Саудын Араб уул уурхайн салбарт хурдтай хөдөлж, хөрөнгө оруулахаас айхгүй байна

Future Minerals Forum-ын үеэр ACG Metals компанийн Гүйцэтгэх захирал Artem Volynets-тэй зэсийн зах зээлийн хөрөнгө оруулалт, хөрөнгө босголт, үйл ажиллагааны талаар Майнинг Инсайтын С.Болд-Эрдэнэ ярилцлаа. ACG Metals компани нь Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Турк улсад зэс үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлдэг, зэс, цайр, алт зэрэг түүхий эдийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилготой компани юм.

ACG саяхан 200 сая ам.долларын бонд гаргаж Туркт зэсийн уурхайн төсөл санхүүжүүлэхээр боллоо. Лондоны Хөрөнгийн Бирж дээр бонд босгох үйл явц ямар байсан бэ? Сэргээгдэх эрчим хүчний технологийн үйлдвэрлэлийг дагаад зэсийн эрэлт өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө босгоход арай хялбар байв уу?

Сайн төслүүдэд хөрөнгө босгох амархан. Бидэнд Турк улсад нэлээд ирээдүйтэй уурхай бий. Өнгөрсөн есдүгээр сард худалдаж авснаас хойш ердөө гурван сар хагасын дотор бонд босголоо. Энэ нь зэсийн салбар эрэлт, нийлүүлэлтийн динамикаас үүдэлтэйгээр үнэ өссөн байгаагаас гадна манай “Гедиктепе” төсөл санхүү талаасаа хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж буйг харуулж байна. “Гедиктепе” төсөл нь уул уурхай, санхүү талаасаа анхаарал татах хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ нь гибрид төсөл тул 2.26% ийн зэсийн эквиваленттай. Хоёрдугаарт, исэлдлийн үйлдвэр аль хэдийн баригдсан тул бидний хөгжүүлж буй төсөл нь “браунфильд” буюу өмнө нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан талбайн дахин хөгжүүлэлт юм. Танай улсад ч мөн зэсийн томоохон төсөл хэрэгжиж байгаа болохоор та мэдэж байгаа байх. Шинэ төсөл хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Дэлхийн хэмжээнд зэсийн төслүүдийн капиталын хөрөнгө оруулалтын дундаж өртөг нь зэсийн хүчин чадлын нэг тонн тутамд 15,000-25,000 ам.доллар байна. Манай төслийн хувьд нэг тонн нь 7,000 ам.доллар байгаа нь өндөр өгөөжтэй, олборлолтын өртөг бага байхад нөлөөлж байна. Зэсийн агууламж өндөр, хөрөнгө оруулалтын зардал (CAPEX) бага тул хөрөнгө оруулалтын өгөөж ойролцоогоор 35%-д хүрнэ. Төсөл дуусахад өртөг буурч, тохиролцсон үнэд хөрөнгө оруулалтын өгөөж 73% болно. Үүнийг ердөө 12 сард барих тул маш өндөр ашигтай. Үүнээс шалтгаалж хөрөнгө оруулагчдын дунд эрэлт их байна. Өнөө үед ийм хурдан хугацаанд хэрэгжиж, хөрөнгө оруулалтын өгөөжөө богино хугацаанд өгч, мөнгөн урсгал ихээр бий болгох төсөл олох нь тун ховор болсон.

2.26%-ийн эквивалент гэдэг нь өндөр гэсэн үг үү?

Тийм ээ, энэ бол зэсийн эквивалент. Хүдрийн агууламж нь зэс, цайр, алт, мөнгө. Үүнийг эдийн засгийн үнэ цэнийн хувьд гол элемент болох зэсээр тооцоолбол 2.26%-н агуулгатай гэсэн үг. 

Туркийн энэ бүс нутагт үүнтэй төстэй дараагийн төсөл олдох боломжтой гэж үү?

Бидэнд өөр нэг хайгуулын төсөл ойрхон бий. Геологийн хувьд маш сонирхолтой бүтэцтэй. Исэлдлийн үйлдвэрээ үргэлжлүүлэн ажиллуулахын тулд тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын ажил аль хэдийн эхлүүлсэн. Тухайн ордоос баруун хойд зүгт бид алт, мөнгөний хольцтой гулдмай үйлдвэрлэж байгаа. Мөн зэс, цайрын баяжмал үйлдвэрлэх сульфидын үйлдвэр барьж байна. Исэлдлийн үйлдвэрийг үргэлжлүүлэн ажиллуулахын тулд өрөмдлөгийн ажлыг мөн эхлүүлсэн. Алт, мөнгө гарган авахад нэмэлт нөөц байх магадлал бий. Өөрөөр хэлбэл цайр, зэсийн баяжмалтай хамтад нь зэрэг хэрэгжүүлж байна. Эдгээрт үндэслээд үзвэл төслийн үр ашиг 30%-иар илүү байх магадлалтай. 

Та цаашид зэсийн төслүүдэд төвлөрнө гэж байсан. Яагаад зэсийн төслүүд гэж? Шинэ зэсийн төслүүд хангалттай их бий юу? Эсвэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудаас шалтгаалж байна уу?

Суурь хүчин зүйлс, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад надад зэс таалагддаг. Суурь хүчин зүйл гэдэг нь эрэлт, нийлүүлэлт. Нийлүүлэлтийн хувьд таны хэлсэнчлэн, шинэ төслүүд маш цөөн. 

Монголын Оюутолгой, эсвэл Роберт Фрийдландын Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад илрүүлсэн Камоа-Какула шиг шинэ нээлтүүд ховор. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийм хэмжээний нээлт гараагүй. 

Үүн дээр нэмээд шинэ төслүүдийн хүдрийн агууламж буурч байна. Томоохон компаниуд манайх шиг 2%-иас дээш агууламжтай ч биш бүр 0.3%, 0.4%-ийн зэсийн агууламжтай төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй уурхайн талаас илүү нь 35-аас дээш жилийн настай байна. Шинэ төслүүдийг ашиглалтад оруулахад их хэмжээний цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардлагатай болдог. Үүнээс шалтгаалж нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа. Нөгөө талаас, эрэлт улам бүр өсөж байгаа бөгөөд зөвхөн барилга, цахилгаан утас гэх мэт уламжлалт салбаруудаас гадна хиймэл оюун ухааны дата төв зэрэг шинэ салбарууд эрэлтийг өдөөж байна. Дата төвүүд бол ердөө л зэс кабель юм. Цахилгаан автомашин үйлдвэрлэл уламжлалт автомашинтай харьцуулахад дөрөв дахин их зэс шаарддаг. Батлан хамгаалах салбарын зардал ч мөн эрэлтийг нэмэгдүүлж байна. Геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалан дэлхий даяар батлан хамгаалах зардал өсөх боллоо. Сум, зэвсгийн их бие нь үндсэндээ зэс байдаг. Хязгаарлагдмал нийлүүлэлт, өсөн нэмэгдэж буй эрэлт үнийг улам л нэмж байна. Үнэ огцом өсөхөөс өмнө бид нэмэлт хөрөнгө худалдан авч чадна байх гэж найдаж байна. Бидний хувьд төсөл худалдаж авах нь биш харин одоо үйл ажиллагаа явуулж буй, эсвэл ойрын хугацаанд (12 сарын дотор) үйлдвэрлэлд орох хөрөнгийг худалдаж авах нь чухал. Дамжуулах хоолой барих боломжууд ч бий. Бид хэрэгжилтэд нь илүү төвлөрч, шаргуу ажиллаж байна. Манай алсын хараа бол богино хугацаанд дэлхий даяар хэд хэдэн хөрөнгө худалдан авах явдал. Монголыг ч ихээр сонирхож байгаа. Миний бодлоор Монголд Оюутолгой, Эрдэнэтээс өөр үйл ажиллагаа явуулж буй зэсийн уурхай байхгүй байх. Гэхдээ ирээдүйн боломжууд сонирхол татсаар байна. Бид ACG Metals-ийн оролцоотойгоор Лондонд бүртгэлтэй нэг платформ дээр хэд хэдэн хөрөнгийг байрлуулж, зэсийн үйлдвэрлэлийн хэмжээг 200,000-300,000 тоннд хүргэх зорилготой байгаа. Ингэснээр олон тэрбум ам.долларын үнэлгээтэй компани болно. Үүний дараа бид хайгуулын төслүүд хэрэгжүүлэх боломжтой болох тул эхлээд уурхайнууд худалдаж авахад төвлөрнө.

Танай компани ОХУ-ын RUSAL компанитай хэлэлцээр хийсэн гэж ойлгож байгаа зөв үү?

Үгүй, тэр бол ташаа мэдээлэл. Би Оросын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн RUSAL компанид ойролцоогоор 10 жил ажилласан. RUSAL компанид стратеги хариуцсан захирал, мөн Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан. RUSAL-ыг хөнгөн цагааны салбарын хамгийн том компани болгосон гол хэлцлүүдийг би удирдсан. 2010 онд RUSAL компанийн Хонгконг дахь IPO-г мөн хариуцсан. Үүний дараа би RUSAL-ийн толгой компани болох EN+ компанийн Гүйцэтгэх захирлаар ажилласан. Би 11 гаруй жилийн өмнө Оросын бизнесээс гарч, түүнээс хойш ямар ч холбоогүй болсон. 

Саудын Араб улс томоохон зорилго тавьж байна. Юуны өмнө тэд энэ арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Маш олон орны, олон төлөөлөгч оролцож байна. Өчигдөр сайд нарын дугуй ширээний уулзалт зохион байгуулагдсан. Таны бодлоор Саудын Араб улс газрын тосноос шат ахиж, ирээдүйн ашигт малтмалын салбарт гол тоглогч болж чадна гэж үзэж байна уу?

Саудын Араб уул уурхайн салбарт маш ухаалаг, зоримог арга барилаар хандаж байна. Тэд хурдтай хөдөлж, хөрөнгө оруулахаас айхгүй байна. Хөрөнгө оруулах хоёр арга бий. Нэгдүгээрт, Саудын Арабын компаниуд бас сангууд бусад улс оронд хөрөнгө оруулах эрмэлзэлтэй байна. Саудын Арабчууд Африк зэрэг бусад бүс нутгийг колоничилж байсан түүх үгүй, хүйтэн дайны үеэр аль нэг талд ороогүй, зөвлөлтийн нөлөөнд автаагүй тул улс орнууд ч таатай хүлээж авах болов уу. Түүнчлэн тухайн улс орондоо хөрөнгө оруулалтаар үл тогтох олон боломжийг бий болгох чадвартай төвийг сахисан улс. Хоёрдугаарт, тэд нефтийн хэт хамаарлаас салж, уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд төвлөрч байна. Тус улс өргөн уудам газар нутагтай учраас хайгуулын ажлууд үр дүнтэй байх нь гарцаагүй. Тэдний зоригтой бөгөөд хүчтэй хандлагыг би хувьдаа үнэлж байгаа. Энэ бол хамтран ажиллахад тохиромжтой сайн түнш.

Та энэ чиглэлээр Саудын Араб улсад ажиллах ямар нэгэн боломж харж байна уу?

Одоогоор тодорхой зүйл байхгүй ч хэд хэдэн яриа хэлэлцээ хийж байгаа. Сайн мэдээ дуулдана гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа.

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2025, №01 (038)