-АМНАТ-ийн орлогыг сум, аймагт хэрхэн ялгаж хуваарилах талаар эдийн засгийн тооцоолол хийж байна-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй Майнинг Инсайтын Н.Ариунтуяа ярилцлаа.
Ашигт малтмалын тухай хууль (АМтХ)-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг салбарын яам 21 аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ямар асуудлууд түлхүү яригдав? Гарсан саналд үндэслэн, төсөл дээр зарчмын ямар өөрчлөлт шинэчлэл хийгдэхээр байгаа вэ?
АМтХ-ийн нэмэлт өөрчлөлтийг аж ахуйн нэгжүүд төдийгүй ард иргэд ч дэмжиж байна. Дэмжих шалтгаан нь орон нутаг руу АМНАТ-ийн шударга хуваарилалт бий болгооч гэдэг саналтай холбоотой. Уул уурхайтай аймгуудад уул уурхайгүй аймгуудтай ижил тэнцүүгээр АМНАТ хуваарилагддаг, уул уурхайн бүс нутгийн иргэдийн ахуй амьдралд үр өгөөж нь тусахгүй байгааг өөрчилж өгөөч гэдэг санал нийтлэг тавьж байна. Хоёрт, байгаль орчин, нөхөн сэргээлтийн асуудлыг иргэд ихээр хөндөж байна. Уул уурхайн хаалтыг чанартай сайн гүйцэтгэх эрх зүйн орчин бий болгохыг шаардаж байна. Гуравт, Монгол Улсын эдийн засгийг тэлэх, төрөлжүүлэх бодлоготой ард иргэд санал нийлж байна. Гэхдээ уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хариуцлагатай байх ёстойг онцолж байна. Тухайлбал алтны олборлолт, баяжуулалтын технологид ус бага ашиглах, цианит натри хэрэглэхгүй байх, аль болох хуурай аргын технологи нэвтрүүлж ажиллаач гэдэг санал дэвшүүлж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн компаниуд орон нутгийн бизнесийг дэмждэг байх, ажлын хувцас авсан ч эхлээд орон нутгаас авдаг байх, орон нутгийн засаг захиргааны нэгж болон иргэдтэй хүндэтгэлтэй ханддаг баймаар байна. Төрөөс лиценз өгсөн, бид дээрээс зөвшөөрөлтэй гэх байдлаар орон нутгийг үл тоомсорлодог хандлагаа өөрчилмөөр байна гэдэг асуудлыг нэлээд ярилаа. Эдгээр санал нь хуулийн нэмэлт өөрчлөлтөд тодорхой хэмжээнд тусгагдаж байгаа. Зөрчилтэй санал ч мөн гарлаа. Энэ нь орон нутгийн удирдлагууд хоорондын зөрчил буюу аймаг, сумын хэн нь уул уурхайн компанитай харилцаж ажиллах вэ гэдэг асуудал. Аймгийн хувьд, аймгийн иргэдийн хурлын төлөөлөл нь сумдаасаа сонгогддог тул төлөөллийн зарчмаараа явах ёстой. Аймаг нэгдсэн бодлогоор хангаж, бодлогоо зангидахгүй бол сум, баг болгон өөр зүйл яриад яваад байж болохгүй гэдэг асуудлыг тавьж байна. Гэтэл сум, баг нь болохоор яг тухайн газар нутгийн захиргаа нь харилцахгүй бол малчин иргэдийн эрх ашгийг хэн хангах вэ гэдэг асуудлыг тавьж байна. Үүнийг илүү тодорхой, ойлгомжтой болгох талаар ярилцаж байна.
Дээр яригдсан асуудлуудаар тодорхой ямар шийдлүүд гарч байна вэ?
Тодорхой асуудлууд дээр шийдэл боловсруулж байна. Ялангуяа АМНАТ-ийн орлогыг сум, аймагт хэрхэн хуваарилах, ялгаж хуваарилах ямар боломж байж болох талаар эдийн засгийн тооцоолол хийж байна. Алтны үнэ ийм өндөр байгаа үед олборлолт нэмэгдээд явбал үүнийг дагаад АМНАТ-ийн хуваарилалт өсөхөөр зарим суманд их хэмжээний төлбөр оногдох, аймгаасаа давсан орлоготой болох, түүгээрээ юуг санхүүжүүлэх вэ гэдэг асуудлууд үүсэх талтай. Иймээс эдийн засгийн тооцоог илүү нарийвчилж байна. Мөн уурхайн хаалтын зохицуулалтыг өнөөдрийн түвшнээс илүү сайжруулна. Нэгдүгээрт, тухайн төсөл хэрэгжүүлэгч нөхөн сэргээлт, хаалтаа хийнэ. Барьцаа хөрөнгөө байршуулаад, түүгээрээ нөхөн сэргээлт, хаалтаа хийгээд явдаг зохицуулалт оруулна. Хоёрдугаар шаардлага нь тухайн төслийг бүрэн хааснаар дараагийн төслийг эхлүүлдэг. Зэрэгцээд төсөл эхлүүлэх гэж байгаа бол хаалт, нөхөн сэргээлтийнхээ төлөвлөгөөний дагуу ажлаа чанартай гүйцэтгэж буй эсэхийг нь хянасны үндсэн дээр дараагийн төслийг эхлүүлэх заалт оруулна. Байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулж байж эргээд уул уурхайн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасаж, үүнийг дагаад ард иргэдийн хандлага ч эерэг болно. Мөн АМНАТ-ийн шударга хуваарилалтаар уул уурхайтай газар нутгийн иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдэнэ гэж үзэж байгаа. Түүнчлэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг яаж хамгаалах вэ гэдэг асуултыг аж ахуйн нэгжүүд нэлээд тавьдаг. Төсөл хэрэгжихгүй байгаа гол нөхцөл нь хууль эрх зүйн зохицуулалт гэхээс илүүтэй орон нутгийн эсэргүүцлээс үүдэлтэй. Дээрх асуудлуудыг сайжруулчихвал уялдаад дэмжигдээд явах болов уу.
АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд авч үзэх боломжгүй асуудлууд байсан уу?
Геологийн суурь судалгааны ажлыг орон нутгаас асуухгүйгээр хийж байгааг буруутгасан санал орон нутгаас нэлээд гарсан. Манай яам үүнийг боломжгүй гэдэгт хатуу байр суурьтай байгаа. Монгол Улс геологийн суурь судалгаа, эрэл үнэлгээний ажлаа хийж байж дараа дараагийн ашигт малтмалын ордын нөөц боломжоо мэдэж, хэтийн төлөвөө тодорхойлно. Ийм мэдээлэлдээ үндэслэн олон улсын хамтын ажиллагаа, улс орныхоо хөгжлийн стратегийг төлөвлөдөг. Геологийн суурь судалгаа бол зөвхөн ашигт малтмалын асуудал биш. Газрын төлөв байдлаа ч үнэлдэг тул шинжлэх ухааны чухал ажил юм. Гэвч иргэд үүнийг газрын хэвлийг хөндөх гэж байна гэж буруу ойлгож, эсэргүүцэх, ажил гацаах тохиолдлууд их гардаг. Иймээс геологийн суурь судалгаа төрийн бодлогын хүрээнд хэлбэрэлтгүй хэрэгжих ёстойг тайлбарлаж байна. 21 аймгаар хэлэлцүүлэг хийж явахад анзаарагдсан нэг зүйл бол уул уурхайн талаарх иргэдийн ойлголт тодорхой хэмжээнд сайжирчээ. Мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалдаа тулгуурлан хөгжихийг зорьж байгаа зарим аймгийн хувьд уул уурхайд түшиглэн хөгжиж буй аймгуудаас хөгжлөөр хоцрогдох нөхцөл үүсэж байна гэсэн ойлголт ихтэй байна. Тиймээс цөөн тооны хариуцлагатай уул уурхайн төслийг үр өгөөжтэйгээр хэрэгжүүлэх хүсэлтэйгээ орон нутгийн удирдлагууд илэрхийлж байна.
АҮЭБЯ, МУУҮА хамтран гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Mining Week & MinePro 2026” үйл ажиллагааг Лондонд зохион байгууллаа. Энэ нь хэр үр дүнтэй байв? Хөрөнгө оруулалт татах шинэ мэдээ байхгүй мөртлөө ийм уулзалт хурал хийхийн хэрэгцээ шаардлага байна уу гэсэн шүүмжлэл бий?
Бидний дуулгасан шинэ мэдээ гэвэл Монгол Улсын Засгийн газар зэс боловсруулах үйлдвэрийн стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлаад хураангуй жагсаалтад үлдсэн дөрвөн хуулийн этгээдэд мэдэгдэл хүргүүлсэн. Мөн 1 сая тонн ган, 200 мянган тонн ширэм үйлдвэрлэх үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталж, хөрөнгө оруулагчийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар бэлтгэж байгаа. Багануурын уурхайд түшиглэсэн нүүрс пиролизийн үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ийг баталж, сонгон шалгаруулалт зарлахаар ажиллаж байна. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн Ажлын хэсэг байгуулагдсан. Германы хоёр, Английн нэг компанитай уулзалт хийгээд ирлээ. Монгол Улсдаа алт цэвэршүүлдэг болчихвол алт, мөнгөөс гадна паллади, палладиумыг ялгадаг болно. Цаашилбал, Эрдэнэтийн зэс боловсруулах үйлдвэр баригдчихвал ялгаж чадахгүй байгаа алт, мөнгийг ялгах боломж нөхцөл бүрдэнэ. Мөн Геологийн судалгаа-шинжилгээний төвд үнэт металлын сорьцын олон улсын шаардлага хангасан лаборатори байгуулагдсан. Хайгуул судалгааны ажлын үр дүнг маш богино хугацаанд шинжилж, өндөр технологиор үр дүнг тодорхойлох боломж бий болж байна. Алт цэвэршүүлэх үйлдвэр баригдвал тодорхой ажлын байр нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, алтан зоос зэрэг аялал жуулчлалыг дэмжих эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 999 сорьцтой алтаа гаргаж аваад, сорьцыг гадагш нь баталгаажуулахад зарцуулдаг хугацаа болон зардал буурах зэрэг олон талын цогц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа танилцуулсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хайгуулыг эрчимжүүлж, олон төрлөөр олгодог болно. АМНАТ-ийн зөв хуваарилалт, нөхөн сэргээлт, хаалтын нарийвчилсан зохицуулалт бий болгосноороо орон нутгийн эсэргүүцэл багасах хөрс суурь бий болно. Зэсийн АМНАТ-ийг олон улсын түвшинд хүргэж бууруулснаар зэсийн төслүүд хөдлөх боломж нээгдэнэ. Олон улсын түвшинд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд чиглэсэн металлуудад онцгой анхаарч, чиглэсэн хайгуул судалгааны ажлыг эрчимтэй хийж байна. Монгол Улс энэ бүхэнтэй зэрэгцээд, ажиллж байгаа гэдгээ мэдээлж, хамтарч ажиллах боломжуудаа танилцуулж байна. Нэг хэсэгт хууль, журмын өөрчлөлт болон зарим шийдвэрийн улмаас Монголд гадны хөрөнгө оруулалт саарах, сонирхогч талууд багасах тал гарсан. Олон улсад цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийг сонирхож байна. Сонирхож байгаа улсуудын тоонд Монгол байна. Тиймээс бид гадагшаа ярьж, мэдээлж байж л Монголынхоо боломжийг ойлгуулна. Нөгөө талаар 10 жилийн өмнө судалж байсан зүйлс өнөөдөр өөр болчихлоо. Нөхцөл байдлаас эхлээд нөөцийн тоо, зэрэглэл өөрчлөгдөж байна. Технологийн өөрчлөлт хурдацтай байна. Тухайлбал 10 жилийн өмнө судлахад алт цэвэршүүлэх үйлдвэр нийгэм, эдийн засгийн хувьд үр өгөөжгүй, технологи хангалтгүй, бүтээн байгуулахад олон жилийн хугацаа шаардагдах, зөвхөн үйлдвэр барихад 70 сая ам.доллар шаардагдаж байсан бол өнөөдөр 23-46 сая ам.долларт барьж, долоон жил ажиллаад төрд шилжүүлэх боломжтой болж хувирч байна. Зэс боловсруулах үйлдвэр анх яригдаж байх үед зэсийн хаягдлаас алтыг ялгаж авах тухай ярьдаггүй байлаа. Одоо бол ярих шаардлагатай болчихлоо. Бидэнд Оюутолгойн хаягдлаас алт, мөнгийг ялгаж авах шаардлага байгаа. Энэ мэтээр ирээдүйд чиглэсэн бодлогоо ярих, хийх л ёстой. Ингэж байж улс орон урагшилна. Ярихгүй, хийхгүй бол өндөр технологи хэзээ ч нэвтрэхгүй.
Хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн их хөндсөн асуудал юу байсан бэ?
Хөрөнгө оруулагчдын зүгээс цөөн хэдэн асуудлыг нийтлэг тавьж байна. Нэгд, орон нутгийн эсэргүүцлийг багасгаж өгөхийг хүссэн. Энэ чиглэлд бид төсөл хэрэгжүүлэгчдэд хатуу байр суурь илэрхийлж байгаа. Монгол Улсын иргэд л зөвхөн уул уурхайг эсэргүүцээд байгаа юм биш. Энэ бол амьдрах орчин, байгаль дэлхийгээ хамгаалж буй зүй ёсны асуудал. Уул уурхай хөгжсөн Австрали, Канадад ч байдаг. Харин эдийн засгийн хувьд аль аль талдаа ашигтай байх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх эрх зүйн зохицуулалтыг хийх, төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд орон нутгийн иргэдтэй хүндэтгэлтэй харьцаж, асуудлаа хамтдаа шийдвэрлэхийг зорьж ажиллах ёстой. Мөн асуудлаа орон нутгийн иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Уул уурхайн салбарынхан асуудлаа ярихгүй, ойлгуулахгүй байна. Төсөл хэрэгжүүлэгчид хайгуулаас ашиглалтад шилжих хугацаандаа орон нутгийнханд уул уурхай, хайгуул гэж юу болох, орон нутаг, улс оронд ямар өгөөжтэй байхыг ойлгуулж ажилламаар байна. Зөвхөн хайгуул руугаа чиглэх биш иргэддээ зөв мэдээлэл олгоход анхаарах хэрэгтэй байна. АҮЭБЯ-наас гадна төсөл хэрэгжүүлэгчид, мэргэжлийн ассоциациуд, холбоод, эрдэмтэн судлаачид гээд бүгд иргэддээ зөв мэдээлэл олгоход анхаарах хэрэгтэй байна. Хоёр дахь нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд зэс дээр Эрдэнэтээр жишээ авахад 21 хувийн өндөр АМНАТ төлж байгааг бууруулж, олон улсын жишгээр 8-9 хувь хүртэл бууруулж өгөөч гэдэг асуудлыг ярьж байна. Төрийн өмчит компаниуд дотооддоо борлуулалт хийж, тэр нь боловсруулагдаад бүтээгдэхүүн болж гарахад давхардсан АМНАТ тооцохгүй байх зохицуулалт бий болгож байгаа. Эдгээр зүйлийг хийснээр томоохон өөрчлөлт орно. Мөн Төрөөс гэнэтийн шийдвэр гаргаж хурааж авдаг асуудлыг хөндөж байсан. Энэ нь хуулиараа хамгаалагдаад, хууль, эрх зүйгээрээ шийдэгдээд явах ёстой.
АЛТНЫ ХУУЛЬ БУС ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООНО
Дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор алтны үнэ болоод олборлолтын хэмжээ 2025-2026 онд түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Улс орнууд алтыг геополитикийн эрсдэлээс хамгаалах “хөрөнгө” болгож, валютын нөөцөд алтныхаа эзлэх хувийг нэмэгдүүлэх стратеги барьж байна. Манай улсын хувьд алтны нөөцийг нэмэгдүүлэх бодлогын ямар шийдэл яригдаж байна вэ?
Манай улсын хувьд 24.5 тонн алт Монголбанканд тушааж байсан үе бий. 2025 онд 16.3 тонн алтыг алт олборлогчид Монголбанканд тушаасан. Энэ онд 20 тонн гэж төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 2.2 тонн алт тушаасан буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.1 хувийн илүү гүйцэтгэлтэй явж байна. Алтны үнэ түүхэнд байхгүй дээд хэмжээнд, өнөөдрийн байдлаар 5186 ам.доллар хүрчихлээ. Цаашлаад 6000 ам.доллар хүрнэ гэсэн прогноз байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор алтны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар (2026.03.04) оруулах гэж байна. Алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр эхний улиралд багтаан, алт олборлогч нийт аж ахуйн нэгжийн уулын ажлын тайлан төлөвлөгөөг богино хугацаанд батлах үүрэг даалгаврыг АМГТГ-т өгсөн. Уулын ажлын төлөвлөгөөгөө эрт батлуулснаар хөрөнгө оруулалт татах, ажилдаа эрт гарах боломжтой болно. Хоёрт, алтны үнэ өссөнөөр хууль бусаар алт олборлох асуудал нэлээд гарч байна. 2025 оны намраас АҮЭБЯ нь Экологийн цагдаагийн алба болон БОУАӨЯ-тай хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажилласан. Энэ ажил үргэлжилнэ. Байгаль орчныг сүйтгэж, далд эдийн засгийг бий болгож байгаа хууль бус алт олборлолтыг таслан зогсоох ёстой.
Түүнчлэн байгаль орчны хариуцлагыг сайжруулахын тулд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг 100 хувь байршуулах шаардлага тавьж, баталгааг бий болгож байгаа. Мөн “Урт нэртэй хууль”-ийн хүрээнд гол горхигүй газар голтой гээд хэмжилтийн буюу зургийн алдаа гарснаар тодорхой төслүүд зогссон гэсэн гомдлууд нэлээд байдаг. Эдгээрт дахин хэмжилт хийнэ. Хууль гарахаас өмнө хэрэгжээд явж байсан, эсвэл нөөц нь тогтоогдоод үйлдвэрээ барьчихсан, эхлэхэд бэлэн болчихсон байсан эдгээр төсөл дээр АЖЭБЯ болон БОУАӨЯ-наас хамтарсан Ажлын хэсэг гарч ажиллана. Нөхцөл байдал нь бодитоор тогтоогдож, координатын зөрүү гарчээ гэж үзвэл нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг 100 хувь байршуулаад, үйл ажиллагаа эхлэх боломжийг нээнэ. Эргээд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хариуцлагатай үйл ажиллагаа явуулах, барьцаа хөрөнгөө байршуулах, нөхөн сэргээлт, хаалтаа хариуцлагатай хийх, орон нутагтай үр өгөөжтэй, нийгмийн хариуцлага өндөр байх шаардлага тавина. Эдгээрийн эцсийн зорилго нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.
Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй алтны ордууд олон байгаа ч эдийн засгийн эргэлтэд орохгүй байгаа нь ямар хүчин зүйлстэй холбоотой вэ? Ийм ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар салбарын яамны зүгээс төлөвлөсөн арга хэмжээнүүд бий юу?
Монгол Улсад 441.5 тонн алтны нөөц үндсэн болон шороон ордод байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо олон байгаа нь өмнө хэлсэн координатын зөрүүтэй гэдэг мэдээллээс болж зогссон ордууд дийлэнх олонх нь. Мөн Монгол Улсын хилийн зурвасын 15 км дотор 54 тусгай зөвшөөрөл байгаа. Ажлын хэсэг гараад, холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтраад шалгах нягтлах ажлыг хийж байна.
Урт нэртэй хууль гарснаас хойш 10 гаруй жил өнгөрчихөөд байхад энэ асуудал яагаад өдийг хүртэл эцэслэгдээгүй явж ирсэн юм бол?
АМГТГ болон БОУАӨЯ-ны кадастрын бүртгэлийн систем хоорондоо зөрүүтэй байдаг. Нэг дээр нь усан сантай, эсвэл ойн сантай гэж байхад нөгөө дээр нь байхгүй гэж гарч ирдэг. Тухайн үедээ голтой байж байгаад байхгүй болсон гэх зэрэг маргаантай асуудлууд бий. Нөгөө талаар координат буулгахдаа хориглосон хязгаарласан бүсэд орохгүй газрыг оруулсан гэдэг маргаан нь шийдэгдэхгүйгээр олон жил төслүүд зогсчихсон. Иймээс системүүдийг хооронд нь нэгтгэж, үл ойлголцлыг арилгахаар Ажлын хэсэг гарч ажиллана. Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарчихвал 14 хоногийн хугацаанд дээрх асуудлыг шийдвэрлэхээр бэлтгэл ажлууд хангагдаж байгаа.
Төрийн мэдэлд байгаа алтны нөөцүүдийг хэрхэн эргэлтэд оруулах вэ?
“Эрдэнэс Монгол” ХХК хэд хэдэн алтны лиценз эзэмшдэг. Эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүргийг Засгийн газраас өгсөн. Ихэнх нь ашиглалтад бэлтгэгдсэн төслүүд. Нэмэлт гүйцээх хайгуул хийх шаардлагатай төслүүд бий. Үүнийг “Эрдэнэс Алт Ресурс” ХХК хариуцан гүйцэтгэж, богино хугацаанд төслүүдийг ашиглалтад бэлтгэх үүрэг хүлээсэн. Хамтарсан компани байгуулах байдлаар хөрөнгө оруулалтыг шийдээд явах боломжтой гэж үзэж байгаа.
Уул уурхайн салбар дахь байгаль орчны хариуцлагыг сайжруулахын тулд ямар шинэ зохицуулалт, хяналтын механизм хэрэгжүүлэх вэ?
Хаалт, нөхөн сэргээлтийг давхар хариуцлагатай болгоно. Хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэнэ. Хууль бус олборлолттой холбоотой чангатгасан зохицуулалтууд Эрүүгийн хууль болон бусад байгаль орчинтой холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт, АМтХ-ийн нэмэлт өөрчлөлтөд орно. Одоогийн хуулийн эрх зүйн хүрээнд хууль бус олборлолт зөвхөн торгох шийтгэлтэй байгаа. 500 мянган төгрөгөөр торгуулж байна. Түрээсийн тоног төхөөрөмж, хүнд механизм ашигласан бол түүнийг улсын орлого болгодоггүй байсан бол одоо улсын орлого болгох зохицуулалт яригдаж байна. Уул уурхайн салбарын нэр хүндийг унагаж байгаа хариуцлагагүй уул уурхай буюу хууль бус олборлолтыг таслан зогсоохын тулд хууль эрх зүйн зохицуулалтыг чангатгаж байж л таслан зогсооно. Хууль бус олборлолтын орон нутгийн зарим иргэд, хууль хүчний байгууллагын зарим албан хаагчидтай нийлсэн бүлэглэл байдлаар, зохион байгуулалттайгаар хийж байгаа нь нууц биш. Үүнийг таслан зогсоохын тулд чиг үүргийн бүх байгууллагууд нэгдэж тэмцэнэ. Хүрч очиход түвэгтэй бартаа саадтай газруудыг байнгын хяналтад оруулахын тулд хиймэл дагуулаас мэдээлэл авч, дроноор илрүүлэх, хяналт тавих, хамтарсан шалгалтыг тогтмол зохион байгуулна.
ИЛҮҮ ИХ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙЖ АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗ РҮҮ ШИЛЖИНЭ
Манай улсын хувьд ямар төрлийн ашигт малтмалыг чухал гэж үзэх вэ? Түүнтэй нийцүүлэхийн тулд геологи хайгуулын бодлогыг хэрхэн чиглүүлэх, тэдгээр чухал гэж үзэж байгаа ашигт малтмалууд дээр ямар онцгой бодлого барих бол?
Олон улсын түвшинд геополитик болоод стратегийн түвшний чухал ашигт малтмалуудаа тодорхойлж, жагсаалтаа зарлаад явж байна. АМтХ-ийн нэмэлт өөрчлөлтөөр чухал ашигт малтмалын жагсаалтыг баталж, олон нийтэд зарлах, үүнд чиглэсэн бодлого явуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Үндэсний геологийн албатайгаа хамтраад, одоогоор 19 төрлийн ашигт малтмалыг чухал гэсэн ангилалд оруулж зарлахаар бэлтгэлийг хангаж байна. Энэ нь Монгол Улс өөрийн нөөц бололцоогоо тодорхойлж, стратегийн бодлогоо илүү оновчтой хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн зэс боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөх, АМНАТ-ийн зохицуулалтаас шалтгаалан зогссон зарим төслийг эргэлтэд оруулах боломжийг бий болгоно. Юуг чухал ашигт малтмал гэж үзэх нь улс орон бүрийн өөрийнх нь нөөц баялаг, бодлогоос шалтаална. Манай улсын хувьд нүүрс чухал уу гэвэл чухал. Гэхдээ олон улсын чиг хандлага, түүхий эдийн үнэ ханш, технологийн хэрэглээ зэргээс үүдэн зэсийг чухал ашигт малтмалын жагсаалтад оруулж байна. Мөн газрын ховор элемент, өнгөт металлууд манай улсын критикал минералын жагсаалтад ороод явна. Гэхдээ эцэслэн батлагдаагүй учраас тэр тэр гэж ярих боломжгүй байна. Гол бодлого нь энэ чиглэлд хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөцийг тогтооно. Хайгуул судалгааны ажлыг илүү хялбар дөхөм байлгах зохицуулалтууд хийнэ. 19 төрлөө тодорхой болгоод, зөвшөөрөлтэй холбоотой бүх шатны үйл ажиллагааг хялбаршуулж, хурдан явах боломжийг олгох юм. Мөн манай улс хүлэмжийн хийг бууруулах олон улсын конвенцод нэгдсэн. Энэ чиглэлд манай ашигт малтмалын бодлого чиглэж байгаа нь олон улсад тодорхой болно.
Гэхдээ манайд томоохон ордууд ашиглалтад шилжих нөхцөл үндсэндээ алга байгаа. Эрдэнэтийн Оюутын ордод нөөцийг гүйцээн тооцох ажил хийгдсэн, “Эрдэнэ Монгол”-ын төсөл ашиглалтад орсон зэргийг эс тооцвол томоохон орд шинээр нээгдэхгүй байна. Энэ нь үндсэндээ манай улсын хайгуулын судалгаа зогсчихсонтой холбоотой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2817 лиценз хүчин төгөлдөр байгаагаас 1778 нь ашиглалтынх, 1039 нь хайгуулынх. Хайгуулын лиценз ашиглалтаас бараг хоёр дахин бага гэхээр байна. Энэ нь дараа дараагийн Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой шиг томоохон ордууд нээгдэх нөхцөлийг үндсэндээ зогсоочихоод байна. Хувийн хөрөнгийн хайгуул судалгааны ажил эрчимтэй хийгдэж байж нөөц баялгаа танин мэдэх ажил урагшилна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил төсвийн хувьд хязгаарлагдмал, түүнийгээ дагаад удаашралтай байдаг. Гэхдээ шинэ Засгийн газраас геологийн суурь судалгааны ажлын төсвийг багагүй нэмэгдүүлээд байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг одоогоор зөвхөн сонгон шалгаруулалтын аргаар олгож байна. Сонгон шалгаруулалтаар лиценз зарлахад хөрөнгө оруулагч сонирхож орж ирэхгүй талбай нэлээд байна. Эдгээр талбайг тодорхой хэмжээнд судлахын тулд өргөдлөөр лиценз олгох шаардлагатай байна. Нөгөө талаар хайгуулын лиценз авсан ААН-үүд ажлаа эхлүүлэх гэхээр орон нутгийн иргэд эсэргүүцдэг. Хайгуул байгаль орчинд нөлөө багатай байхад яагаад эсэргүүцээд байгаа нь хайгуул эхэлсэн л бол ашиглалт руу шууд шилждэг гэсэн ойлголтоор ард иргэд эхнээс нь эсэргүүцдэгтэй холбоотой. Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрөл рүү шилжихэд нь орон нутаг, бүс нутагтаа нийгэм, эдийн засгийн ямар үр өгөөжтэй байх, байгаль орчинд ээлтэй ямар технологи ашиглах юм гэдгийг сайтар нягталсны үндсэн дээр орон нутагтай нь ярилцаж, ашиглалтын лиценз олгодог болчихвол иргэд хайгуулын ажилд саад тотгор учруулах нь багасна гэж үзэж байгаа.
Одоогийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд энэ зохицуулалт яаж тусгагдаж байгаа вэ?
Ашиглалт нь газрын хэвлийг хөндөж байгаа учраас хаалтын барьцаа тавьж үйл ажиллагаа явуулна. Энэ нь өмнө ярьсан давхардсан зохицуулалтаар байгаль орчны сөрөг нөлөөллийг байхгүй болгоно. Биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг 100 хувь гүйцэтгээд гарна гэдэг баталгаа нь болно. Илүү их хариуцлага хүлээж байж ашиглалт руу шилжинэ гэсэн үг. Нөгөө талдаа АМНАТ-ийн хуваарилалтаар орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа болохоор орон нутагт нийгэм, эдийн засагт нэмэртэй болно. Үүн дээр төсөл хэрэгжүүлэгч, орон нутагтайгаа харилцаагаа сайжруулаад явбал энэхүү нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөх болов уу.
Хаалт, нөхөн сэргээлтийн зардлыг 100 хувь урьдчилж байршуулна гэдгийг компаниуд хэр дэмжиж хүлээн авч байгаа вэ?
Уулын ажлын тайлан, төлөвлөгөө батлуулахдаа төсөл хэрэгжүүлэгч ийм хэмжээний ажил гүйцэтгэнэ гэсэн байдлаар жил жилээр, үе шаттай байршуулаад явах юм. 10 жил олборлолт явуулах уурхай хаалтын зардлаа бүгдийг эхлээд төлөхгүй. Нийт төлөвлөлтийн тодорхой хувиа байршуулаад, тухайн жилийнхээ нөхөн сэргээлтийн ажлыг хийгээд чөлөөлөгдөх байдлаар явна. Бидний тооцоогоор 100 төгрөгөөр нөхөн сэргээх байсан бол 130 төгрөгийг барьцаа болгож байршуулна. Эргээд үр дүнтэй үйл ажиллагаа явуулснаар 30 төгрөгөө барьцаанаас суллаад явна. Одоогийн зохицуулалтаар орон нутагтайгаа нийлээд дахин олборлолт, угаалт хийдэг, нөхөн сэргээлтийг сайн хийхгүй, орхигдуулдаг тал байгаа. Тиймээс цаг хугацаандаа, чанартай нөхөн сэргээлт хийх нь хэн бэ гэвэл төсөл хэрэгжүүлэгч л тул өөрөө нөхөн сэргээлт, хаалтаа хийнэ.
ХИЛ ОРЧМЫН ХАЙГУУЛ СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Технологийн хөгжил дэвшил боломжгүй байсан олон зүйлийг боломжтой болгож байна. Богино хугацаанд ихээхэн цар хүрээний геологийн судалгаа хийх боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлд салбарын яамнаас ямар бодлого, төлөвлөлт хийж байгаа вэ?
Хил орчмын хайгуул судалгааг эрчимжүүлэх бодлого байгаа. Энэ чиглэлд хөрш ОХУ, БНХАУ-тай санамж бичгүүд байгуулсан. Мөн Үндэсний геологийн албаны зүгээс улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх суурь судалгааны ажлыг эрчимжүүлнэ. Мэдээллийн системийн нэгдсэн байдлыг бий болгоно. Маш их дата мэдээлэл байгаа ч боловсруулалтгүй байна. Улсын болон хувийн хөрөнгөөр хийгдсэн хайгуул судалгааны ажлуудын дата мэдээллүүдийг нэгтгээд, боловсруулалт хийж, нэгдсэн терминалаар мэдээллийг нээлттэй болгохоор Үндэсний геологийн албатайгаа хамтран ажиллаж байна. Мөн иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс ашигт малтмалын лиценз олголт, цуцлалтын түүх, Монгол Улсын аль хэсэгт ямар лицензүүд ямар явцтай байгааг харуулах, Засгийн газраас ямар талбайд ямар лиценз олгохоор баталсан, ямар газруудыг төрийн хамгаалалтад авсан зэрэг мэдээллийг боловсруулалт хийгээд ирэх 4 дүгээр сараас нийтэд нээлттэй мэдээлэл болгож тавина. Олон нийт, хөрөнгө оруулагч бүх талд нээлттэй, цогц систем байх юм. Дөрөвдүгээр сарын эхээр хэвлэлийн бага хурал хийж, нээлттэй зарлана. Улсын бүртгэлийн ерөнхий газартай эцсийн өмчлөгчийн мэдээллийг нээлттэй болгох чиглэлээр ажлын уялдаа холбоогоо сайжруулж байна. Мөн Олборлох салбарын ил тод байдлын санаачилгатай хамтран ажиллаж байна. Тэнд цугларч байгаа асар их мэдээллийг илүү ойлгомжтой болгох, боловсруулах боломжтой байлгах ажлыг хийж байна. Дээрээс нь мэдээллээ гадагш нь түгээж, олон улс руу гаргаж чадахгүй байна. Ийм мэдээллийг ил болгосон, ингэж боловсруулна гэдгээ мэдээлдэг байх, үүнийгээ олон улсын үнэлгээний байгууллагуудад ч ойлгуулдаг байх хэрэгтэй байна. Тэр үүднээс мэдээллийн ийм цогц системийг бэлэн болгож, төрийн байгууллагуудын холбогдох бүх мэдээллийг нэгтгэж байгаа. ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Хөрөнгө оруулалтын хуулийг боловсруулахтай зэрэгцүүлэн хөрөнгө оруулагчдад зориулсан мэдээллийн багцыг бэлтгэж байсан юм. Тэр нь гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад компани байгуулж, хөрөнгө оруулалт хийе гэвэл ямар хууль, дүрэм, журмын дагуу ямар шатлалаар явах, ямар боломж байгаа зэрэг цогц мэдээллээр хангах багц байсан. Манайд ийм мэдээллүүд дутагдалтай байна.
2026 онд салбарын яамны бодлого юунд чиглэх вэ?
Манай яам 2026 оныг “Эдийн засгийг өргөтгөх, эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж байгаа. Эдийн засгийг өргөтгөх гэдэг нь Засгийн газрын тухайлан хэрэгжүүлэх бодлогын ажлыг хийнэ. Энэ чиглэлд Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хууль, АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлт, Газрын тосны тухай хуулийн тухай шинэчилсэн найруулга, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Газрын тос бол стратегийн бүтээгдэхүүн. Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 100 хувь хараат. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулахтай зэрэгцээд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх, газрын тосны нөөцийг өсгөх зайлшгүй шаардлага байгаа. Нөөцийг өсгөхийн тулд газрын тосны талбайн нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүрэг даалгаврыг АМГТГ-т өгч байгаа. Үүнд чиглэсэн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, олборлолт явуулж байгаа компаниудад олборлолтоо нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Нээлттэй сонгон шалгаруулалтын талбай зарлаж байгаа ч Газрын тосны тухай хуулиар зөвхөн бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулах зохицуулалттай. Гэтэл олон улс “tax royalty” буюу нөөц ашигласны төлбөр болон орлого хуваах гэрээ рүү шилжих хандлага руу явж байна. Үүнийг илүү хялбар бөгөөд шударга систем гэж үнэлдэг. Тиймээс тухайн төслийн үр өгөөж, нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний ямар хувилбар сонгох нь нээлттэй байхаар зохицуулах юм. Саяхан газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй холбоотой доголдол үүсэж, нийтээрээ бухимдалд орсон. Иймээс Газрын тосны тухай хуулиар улсын нөөц болон компанийн нөөцийг тодорхой болгох, хариуцлага, хяналтын системүүдийг бий болгох, үүнээс гадна хийн хэрэглээ ихээхэн нэвтэрч байгаатай холбоотойгоор энэ талын эрх зүйн зохицуулалт дулимаг байгааг илүү тодорхой болгоно. Манай улс зөвхөн үйлдвэрлэл, технологийн паркад хамааралтай хүнд үйлдвэрийн төслүүдэд чиглэсэн эрх зүйн зохицуулалттай байгаа. Паркаас гадна явагдах үйлдвэрлэлд зориулагдсан эрх зүйн зохицуулалтыг Хүнд үйлдвэрийн тухай хуулиар бий болгоно. Олборлолтоос боловсруулалт, баяжуулалт руу шилжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон хүнийг ажлын байраар хангах, дараа, дараагийн технологийн үйлдвэрүүд хөгжихөд энэ хууль түлхэц өгөх юм. Эдгээр дөрвөн хуулиар Монгол Улсын эдийн засгийг өргөтгөх бодлогын шийдлүүд гарна гэж үзэж байгаа.
Ярилцсанд баярлалаа.























