Н.Учрал: Оюутолгойн менежментийн зардлыг $2.2 тэрбумаар буурууллаа

Оюутолгойн менежментийн зардал болон хувь нийлүүлэгчдийн хүү буурсан, мөн ногдол ашиг авах болсон талаар Ерөнхий сайд Н.Учрал олон нийтэд хандан өчигдөр (2026.06.30) мэдэгдэл гаргалаа. 

Тэрбээр хэлэхдээ, “Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгойн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 их наяд орчим төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 их наяд орчим төгрөгөөр нэмэгдүүлж чадсан сайн мэдээг дуулгаж байсан бол өнөөдөр эхний 100 хоногийн босгон дээр Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар Оюутолгойн баялгаас өр зээлэнд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. 

Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 их наяд орчим төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. 

Хоёрдугаарт, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам буурах цонх нээгддэг байсныг 3 жил тутам эргэж харж хэлэлцдэг болгож чадлаа. 

Гуравдугаарт, энэ жил бид Оюутолгойгоос ногдол ашиг авна. Энэ асуудлыг Рио Тинтотой ажиллахаар тохиролцож чадлаа. Хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойгоос төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 их наяд орчим төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум орчим ам.доллар буюу 13 их наяд орчим төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. 

Оюутолгойн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашид хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж, үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. 

Монгол төрийн наадмын өмнөхөн монголчууд эрх ашгаа хаанахын, хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгийг нотлон харуулж чадлаа. Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. 

Бид ардчилсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж, хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж, үр дүнд хүрч чадсан хөрөнгө оруулагч талд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. 

Оюутолгойн бүлэг ордын Онтрэгийн хэлэлцээрийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж, УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өнөөдөр өгч байна.

Оюутолгой тойрсон асуудлуудад цэг тавих хэлэлцээрүүдийг амжилттай удирдан зохион байгуулж, мэдлэг боловсролоороо даруухнаар эх орныхоо төлөө хичээн зүтгэсэн Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Сангийн сайд З.Мэндсайхан,  Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр болон хэлэлцээрийн багийн хамт олон, төрийн алба хаагчдаараа бахархаж, талархаж байгаагаа илэрхийлье. 

Тус төслийг амжилттай, Монголын ард түмэнд илүү үр өгөөжтэй байлгахын төлөө санаа тавьж ирсэн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм  гишүүддээ талархаж байна. Энэ бол монголчууд бид эвлэлдэн нэгдэж, улс орныхоо эрх ашгийн төлөө шударгаар нэгдэн зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддагийн нэгэн жишээ болон түүхэнд тод мөртэй үлдэх болно. 

Манай Засгийн газар та бүгддээ дуусдаггүй олон яриаг дуусгаж, олон сайн мэдээг дуулгахын төлөө хичээн ажилласаар байна. Үндэсний эрх ашгаа хамгаалан улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бүх монгол хүнд талархал илэрхийлье. 

Эрх чөлөөний нар хүн бүрийг алагчлахгүй ивээх болтугай. Монголын хувь заяа монгол хүний гарт бий. Монголын заяа их" гэв.