ.
АҮЭБЯ болон Эрчим хүчний яамны харьяа байгууллагууд, салбарын ТӨК-уд, мөн хувийн хэвшлийн томоохон компаниуд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, иргэд, зочдод мэдээлэл өгч байна. Тухайлбал “Эрдэнэс Монгол” нэгдлийн 17 компани бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгааг мэдээлсэн.
Арга хэмжээ 2026 оны дөрөвдүгээр сарын 9-11-нд буюу гурван өдөр үргэлжилнэ.



















