Г.Дамдинням: Ажлын хэсэг Рио Тинтотой маргааш хуралдаж, хэлэлцээрт орж, үр дүн гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өнөөдөр (2026.03.11) хүргэлээ. 

"Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинтотой хийх хэлэлцээрийн үйл ажиллагаа Ерөнхий сайдын 67, 68 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг үргэлжлүүлж байна. Ажлын хэсгийн зээлтэй холбоотой асуудлыг Сангийн Б.Жавхлан, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлд АҮЭБ-ийн сайд миний бие хариуцаж байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатар болон бусад хүмүүс саяхан Рио Тинтогийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийсэн. Манай Засгийн баримталж буй байр суурь бол "Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг". 

Авсан зээлийн өгөөж Рио Тинто талд ашиг олж, Монгол талд өр болж байгаа шударга бус явдлыг тэвчихгүй. Тиймээс энэ асуудлыг нухацтай авч үзэн зээлийн хүүг эрс бууруулахад анхаарал хандуулах, менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулах саналыг тавьсан. Мөн зэс, алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн энэ үед форвард, голд стрийм санхүүгийн хэрэгслүүдийг ашиглаж урьдчилсан хэлцлүүдийг хийж, илүү олж байгаа орлогоос Монголын ард түмэнд ногдол ашиг өгөх шаардлагыг Рио Тинтод тавьсан. Рио тинто Ерөнхий сайдын өгсөн эдгээр шаардлагыг хүлээн авч байгаа. 

Монгол Улсын Засгийн газар Рио Тинтотой хэрэгжүүлж буй төслийн 60-аас доошгүй хувийг Монголын тал хүртэх ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлсэн. Энэ хүрээнд байгуулагдсан хоёр Ажлын хэсэг шинэчилсэн шийдвэрийг гаргалаа. Ажлын хэсэг Рио Тинтотой маргааш хуралдаж, хэлэлцээрт орж, үр дүн гаргана. 

Эхний үр дүн гарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Оны өмнө хоёр Ажлын хэсэг зээлийн хүүг долоон жилд нэг удаа авч хэлэлцэж байсан түгжээг авч хаяхыг хоёр талаас дэмжиж гарын үсэг зурсан. Үр дүн гартал үүнийг хоёр тал хэлэлцэнэ. Мөн менежментийн төлбөрийг бууруулна гэдэг протокол үйлдсэн гэсэн амжилт өнгөрсөн хугацаанд гарсан" гэв.