Монголын шинэ томьёо бол Хүн төвтэй хөгжил, ил тод засаглал

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Даваадалайтай Майнинг Инсайтын Н.Ариунтуяа ярилцлаа. 

Монгол Улсын 2026-2030 оны хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл УИХ-аар батлагдлаа. Үндсэн чиглэлийн гол зорилго нь юу юм бэ? Энэ концепц өмнөх таван жилийн чиглэлээс юугаараа ялгаатай, бас гол шинэчлэл, чиглэл нь юу вэ?


Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Монгол Улс зорилтоо таван жилээр тодорхойлдог болсноор эхний мөчлөг энэ жил дуусаж байна. Шинэ таван жилийн бодлого өмнөхөөсөө гурван том шинэчлэлээр ялгаатай.


Нэгдүгээрт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсөв, бодлогын баримт бичгийн уялдааг сайжруулсан. Өмнө нь стратеги нь нэг тийш, төсөв нь нөгөө тийш харсан, жил бүр төсвөө өөрчилдөг, бодлого тогтворгүй харагддаг тал байсан. Одоо бол олон улсын сайн туршлагатай адил том зургаа эхлээд тогтоож, түүнд тулгуурлан тооцоо, төсвөө гаргадаг тогтолцоо руу шилжихийг зорьж байна.  


Хоёрдугаарт, “Ерөнхий, хийсвэр” зорилтуудаас бүрэн татгалзаж, тоогоор хэмжигдэхүйц, шалгуур үзүүлэлт бүхий бодлого руу шилжсэн. Эстони, Өмнөд Солонгосын хөгжлийн төлөвлөлт ийм зарчмаар явдаг. Хэн хариуцах, ямар хугацаанд хүрэх, ямар хэмжүүрээр үнэлэгдэх нь тодорхой байдаг энэ тогтолцоо Монголд анх удаа бүрэн нэвтэрч байна.


Гуравдугаарт, Г.Занданшатар Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” урианы гол агуулга болох эдийн засгийн бүтцийн эмзэг байдлыг өөрчлөх зорилтыг гол болгосон. 

Дэлхийн банкны судалгаагаар 2004–2020 оны хооронд Монгол Улс уул уурхайгаас 22 тэрбум ам.долларын орлого олсон ч үүний 1 орчим хувийг л хуримтлуулж, ихэнх нь нийгмийн халамж, цалин тэтгэвэр, сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн зардалд зарцуулагдсан. Өргөн уудам нутаг, сул хөгжсөн дэд бүтэцтэй оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам гүүр барих, цалин тэтгэврээ санхүүжүүлэхээс өөр сонголтгүй. Үүн дээр нэмээд улс төрийн амлалтаас шалтгаалан халамжийн тогтолцоо тэлснээр өнөөдөр 70 гаруй халамжийн хөтөлбөр хэрэгжиж байна. Тиймээс хуримтлалаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Одоогийн байдлаар түүхий эдийн үнэ унах бүрт зөвхөн улсын эдийн засаг, төсөвт биш, айл өрх, иргэн бүрийн амьдралд хүртэл шууд нөлөөлдөг, савлагаа ихтэй ийм л эмзэг эдийн засгийн бүтэцтэй байна. Ковидын дараа түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор манай эдийн засаг харьцангуй сэргэсэн ч энэ өсөлт түр зуурын шинжтэй нь тодорхой байсан. Нүүрс болон бусад түүхий эд өндөр үнэтэй байх үед бид орлогоо хэр зөв зарцуулсан, хуримтлал үүсгэсэн эсэх, үнэ буурахад бэлэн байсан уу гэдэг асуулт тавигдаж байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр нүүрсний үнэ унаж эхлэхэд ам.долларын ханш 4000 төгрөгт дөхөж, валютын нөөц хумигдаж, төсвийн орлого 3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн нь эдийн засаг түүхий эдийн мөчлөгт хэт эмзэг байгаагийн илрэл. Иймээс цаашид ийм савлагаатай байдлыг давтахгүй, алдаа онооноосоо сургамж авч, орлогоо илүү оновчтой, хариуцлагатай зарцуулах шаардлага бий. Ерөнхий сайд Г.Занданшатарын дэвшүүлсэн “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” урианы суурь санаа нь энэ юм.


Уул уурхайд түшиглэсэн орнуудад түгээмэл ажиглагддаг нэг асуудал бол богино хугацаанд орж ирсэн их орлогоос ашиг хонжоо хайх, хуваах, ашиг сонирхлын сэдэл хүчтэй харагддаг явдал. Монголд ч ийм шинж тэмдгүүд бий. Орлого оллоо ч сав нь цоорхой бол мөнгө тогтдоггүйтэй адил  ил тод биш, алдагдалтай тогтолцооны завсраар баялгийн өгөөж алдагдсаар ирсэн. Тиймээс энэ “сав”-аа нөхөхийн тулд Засгийн газар баялгийн хулгай, авлигатай бодлогын түвшинд, сууриар нь тэмцэхийг зорьж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ирэх таван жилд бодлого дараах таван гол чиглэлд төвлөрнө. Үүнд, засаглалын шинэчлэл, хүний хөгжил (боловсрол, эрүүл мэнд, орон сууц) цахим шилжилт, эрчим хүч, байгаль орчин буюу ногоон хөгжил. Нэгтгэн хэлбэл, хүний хөгжил, төрийн өмчит компаниудын засаглал, төрийн албаны шинэчлэл, ногоон бодлого, эрчим хүч нь ирэх таван жилийн бодлогын цөм юм.


Тэгвэл эдгээр таван чиглэлд ямар бодит өөрчлөлт хийхийг зорьж байна вэ?


Нэгд, бүх салбарт ажиглагддаг авлига, хүнд суртал, хулгайтай бодитоор тэмцэхийн тулд төрийн өмчит компанийн (ТӨК) шинэчлэлийг хийхээс өөр сонголтгүй. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ТӨК байгаагийн ихэнх нь алдагдалтай, засаглал сул, үр ашиг багатай байна. Дэлхий нийтэд ТӨК-үүдийн засаглалыг сайжруулж, шаардлагагүй бол зоригтой хувьчилж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг туршлага түгээмэл. Казахстан 2015 онд “Самрук-Казына” сангийнхаа дор байсан 65 компанийг хувьчлалд оруулж, алдагдалтай байгууллагуудын бүтцийг цомхотгосноор үр ашиг 2.5 дахин өссөн. Гүрж төрийн өмчийн байгууллагын реформоор 900 гаруй байгууллагыг нэгтгэн, 200 гаруйг татан буулгаж, авлигын түвшинг эрс бууруулсан. Монгол Улс ч мөн заавал ТӨК байх шаардлагагүй салбаруудад хувьчлал явуулах, харин стратегийн цөөн ТӨК-ийг ашигтай, ил тод, хөрөнгө оруулагчдад нээлттэй засаглалтай болгох нь зүйтэй.


Төрийн бодлого эцсийн дүндээ түүнийг хэрэгжүүлж буй хүмүүсийн чадвар, ёс зүй, бүтээмжээс шууд хамаардаг. Иймээс төрийн албаны шинэчлэл зайлшгүй. Одоогийн байдлаар манай төрийн алба цалин багатай, олон нийтэд нэр хүнд сул байгаагийн зэрэгцээ 200 мянган албан хаагчийн тал нь эмч, багш нар байна. Эмч, багш нар бол бодит үйлчилгээ үзүүлэгчид. Харин цэвэр төрийн захиргааны албан хаагчид харьцангуй цөөн гэдгийг олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэй санагддаг. Гэхдээ нөгөө талдаа цифржуулалт, бүтцийн шинэчлэл хийх замаар орон тоог оновчтой болгож, цалинг өсгөх шаардлага бий. 100 хүнд ногдох төрийн албан хаагчийн тоог оновчтой түвшинд хүргэж, “цуцалсан орон тоогоор цалинг нэмэх” зарчмаар нэр хүнд, бүтээмжийг бодитоор өсгөнө. 

Хоёрт, Монгол Улсад бодит давуу талууд байна. Юуны өмнө, дэлхийд өрсөлдөх чадвартай, олон салбарт амжилт гаргаж буй шинэ үеийн хүчирхэг залуу үе. Энэхүү хүний нөөц бол улс орны хамгийн үнэт баялаг. Тиймээс Засгийн газар нөөц баялгаас олсон орлогоо хүний хөгжилд чиглүүлж, бодит үр дүнд хүргэх зорилт тавьж байна. Өмнөх Засгийн газруудын үед иргэдийн амьдралд наалдахгүй “том төслүүд”-ийг хэт их ярьдаг гэх шүүмжлэл гардаг байсан. Иймээс Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх 5 жилд хүний хөгжлийн том шинэчлэл хийхээр зорьж, үүний хүрээнд: Боловсрол, Эрүүл мэнд, Орон сууц гэсэн гурван асуудлыг нэн тэргүүнд шийдэх бодлого баримталж байна.


Боловсролын шинэчлэл бол дэлхийн хурдаас хоцрохгүй байх амин асуудал. Хиймэл оюун ухаан дэлхийн боловсролын системийг бүрэн өөрчилж байна. Хятад хиймэл оюуны суурь хичээлийг нэгдүгээр ангиас нь зааж эхэлсэн. Сингапур “skills-first” буюу ур чадвар төвтэй тогтолцоонд бүрэн шилжиж, сурагч бүрийг хувь хүний хүчээр хөгжүүлэх систем нэвтрүүлсэн. Финланд төсөлд суурилсан суралцахуйг нийтлэг болгож, хоцрогдлыг 80%-иар бууруулсан. Монгол Улс ч ийм шинэ чиг хандлагад нийцүүлэн суралцахүйн агуулга, арга зүй, багшийн хөгжлийн тогтолцоогоо цогцоор нь шинэчилнэ.


Орон сууцжуулалт бол дундаж давхаргыг тэлэх бодит түлхүүр. Ипотекийн 6%-ийн хөтөлбөрт иргэд дассан ч эх үүсвэр нь тогтвортой биш. Шаардлага нь 2-3 жилээр хүлээгдэх хэмжээнд хүрсэн. Үүнийг шийдэхийн тулд орон сууцны банк байгуулах, дотоод эх үүсвэр дээрээ ногоон санхүүжилт татах, зээлийн бүтээгдэхүүнээ ялгаатай, уян хатан болгох, тухайлбал, олон хүүхэдтэй айл өрх, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлэгт тодорхой хөнгөлөлттэй нөхцөл хэрэгжүүлэх учиртай. Чили Ногоон ипотекийн зээлээр эрчим хүчний хэмнэлттэй байр худалдан авсан иргэдэд хүүгийн буцаан олголт олгож, эрэлт, нийлүүлэлтийг зэрэг өсгөж чадсан. Турк 10 жил үргэлжилсэн “TOKi” хөтөлбөрөөр 1.3 сая айлыг орон сууцжуулсан туршлагатай. Монгол Улс ч орон сууцжилтыг 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байна.


Гуравт, авлигыг үндсээр нь таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга бол цахимжилт. Гааль, татварын систем, зөвшөөрлийн процесс гээд хаана ч хүн оролцож, ашиг хайх боломж байгаа бол авлига үргэлжилнэ. Иймээс төрийн үйлчилгээний процессыг хүнээс бүрэн салгах, 100% цахим, хиймэл оюунд суурилсан, хувийн оролцоогүй тогтолцоонд шилжинэ. Төрийн 900 гаруй үйлчилгээг 100% хүний оролцоогүй болгох зорилт тавьж байна.


Дөрөвт, эрчим хүч. XXI зуунд эрчим хүчний доголдол бол хөгжлийн хамгийн том саад. Монгол Улс суурь хүчин чадлаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эх үүсвэрт хөрөнгө оруулалт татах өргөн боломжтой. Казахстан ACWA Power-тай хамтран 1.5 GW нар-салхины парк барьж, 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Узбекистан 5 жилийн дотор сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа 20 дахин өсгөсөн. Марокко Нарны “Нур” төсөлтэй болсноор эрчим хүчний хараат байдлыг эрс бууруулсан. Монгол Улс ч сэргээгдэх болон ногоон эрчим хүчний төслүүдээр гадаад хөрөнгө татах, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, экспортоор гаргах зорилттой байна.


Тавд, бүхий л салбарт байгаль орчинд ээлтэй хөгжлийг нэн тэргүүнд тавина.  Манай нийт газар нутгийн 77 хувь цөлжилттэй, үүний 50 хувь хүнд хэлбэрт байна. Ган, зудын давтамж өсөж, усны нөөц хумигдаж буй нь үндэсний аюулгүй байдлын асуудал болж байна. Иймээс “Тэрбум мод” хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэх, ойгоо 8-аас 9 хувь болгон нэмэгдүүлэх, усны нөөц, бэлчээрийн даацын бодлогыг шинэчлэх шаардлагатай. Саудын Арабын “Green Middle East”, Хятадын цөлжилттэй тэмцсэн “Ногоон их цаас” (Great Green Wall) төсөл, Израилийн усны менежментийн шинэчлэл зэрэг нь байгаль орчны ноцтой асуудлыг зөв бодлого, санхүүжилтээр амжилттай шийдвэрлэх боломжтойг харуулсан. Ирэх жил Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах Уур амьсгал, цөлжилтийн эсрэг дэлхийн удирдагчдын чуулган COP17 нь олон улсын хөрөнгө татах том боломж болно.


Энэ таван чиглэл бодлого юм уу, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалт уу? Хэрвээ жагсаалт бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс юугаараа ялгарч байгаа вэ?


Үнэн хэрэгтээ энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны жагсаалт биш, харин Монгол Улсын ирэх 5 жилийн стратегийн чиглэл, бодлогын түвшний зорилтууд юм. Ийм утгаараа эдгээр чиглэл нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хэд хэдэн үндсэн зарчмаар ялгарна.


Нэгдүгээрт, аливаа улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд тодорхой эрэмбэ дараалалтай, логик бүтэцтэй байдаг. Манай улсын хувьд 3 жилийн төсвийн дунд хугацааны төсөөлөл тавдугаар сард батлагдсан ч, наймдугаар сард жилийн төсвөө батлахдаа өмнөх төсөөллөө өөрчилсөн нь олон нийтийн дунд тодорхой эргэлзээ төрүүлсэн. Зүй нь эхлээд 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлээ баталж, том зургаа хараад, түүндээ нийцүүлэн жил жилийн төсөв, салбарын хөтөлбөрүүд, яамдын үйл ажиллагааны төлөвлөгөөг дараалан уялдуулж оролцуулах нь тогтолцооны зөв зарчим юм.


Хоёрдугаарт, 5 жилийн үндсэн чиглэл бол стратегийн бодлого. Энэ нь “юуг хийх вэ” гэдгийг томоор зааж өгдөг бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “яаж хийх вэ, ямар төсөл, ямар хугацаанд, ямар үзүүлэлтээр хэмжих вэ” гэдгийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл бодлого болон хэрэгжүүлэх төлөвлөгөө гэсэн хоёр өөр түвшин юм. Энэ утгаараа 5 жилийн үндсэн чиглэл нь нэгдсэн алсын хараа, тэргүүлэх зорилт, үндсэн шалгуур үзүүлэлт, бодлогын хүрээг тодорхойлох стратегийн баримт бичиг. Тиймээс хэрэгжилтийн нарийвчилсан төсөл, хөтөлбөрийг өөртөө багтаадаггүй.


Гуравдугаарт, 5 жилийн чиглэл нь УИХ-аар батлагддаг учраас хуультай дүйцэх эрх зүйн баримт бичиг, зайлшгүй дагаж мөрдөх бодлогын чиг баримжаа болдог. Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь хууль биш, гүйцэтгэх засаглалын хэрэгжилтийн төлөвлөгөө юм. Өөрөөр хэлбэл, 5 жилийн чиглэл нь бүх яам, агентлагт заавал мөрдөх бодлогын суурь, үүний дараа хийгдэх төслүүд бол тэр бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслүүд. Тиймээс Монгол Улсын 5 жилийн үндсэн чиглэл бол төсөл, хөтөлбөрийн жагсаалт биш, харин улс орны хөгжлийн нэгдсэн бодлого, стратегийн баримжаа юм. Засгийн газар, яамд, агентлагууд үүний дагуу үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг гаргаж, төсвөө оновчтой төлөвлөх ёстой.


Үндсэн чиглэлийн ерөнхий концепцийн хүрээнд ирэх 5 жилд эдийн засгийн тэлэлт ямар байх вэ? Тухайлбал ДНБ хэд болно гэсэн төсөөлөл байгаа вэ?


Ирэх 5 жилд эдийн засгийн өсөлт жилийн дунджаар 6 хувь орчим гэсэн төсөөлөлтэй байна. Энэ жил ДНБ 90 их наяд төгрөг орчим гэж үзвэл, жил бүр 6 хувиар тогтмол өсөхөд ирэх жил 100 гаруй их наяд, 5 жилийн дараа 150-160 орчим их наяд төгрөгийн эдийн засагтай болох тооцоо гарч байна.


2022 онд эдийн засаг ердөө 40 их наяд төгрөг байсан. Харин сүүлийн гурван жилд нүүрсний экспортын хэмжээ, үнэ огцом өссөн нь эдийн засгийг хурдацтай тэлэхэд голлон нөлөөлсөн. Ковидын дараах сэргэлтийн хүрээнд БНХАУ эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлж, эрэлтээ өсгөснөөр Монгол Улс нүүрсээ урьд өмнөхөөс илүү хэмжээгээр, илүү таатай нөхцөлөөр борлуулж чадсан. Үүний үр дүнд эдийн засгийн хэмжээ богино хугацаанд тэлсэн юм шиг зураглал харагдаж байгаа ч энэ өсөлт нь нүүрсний экспортоос хамаарсан циклийн өсөлт гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс ирэх 5 жилийн зорилго бол энэхүү мөчлөгт хамаарлаас ангид, тогтвортой, олон тулгуурт өсөлт бий болгох юм. Уул уурхайн богино хугацааны өсөлтийг реформ, бүтээмж, хөрөнгө оруулалтын чанартай бодлоготой хослуулах нь урт хугацааны тогтвортой өсөлтийн үндэс болдог.


Засгийн газраас эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэх бодлого юунд чиглэх вэ? Салбарын хөгжлийн дунд хугацааны чиглэлийг хэрхэн тодорхойлж байгаа бол?


Нэгдүгээрт, дэлхийн зах зээлийн төлөв, ялангуяа БНХАУ-ын бодлогоос харахад 2030 он хүртэл нүүрсний эрэлт тогтвортой өндөр байх урьдчилсан төлөвтэй бөгөөд түүнээс хойш нүүрсийг үе шаттай хязгаарлах бодлого хэрэгжүүлэхээр байна. Иймээс ирэх 5 жилд нүүрсний экспортын боломж нээлттэй хэвээр боловч үнэ огцом өсөхгүй, дунджаар тонн тутамд 80 ам.долларын түвшинд тогтвортой байна гэж тооцож байна.


Хоёрдугаарт, салбарын ирээдүйтэй боломж нь хайгуулыг эрчимжүүлэх явдал. Ашигт малтмалын нөөцөө бодитоор нэмэгдүүлэхгүй бол салбарын өсөлт, орлогын суурь хумигдана. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах, геологийн мэдээллийг ил тод болгох зэрэг шийдлүүдийг боловсруулж байна. Австрали геологийн нээлттэй мэдээллийн бодлогоор хайгуулын хөрөнгө оруулалтаа хэдэн дахин өсгөсөн, Казахстан лицензийн шинэчлэлээр олон улсын компаниудыг татсан жишээ байна.


Гуравдугаарт, төрийн өмчит компанийн реформ хийнэ. Шинэчлэлийн гол чиглэл нь ил тод, олон нийтийн хяналттай засаглал. “Эрдэнэс Тавантолгой”-г 5 жилийн дотор олон нийтийн компани болгож өөрчилнө. Олон улсын аудит явагдаж байгаа. 2027 оны эхний хагаст компанийн 10-20 хувийг Хөрөнгийн биржээр арилжих боломжтой гэж үзэж байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн 30 гаруй компанийн бүтцийг шинээр харах, алдагдалтай компаниуд дээр зоригтой шийдвэр гаргах, худалдан авалтыг 100% цахимжуулах зорилт тавьсан. Эрдэнэт үйлдвэрт туршсан цахим худалдан авалтын загварыг 2026 он гэхэд 3–4 том компанид нэвтрүүлнэ.


Дөрөвдүгээрт, газрын ховор элемент тэргүүтэй стратегийн түүхий эдийн чиглэлд хөрөнгө оруулалт татах бодлого баримталж байна. Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд шинэ тоглогчид шаардлагатай болсон энэ үед Монгол Улс давуу талтай байр сууриа ашиглах боломжтой. Жишээ нь Австрали, АНУ, Япон газрын ховрын нийлүүлэлтийг төрөлжүүлэх бодлогоор шинэ түнш орнуудыг дэмжиж байна.


Ерөнхий сайд Г.Занданшатар “Баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн. Бодлогын түвшинд үүнд ямар шийдэл байгаа вэ?


Бодлогын шийдэл нь нэг удаагийн арга хэмжээ бус, системийн бүрэн шинэчлэл юм.


Нэгд, баялгийн хулгайг үндсээр нь таслах хамгийн үр дүнтэй арга бол төрийн өмчит компаниудыг олон нийтийн буюу иргэдийн оролцоотой, ил тод, хариуцлагатай загварт шилжүүлэх. Хууль хяналтын байгууллага ганц нэгэнд хариуцлага тооцсон ч систем өөрчлөгдөхгүй бол асуудал давтагдсаар байдаг. Иймээс улс төрийн нөлөөллөөс ангид болгох, удирдлагын томилгоо, шийдвэрийг ил тод болгох, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, худалдан авалт, гэрээ, шийдвэрийн процессийг 100% цахимжуулах нь бодлогын үндсэн чиглэл болно.


Хоёрт, Бортээгийн ордыг ил тод, өрсөлдөөнт загвараар эдийн засгийн эргэлтэд үр ашигтай оруулах шийдлийг тодорхойлох асуудал. Засгийн газар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр үр ашиг санал болгосон хөрөнгө оруулагчтай хамтран ажиллана. Компаниа ил тод гэрээний үндсэн дээр хамтран ашиглалтад оруулдаг загвар цөөнгүй байна. Жишээ нь Казахстан ашиглалтын зарим ордоо нээлттэй тендерээр олгож эхэлснээр хөрөнгө оруулалтын өрсөлдөөн нэмэгдэж, ил тод байдал сайжирсан.


Гуравт, баялгийн хулгайтай холбоотой тодорхой хэргүүдийг эцэслэн мухарлаж, иргэдийн мэдэх эрхийг хангах нь маш чухал. Шалгалт, хяналтын ажиллагаа хугацаа шаарддаг ч хэргүүдийг удаан үргэлжлүүлэх нь “хулгайч ч юм шиг, үгүй ч юм шиг” тодорхойгүй байдал үүсгэн, иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулдаг. Иймээс хэрэг бүрийн явцыг ил тод мэдээлж, мөрдөн шалгах байгууллагын уялдаа холбоог сайжруулж, улс төрийн нөлөөг хязгаарлаж тодорхой хэргүүдийг бүрэн шийдвэрлэдэг байх нь зүйтэй болов уу.


Нэмж ТӨК-иуд байгуулагдах уу? Яагаад гэхээр Баялгийн сангийн хууль батлагдсанаас хойш эдийн засагт нөлөө бүхий ордуудыг төрд авах нь гэсэн ойлголт ялангуяа өмнөх Засгийн газрын үед газар авсан. Энэ бодлого үргэлжлэх үү?  


Засгийн газрын бодлого бол төрийн бүтцийг аль болох тэлэхгүй, шинэ ТӨК-үүд олноор байгуулахгүй байх. Баялгийн сангийн хуулийн хэрэгжилт нь “төр бүх ордыг өөртөө авах” гэсэн зорилготой биш, харин төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шударга, тэнцвэртэй болгох зорилготой юм. Одоогийн байдлаар өмнөх Засгийн газрын үед эхэлсэн Эрдэнэтийн овоолго дэр ажиллаж байгаа гурван үүсмэл ордын хэлэлцээр үргэлжилж байна. Ажлын хэсгийн мэдээллээр эдгээр асуудал ойрын хугацаанд шийдэгдэх төлөвтэй. Шинэ компани байгуулах шаардлагагүй, “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд хувь эзэмших хэлбэрээр менежментээ хэрэгжүүлэх боломж нээлттэй.


Баялгийн сангийн хуулийн хүрээнд төрийн эзэмшлийн хувийн зохицуулалт нь хуулиар хоёр үндсэн нөхцөл тодорхой заагдсан. 1. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд - Төр тухайн орд дээр үйл ажиллагаа явуулж буй компанийн 50 хүртэлх хувийг эзэмших эрхтэй. Энэ бол нөөц тогтоох зардлыг татвар төлөгч гаргасан учраас төрийн эзэмшил тодорхой түвшинд байх нь зүйтэй гэсэн зарчим. 2. Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд - Хувийн хэвшил бүх эрсдэлийг өөрөө үүрсэн бол төр тэдний оруулсан хөрөнгөд 34 хүртэлх хувиар дүйцэх хэмжээнд хувь эзэмших боломжтой. Энэ механизмыг хувийн хэвшил хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэлэлцээ нээлттэй явагдаж байна. Өөрөөр хэлбэл, төр бүх ордыг хүчээр өөртөө авах биш, харин хөрөнгө оруулалтын бүтэц, эрсдэл, өгөөжийг харгалзан тэнцвэртэй эзэмшлийн загвар хэрэгжүүлнэ гэсэн үг. Хувийн хэвшилтэй харилцах бодлогын хувьд шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш стратегийн орд эзэмшигч хэд хэдэн компаниудтай хоёр удаагийн уулзалт хийсэн. Ордуудын үнэлгээ, хөрөнгө оруулалтын түүх, нөөцийн тодорхойлолт бүрийг нарийвчлан үнэлэх шаардлагатай учраас тодорхой хугацаа орно. Засгийн газар хурдтай, зохион байгуулалттай ажиллаж, талуудын ашигт тэнцвэрийг хангах шийдэл гаргана. Энэ бол эрх мэдэл тэлэх бодлого биш, харин тогтвортой, шударга орд ашиглалтын эргэх холбоотой загвар тогтоох зорилготой. Ижил төстэй орнуудын жишээ гэвэл Казахстан стратегийн ордуудад төрийн 50%-ийн оролцоог хадгалдаг ч, ТӨК-үүдийг нэмэх бус харин “Самрук-Казына” нэгдэлдээ нэгтгэж, удирдлагын үр ашгийг сайжруулсан. Норвеги төрийн оролцоотой ордуудыг шинэ компани байгуулалгүйгээр “Equinor” нэгдлийн дор төвлөрүүлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг. Чили стратегийн ордод төрийн тодорхой хувийг хадгалдаг ч шинэ ТӨК байгуулахгүй, харин Codelco-ийн бүтцийг бэхжүүлж ирсэн. Монгол Улсын чиглэл ч үүнтэй ижил байна. Манлайлах нэгтгэлээ бэхжүүлж, олон жижиг ТӨК байгуулахгүйгээр засаглалыг сайжруулж, хувийн хэвшилтэй шударгаар хамтарна.


Ерөнхий сайд стратегийн орд эзэмшигч компаниудтай уулзах үеэрээ татваруудыг нэгтгэн Баялгийн татварын нэгдсэн тогтолцоо бий болгох санаачилгаа танилцуулсан. “50+1 хувийн Баялгийн татвар” гэдэг нь юуг хэлж байна вэ? Шинэ татвар гаргах юм уу? Эсвэл татварууд дотор нь зохицуулалт хийх юм уу? Үүний цаана тооцоо, судалгаа, аргачлал хийгдсэн үү, хийгдэж байна уу, хийгдэх үү? 


Ерөнхий сайдын хэлсэн “50+1 хувийн Баялгийн татварын нэгдсэн тогтолцоо” гэдэг нь шинэ татвар бий болгох гэсэн санаа биш, харин уул уурхайн татварын одоогийн тархай бутархай тогтолцоог нэг стандарт, нэг ойлголттой болгох зорилготой санаачилга юм.


Нэгд, шинэ татвар бий болгохгүй. Одоо байгаа татварууд (ААНОАТ, НӨАТ, НӨАТ-д ногдох суутгал, АМНАТ, нийгмийн даатгал, ОНХС-ийн хуваарилалт гэх мэт) хоорондоо уялдаагүй, иргэдэд ойлгомжгүй байгаа тул “нэг сагсанд нэгтгэж”, ил тод, зорилтот бүтэцтэй болгох тухай ярьж байна. 50+1 хувийн зарчим гэдэг нь уул уурхайгаас төвлөрч буй нийт татвар, төлбөрийн урсгалуудыг нэгтгэхдээ төр, орон нутаг, иргэдэд очих хүртээмжийн хувь тодорхой байх, компанийн төлсөн татвар хаашаа, ямар сувгаар очдгийг ил тод харуулдаг нэг загвар бий болгох, уул уурхайн орлого “хаашаа ордог нь ойлгомжгүй” гэсэн олон жилийн үл итгэлцлийг арилгах зорилготой.


Хоёрт, энэ санаачилгын зорилго бол татвар нэмэх биш, тогтолцооны ойлгомжгүй сувгийг ил тод болгох. Олон нийт “уул уурхай их орлого олдог, гэхдээ иргэн бидэнд ирдэггүй” гэж шүүмжилдэг. Гэтэл компаниуд татвараа төлдөг, зарим нь орон нутгийн нэмэлт төлбөр ч өгдөг. Гол асуудал нь аль компани аль сумын иргэнд хэдий хэмжээний өгөөж өгдөг нь ямар сувгаар дамждаг нь тодорхой харагддаггүй явдал. Шинэ тогтолцооны хувьд иргэдийн мэдэх эрхийг хангах, хувийн хэвшлийн төлсөн татвар ард түмний амьдралд хэрхэн бууж буйг ойлгомжтой болгох, татварын дарамт нэмэхгүйгээр, харин итгэлцлийг бий болгох зорилготой.


Гуравт, зарим том төслийн өгөөж ялгаатай байгааг засах шаардлага бий. Жишээлбэл: Эрдэнэт үйлдвэр: нөөц, хүчин чадлын хувьд Оюутолгойгоос жижиг ч төсөвт жил бүр илүү их орлого төвлөрүүлдэг. Оюутолгой: Тогтворжуулалтын гэрээтэй учир татварын өгөөж нь харьцангуй бага. Энэ мэт эрс ялгаатай өгөөжтэй төслүүдийн тохиргоог сайжруулах, шударга, тэнцвэртэй болгож харах асуудал яригдаж байгаа. Гэхдээ энэ нь татварын дарамт нэмэх биш, харин бодлогын уялдаа, аргачлалыг сайжруулах алхам юм. Татварын нэгдсэн тогтолцооны загвар, аргачлал дээр мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа, цаашид нэгдсэн татварын матриц, орлого хуваарилалтын загвар, төсөв–орон нутаг–иргэдийн хүртээмжийн схем гэх мэт нарийвчилсан тооцоолол хийгдэнэ. Ижил төстэй орнуудын туршлагыг харвал, Норвеги нефтийн бүх татварыг “нэгдсэн орлогын сагс”-аар удирдаж, иргэдэд ойлгомжтой тайлагнадаг. 
Чили зэсийн татварын тогтолцоог нэг загварт нэгтгэснээр авлига, үл итгэлцэл багассан. Казахстан уул уурхайн татвар, роялти, орон нутгийн төлбөрүүдийг нэгтгэсэн “Unified Tax Model” тогтолцоог 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Монголын зорилго ч эдгээр сайн туршлагуудтай адил, татвар нэмэхгүйгээр, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар итгэлцэл, шударга өрсөлдөөнийг хангах юм.


Ерөнхий сайд Ирээдүй өв сангийн хөрөнгийг 3 хувийн өгөөжтэй хадгалаад суухаас илүүтэй орон сууц, агаарын бохирдол зэрэг өнөөгийн нийгмийн асуудлыг шийдэх зардалтай уялдуулах санаагаа илэрхийлж байсан. Үүний эдийн засгийн үндэслэл, урт хугацааны тогтвортой байдал нь хэр баталгаатай байх вэ?


Ерөнхий сайд Ирээдүй өв сангийн хөрөнгийг 3–4 хувийн өгөөжтэй гадаадад хадгалаад суухын оронд орон сууц, агаарын бохирдол зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлуудтай уялдуулах хэрэгтэй гэсэн санаагаа илэрхийлсэн эдийн засгийн үндэслэл нь дараах логик дээр тулгуурлаж байгаа.


Нэгд, манай улсын орлогын гол эх үүсвэр уул уурхай хэвээр байгаа тул богино хугацаанд бодит ахиц гаргахын тулд том хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардлагатай. Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг салбаруудын өсөлт 5-10 жилийн дараа үр дүнгээ өгнө. Харин өнөөдрийн орон сууц, агаарын бохирдол, амьжиргааны асуудлууд яаралтай хөрөнгө шаардсан бодит сорилтууд хэвээр байна.


Хоёрт, Ирээдүй өв санд хуримтлагдсан 1 тэрбум гаруй ам.доллар жилдээ 3-4% өгөөжтэй байдлаар гадаадад байршиж байгаа ч нөгөө талд Монгол Улс дотоодын хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхийн тулд 10% хүртэлх хүүтэй зээл авч байна. Энэ нь эдийн засгийн хувьд өсөлтийн алдагдсан боломж үүсгэж буй хэлбэр юм. Зөв менежменттэйгээр сангийн тодорхой хувийг дотоодын өндөр өгөөжтэй нийгмийн төсөлд зарцуулах нь урт хугацаанд сангийн өөрийн өгөөжийг ч нэмэгдүүлэх боломжтой.


Гуравт, олон улсын загварууд ихэнхдээ сангийн хөрөнгийг гадаадад байршуулдаг боловч ийм загварыг хэрэгжүүлдэг улсууд болох Норвеги, Чили зэрэг нь орон сууц, дэд бүтэц, агаарын чанар зэрэг суурь асуудлуудаа бүрэн шийдсэн өндөр хөгжилтэй орнууд. Монгол Улсын хувьд суурь асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгаа учраас Ерөнхий сайд “Бид том асуудлуудаа шийдээгүй байж бага өгөөжтэй хөрөнгө хадгалаад суух нь хөгжлийн боломжийг алдаж байна” гэсэн санааг хэлж байгаа юм.


Зарим жишээ дурдвал, Сингапурын Temasek сан – хөрөнгийн тодорхой хувийг улсын дотоодын стратегийн төслүүдэд (орон сууц, дэд бүтэц, инновац) эрсдэл удирдаж байршуулснаар улс орны хөгжлийн хурдыг нэмэгдүүлж, сангийн өөрийн өгөөжийг өсгөн, эдийн засгийг төрөлжүүлж чадсан. Өмнөд Солонгосын Хөгжлийн санхүүгийн загвар – хуримтлалын тодорхой хэсгийг орон сууц, үйлдвэрлэл, экспортын дэд бүтцэд чиглүүлснээр эдийн засгийг богино хугацаанд тогтвортой өсөлтөд хүргэсэн.


Стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг ил болгох, дууссан гэрээнүүдийг дахин нягтлан алдагдсан боломжийг үнэлэн, төрийн эзэмшлийн хувь тогтоох эсэхийг дүгнэх агуулгатай Ерөнхий сайдын албан даалгавар гарсан. Үүний бодлогын үндэслэл, шийдвэр гаргалт ямар шалгуурт тулгуурлах вэ?


Ерөнхий сайдын албан даалгаврын бодлогын үндэслэл нь төр өнгөрсөн туршлагаасаа сургамж аван, цаашид илүү шударга, илүү үр ашигтай гэрээ байгуулах зорилготой. Үндсэн зарчим нь энгийн. Гэрээ дууссан компани бүр дээр тухайн үед ямар боломж байсан, ямар өгөөж авах боломжоо алдсан эсэхийг мэргэжлийн үнэлгээгээр шалгах. Боломж байсан бол дахин хэлэлцээр хийх, нөхцөлийг сайжруулах хувилбар хайх. Боломжгүй бол ядаж урт хугацааны сургамж авч, цаашдын гэрээ хэлцэлд алдаагаа давтахгүй байх бодлогын суурь мэдээлэл болгох. Энэ нь шинэ маргаан үүсгэх зорилготой биш, харин “Өнгөрсөн алдагдсан боломжийг нэг удаа бодитоор үнэлж, ирээдүйн төслүүд дээр давтахгүй байх институцийн сургамж бий болгох” гэсэн зарчим юм.  Бусад орны жишээг харвал, Чилийн Зэсийн гэрээг дахин үнэлсэн туршлага байна. Чили зэсийн ордуудын гэрээ дуусах мөчид “economic rent analysis” хийж, улс ямар өгөөж алдсан эсэхийг тооцон, дараагийн гэрээнүүдийн татвар, роялти, оролцооны загварыг сайжруулсан. Ингэснээр шинэ гэрээнүүд дээр улсын өгөөж 10–15% нэмэгдсэн. Казахстаны Тогтворжуулалтын гэрээг шалгасан туршлагаар 2015 оноос эхлэн уул уурхайн 25 гэрээг дахин нягталж, зарим гэрээ дуусмагц нөхцөлийг шинэчлэн сайжруулсан. Зөвхөн “Өмнө нь алдсан боломжоо үнэлэх” ажлын хүрээнд хийсэн өөрчлөлтүүдээр улсын хандивлаж буй өгөөж жилийн дүнгээр хэдэн зуун сая ам.доллараар нэмэгдсэн байдаг. 


Ярилцсанд баярлалаа.

Майнинг Инсайт сэтгүүл, Арваннэгдүгээр сар 2025