Украины геологийн судалгаа олон зуун жилийн өмнөөс хийгдсэн

Украин улсын өнөөгийн нөхцөл байдал, тэр дундаа эрдэс баялгийн салбар, эрдэс металлын нөөцтэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл, мөн Монгол Улсын геологи хайгуулын салбарт тулгамдаж буй асуудлаар, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Т.Мөнхбаттай “Майнинг Инсайт”-ын Э.Оджаргал ярилцлаа.

Украинд та геологийн ямар чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм бэ? Таныг суралцаж байх үеийн энэ улсын эрдэс баялгийн судалгаа, уул уурхайн хөгжил талаар ярилцлага эхэлье.

Миний хувьд 1985 онд ЗХУын Украины Львов хотын их сургуульд геологийн мэргэжлээр сурсан. Геологи дотроо геохимич инженер, эрдэс судлаач мэргэжлээр төгссөн юм. Манай сургуулийн түүхийг эргээд харахад геологийн нарийн мэргэжлээр минералоги, петрографийн чиглэлээр Монголын 30 гаруй залуучууд суралцаж, мэргэжил эзэмшсэн байдаг. Тэднээс Монголынхоо геологи, эрдэс баялгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж яваа хүн олон бий. Эргээд дурсахад Украин ЗХУын аж үйлдвэрлэл хөгжсөн хамгийн том БНУ байсан. Олон жил хүнд аж үйлдвэрлэл хөгжчихсөн. Кыив (Киев), Харьков, Днепропетровск, өнөөгийн дайнд хамгийн их өртөж, газартай тэгшлэгдсэн Мариуполь (Жданов), Львов болон Одесса гээд олон хотод монгол залуус маш олон чиглэлээр төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн байдаг. Тэр дотроо манай цэргийн сургуулийнхан, цэрэг улс төр, цэргийн сэтгүүлч, цэргийн артиллерийн сургуулиуд гээд олон чиглэлээр мэргэжил, боловсрол эзэмшсэн хүмүүс их. Ерөнхийдөө 10 мянга гаруй монгол залуучууд тухайн үеийн ЗХУын Украинд суралцсан байх.

Ингэхэд та хаана нь дадлага хийж байв?

1, 2 дугаар курстээ бол Крымийн хойгт очиж дадлага хийж байсан. Тэнд хээрийн дадлага хийдэг албан ёсны полигонтой. ЗХУын олон хотод геологийн чиглэлээр суралцдаг оюутнууд ирж зуны мэргэжлийн дадлагаа хийдэг байлаа. 

ГАЗРЫН БАЯЛГИЙН ХЯНАЛТЫГ АВАХ СОНИРХОЛ НЬ ДАЙН ҮҮСЭХЭД НӨЛӨӨЛСӨН ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛИЙН НЭГ

Украин улсын өнөөгийн нөхцөл байдлыг Та хэрхэн харж байна вэ?

Ер нь бол Украины зүүн хэсэгт зэвсэгт мөргөлдөөн 2014 оны эхээр Орос Крымийг өөртөө нэгтгэсний дараа дэгдсэн. Орон нутгийн хүч түрсэн маргаантай санал асуулгаар ОХУ Хойгийг өөртөө нэгтгэсэн байдаг. Тэр үеэс үүссэн хямрал нь үндэстэн ястны хуваагдлыг улам хурцатгаж, хоёр сарын дараа Украины зүүн нутгийн Донецк, Луганск мужуудын хил хязгаарт Оросын дэмжлэгтэй цэргийнхэн болон Украины армийн хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэж эхэлсэн. Хилийн шугамын дагуу тогтмол буудлага, мөргөлдөөн болж байв. 2022 оны хоёрдугаар сарын 24нд Орос Украины руу довтолж, дэлхийн II дайнаас хойших Европ дахь хамгийн том, хамгийн их үхэлд хүргэсэн дайныг эхлүүлж, 2014 онд эхэлсэн мөргөлдөөнийг улам гүн хурцадмал байдалд хүргээд байна. Өнөөгийн байдлаар Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг эзэлсэн байна. Орост эзлэгдсэн Украины газар нутагт хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж НҮБын Хүний эрхийн албанаас мэдээллэж байгаа. НҮБын Ерөнхий Ассамблей энэ халдлагыг буруушааж, Украины нутгаас Оросын талыг бүрэн гаргах ёстойг шаардсан тогтоол гаргасан. Дайны улмаас Украины хөдөө аж ахуй, далайн тээвэр доголдож энэ нь дэлхийн хүнсний хямралд ихээхэн нөлөө үзүүлж эхэлсэн. Оросын харгис хэрцгий бүрэн хэмжээний түрэмгийлэл нь Украины иргэний болон эрчим хүчний чухал дэд бүтцүүдийг зориудаар онилж байгаа.

Энэхүү дайныг өдөөх нэг ашиг сонирхол нь ашигт малтмалын нөөц гэж олон улсад бичиж байна. Украйн нь үнэхээр гойд, магадгүй дайн өрнөх хэмжээний, их гүрнүүдийн сонирхлыг татсан геологийн тогтоц, эрдэс байгалийн потенциалтай орон мөн үү? Геологийн судалгаа хэр хийгдсэн бол?

Тус улсын геологийн судалгаа олон зуун жилийн өмнөөс хийгдсэн. Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд эрчимтэй сайн судалгаанууд чанартай хийгдсэн, үр дүнд нь ялангуяа төмөр, титаны хүдрийг олборлон боловсруулж хар төмөрлөг, гангийн үйлдвэрлэл, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн. Нүүрс, төмрийн хүдрийн нөөцтэй маш том ордууд бий. Нөөц нь хэдэн тэрбум тонноор тооцогддог. Гол төв нь зүүн, зүүнөмнөд хэсэгт байрладаг. Үүнд Кривый Риг, Донбасс, Херсоны сав газруудыг нэрлэж болно. Мөн Мариуполь хотын “Азовсталь” үйлдвэрт төмрийн хүдрийг боловсруулан, өндөр чанарын сайн ган бүтээгдэхүүнээр ЗХУын аж үйлдвэрийн салбарыг хангадаг байлаа. Херсоны титанманган боловсруулдаг үйлдвэр нь нарийн технологиор титаныг боловсруулж сансарын хөлөг, онгоц, цэрэг дайны зориулалтаар ашиглагддаг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээр гайхагддаг үйлдвэр бий. Европ дахь хамгийн том титан олборлогч бөгөөд түүхий титан болон түүний баяжмалыг экспортолдог. Өнөөгийн байдлаар дэлхийд эхний тавд ордог. Металл гэвэл литин ордуудтай. Газрын ховор элементүүдийн чиглэлээр судалгааны ажлууд хийгдсэн. Украин нь дэлхийн гелийн томоохон нөөцтэй орны нэг. Гелий нь агаарын хөлөг, сансарын технологи, лазерь, хагас дамжуулагч зэрэг электроникийн чухал түүхий эд. Харамсалтайн дайны нөхцлөөс болж дийлэнх уурхайнууд нь доголдож, маш хүнд байдалд ажиллаж байна.

Украинд чухал ашигт малтмалын геологийн судалгаа хэр хийгдсэн бол?

Дайн дэгдээгүй бол газрын ховор элементүүд, ховор металлын судалгааг явуулахад одоо цаг үед тийм ч хүнд биш болсон. Украины геологийн судалгаа хөгжиж ирсэн баялаг түүхтэй, зарим дутагдалтай шинэ техник технологийг барууны орнуудаас нэвтрүүлж, нутагшуулах бүрэн боломж бий. Тухайлбал барууны хайгуулын компаниуд Украинд хөрөнгө оруулаад газрын ховор элементийн судалгааг эрчимтэй хийх юм бол өмнө нь тогтоогдсон орд газар, илрэлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг хугацааг ойртуулах боломжтой.

Байгалийн хийн асуудлыг нь Монголтой харьцуулж үзвэл ямар вэ?

Сибирээс байгалийн хийн 30 гаруй том магистраль хоолой, сувгууд Украины нутгаар дамжсан байдаг юм билээ. Тус улс өөрийн газрын баялгийг ашиглахаас илүү Оросын хийг дамжуулж, үнэ тохиролцон дундаас нь хий авч ашигладаг байснаараа хамааралтай болсон байдаг. Манай Монголын хувьд ч гэсэн хийн хоолой дамжуулах төсөл яригдаж байна. Өөрийн баялгаас боломжтойг нь өөрсдөө, дотооддоо ашиглах нь Монголд хэрэгтэй.

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨРГӨДЛӨӨР ОЛГОДОГ БОЛГОХ НЬ ОЛОН УЛСАД ТОГТСОН ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ

Тэгвэл манай улсад чухал ашигт малтмалын хайгуулын ямар боломж байна вэ?

Манайд чухал эрдсүүдийн эрэл, хайгуул хийхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох журмыг шинэчилэн өөрчилж, өмнө өргөдлөөр олгодог байсан нөхцлийг эргэж нээж өгөх хэрэгтэй. Энэ нь олон улсад ашигладаг шинээр орд нээх боломжийг илүү олгодог, хайгуулын эрсдэлийг буруулдаг эерэг талтай. Тэгж байж өрсөлдөөн бий болно. Тэгж байж сонирхсон талууд өөрсдөө талбайгаа сонгож, ялгаж авах нөхцлүүд бүрдэнэ. Ингэж нарийвчилсан судалгаа хийн, эрэл хайгуул явуулж шинээр орд газрууд олох, тогтоох боломжтой болно. Одоо манай улсын газар нутгийн ихэнх буюу бараг 80 орчим хувь нь тусгай хамгаалалтад, орон нутгийн хэрэгцээнд авсан байдалтай. Тэгэхээр үлдсэн 20 орчим хувийн газар нутагт эрэл хайгуулын ажил хийгээд явахад шинэ орд газар, ялангуяа чухал эрдсүүд илрүүлэх нөхцөл боломж маш бага байна. Ойрын жилүүдэд улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд өгөөж өгөх талаас нь харах юм бол шинээр орд газар олж илрүүлье гэхэд хууль, эрх зүйн орчин нь маш муу байна.

Сүүлийн жилүүдэд геологи хайгуулын салбарт урагшилж байгаа “зүйл” байна уу?

Харамсалтай нь урагшилсан, сайжирсан зүйл одоогоор анзаарагдахгүй байна. Хэдийгээр АҮЭБЯ сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг эхлүүлж байгаа боловч энэ нь маш цөөн, бага талбай дээр, үндсэндээ хайгуулын компаниуд өөрсдөө талбайгаа сонгож биш “төрөөс ялгах, тогтоосон гэх” нарийн яривал орд газар илрүүлэх геологийн нөхцөл, магадлал байхгүй, эсвэл маш бага боломжтой талбайнуудыг санал болгож байгаа нь салбарын хөгжил, дэвшлийг гацааж байна. Ийм нөхцөл байдлыг үндсээр нь сайжруулж, өөрчлөх хэрэгтэй.

Яаж өөрчлөх үү?

Манай салбарт тулгамдсан гол асуудал, хүндрэл бэрхшээл бол орон нутгийн иргэд хайгуул, уул уурхайн компаниудаас үр ашиг авахгүй байна гэдэг гомдол. Хайгуулын ажлын үр дүнгээр илэрч, нээгдсэн, ашиглагдаж байгаа уурхайн төлж буй татвар, төлбөрийн зонхилох хувь нь орон нутагт үлддэг байдлаар асуудлыг шийдэх нь зөв гэж боддог. Талуудын хамтын сонирхолд нийцүүлж шийдэх боломжуудыг судлах хэрэгтэй.

Хайгуулын салбарын төсөв нэмэгдэж байна уу?

Энэ жил улсын төсвөөр хийгдэх геологийн судал гааны ажлын төсөв 2024 оныхтой харьцуулахад нэг их нэмэгдээгүй. Хайгуулын ажлуудыг хувийн компаниуд хөрөнгөөрөө хийдэг тул нөхцөл сайнгүй байгаагаас хөрөнгө оруулалт, төсөв нь нэг их нэмэгдэхгүй байх. Улсын төсвөөр хийгдэх геологийн судалгааны ажлууд батлагдсан төсвийнхөө хэм жээнд хийгдэх биз. Судалгаа хийх газар нутаг том манай орны хувьд геологийн судалгаанд илүү хөрөнгө гаргаад явахад цаашид улсад эдийн засгийн томоохон асуудлуудаа шийдэхэд чухал хэрэгтэй юм.

Монгол Улсын геологийн, тэр дундаа чухал ашигт малтмалын судалгааны зорилтоор агаарын геофизикийн судалгааны ажил хэр ахицтай байгаа вэ?

Олон улсын тендер зарлаж Австралийн “X Callibur” компанитай хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм билээ. Эхнээсээ үр дүн гарч, эцсийн үр дүн болон цуглуулсан дата мэдээллийг боловсруулж байгаа гэж сонссон. Энэ чиглэлийн ажлууд хийгдээд явах нь их хэрэгтэй. Гэхдээ олон нарийн ширийн нөхцлийг тохирох, хийх ажлын техникийн даалгавар, зорилго, ямар үр дүнд хүрэх, судалгаа хийх талбайнуудыг сонгох зэрэг асуудлууд дээр салбарын хүрээнд мэргэжилтнүүдтэй хэлэлцэж хамтран ажиллах хэрэгтэй байгаа. 2024 онд улсын төсвөөс геологийн зураглал, региональ судалгаанд зарцуулах байсан төсвийн ихэнхийг энэхүү геофизикийн ажилд зарцуулсан. Тиймээс цаашид аливаа судалгааны ажлуудыг төлөвлөхөөс нь эхлээд салбарын мэргэжлийн холбоодын саналыг авч хамтарч байх нь зорилтот үр дүнд хүрэхэд чухал юм.

Шинээр орд илэрсэн үү, илэрсэн бол ямар төрлийнх бол?

Өнөөгийн байдлаар манай улсад хайгуулын 938 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Лиценз эзэмшигч компаниудын санхүүгийн боломжтойнууд нь эрэл, хайгуул хийж цөөн тооны, жижиг дунд хэмжээний алт, нүүрс, жонш, төмрийн хүдрийн, мөн барилгын материалын түүхий эдийн орд газрууд шинээр нээж улсын нэгдсэн санд бүртгүүлж байгаа. Харамсалтай нь, одоогийн Ашигт малтмалын тухай хууль болон түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь хөрөнгө оруулалт татахаас илүү болгоомжлох, үргээх байдалтай байгаа. Салбарын хууль эрх зүйн орчин таагүй, хөрөнгө оруулагч нарт баталгаа байхгүй болохоор хайгуулын салбар зогсонги, хөрөнгө оруулалт муу байна. Ийм нөхцөл байдалд, том хэмжээний ордууд сүүлийн үед нээгдэхгүй байгаа. Өмнө нь тогтоогдсон ордууд дээр нэмэлт хайгуул хийгээд нөөцөө нэмж байгаа тохиолдлууд бол бий.

Энэ жил Канадын PDAC олон улсын арга хэмжээн дээр АҮЭБ-ийн сайд хөрөнгө оруулалт татах хүрээнд Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг сэргээсэн талаар зарласан. Манай хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлж байна уу? Ямар эрдэс металлын сонирхож байгаа бол?

Нөхцөл байдал өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгааг салбарын сайд мэдээллэж байсан. Гэвч 2012 оноос хойш Монголд хайгуулын чиглэлээр гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирэх нь эрс багассан. Сүүлийн 13 жилийн хугацаанд олон улсын хурал чуулгануудад манай төрийн, салбарын төлөөлөгчид тогтмол оролцож, хөрөнгө оруулалт татахаар ажиллаж ирсэн. Харин нөгөө талд гадаадын хөрөнгө оруулагчид Монголд бодит байдал ямар байгаа талаар маш сайн мэдээлэлтэй байдаг. Өнөөдөр манайд үнэхээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалж чадахгүй байгаагаас гаднаас орж ирэх нь эрс багассан шүү дээ. Бид дотооддоо Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль болон хөрөнгө оруулалтыг хамгаалах бусад хуулиудаа олон улсын түвшинд хүртэл сайжруулаагүй тохиолдолд ойрын хугацаанд гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Ингэснээр манай эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, хөгжлийн суурь болсон энэ салбар уналтанд хэвээр байна.

Манай улс газрын ховор элементийн ордуу даа яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ?

Газрын ховор элементүүд (ГХЭ) нь тийм ч ховор биш боловч хуримтлал үүсгэх, эдийн засгийн хувьд ашиглах боломжтой хэлбэрээр ховор тохиолддог. Гэхдээ хайгуулын аргачлалууд хөгжиж, зах зээл дэх хэрэгцээ нэмэгдэж байгаа нь ГХЭн ордуудыг нээж олох боломжууд улам өсөж байгаа. Өнөөдөр өмнөх 1020 жилтэй харьцуулахад технологи хөгжсөнтэй холбоотойгоор илүү богино хугацаанд орд газруудыг нээж илрүүлэх боломжууд ихсэх болсон. Хэрэв хайгуул хийх талбайнуудыг олноор нээлттэй болгох юм бол 35 жилийн дотор шинэ ордууд нээгдэж, тоо хэмжээ нь нэмэгдэж түүнийг дагаад эдийн засаг хаа хаанаа сайжрах боломж бий. Манайд газрын ховор элементүүд агуулсан эрдсийн судалгааны чиглэлээр дотоодын мэргэжилтнүүдийн чадвар, мэдлэг илүү сайжрах хэрэгцээ, шаардлага байгаа. Нэг зүйл дурьдахад, газрын ховорт багтдаг 17 элементийг эрдэмтэд 200аад жилийн туршид нэг нэгээр нь үе шаттай илрүүлж тогтоож баталгаажуулсан байдаг. Байгальд бол нэг орд газарт л гэхэд үүсэж, тогтсон нөхцлүүдээс хамаарч хэсэг бүлгээрээ хоршиж ассоциаци байдлаар хуримтлагддаг. Үүнээс гадна ховор металл болон нэн хэрэгцээд металлууд болох цагаан тугалга, вольфрам, молибден, лити, антимони, ванадий, хөнгөн цагаан зэргийн хайгуулын ажлуудыг манай улсад улам эрчимтэйгээр явуулах хэрэгцээ шаардлага бий.

Ярилцсанд баярлалаа.