“Оюутолгой” ХХК-д дахин 1.6 их наяд төгрөгийн татварын акт тавьжээ

С.Болд-Эрдэнэ

Монголын Татварын Ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-д 1.6 их наяд төгрөгийн /ойролцоогоор 440 сая ам.доллар/ татварын акт тавьсан байна. Энэ  нь 2021 болон 2022 оныг хамарсан санхүүгийн жилийн санхүүгийн тайланд хийсэн аудиттай холбоотой аж.

 Энэхүү татварын актыг хоёрдугаар сарын 11-нд  “Оюутолгой” компанид хүргүүлсэн бөгөөд “Рио Тинто” хоёрдугаар сарын 19-нд хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдсэн байна. “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгч талуудын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Монголын холбогдох хууль тогтоомжуудтай нийцэхгүй байгаа хэмээн “Рио Тинто” мэдэгджээ. Мөн уг асуудлаар Засгийн газартай яриа хэлэлцээ хийх зэргээр холбогдох хуулийн дагуу хариу арга хэмжээ авахаа дурджээ. 

 Өмнө нь “Оюутолгой” компанид 3 удаа татварын акт тавьж байсан. Нийтдээ 477 гаруй сая ам.доллараар хэмжигддэг. Менежментийн төлбөр болон зээлийн хүүд суутгалын татвар ногдуулаагүй үндэслэлээр нийт мөнгөн дүнгийн дийлэнх нь хамаарч байсан. Харин энэ удаад татварын акт тавьсан дүн нь өнгөрсөн 10 гаруй жилд татварын акт тавьсан нийт дүнтэй дүйхүйц байгаа бөгөөд гол дүнг нь ААНОАТ-ын зөрчил эзэлж байгаа аж. 

 Өчигдөр /3-р сарын 9/ Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто болон “Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж, зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах “Рио Тинто”-гийн саналыг хүлээн авах боломжгүйгээ илэрхийлсэн. Энэхүү уулзалтад “Рио Тинто”-гийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Кэйти Жаксоноос гадна “Рио Тинто” компанийн Санхүү эрхэлсэн захирал Питер Каннингэм оролцсон юм.