Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням АМтХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар өнөөдөр (2026.06.09) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон Рио Тинто Групп хоорондын хэлэлцээний нэмэлт протоколыг танилцуулсан. Үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон Рио Тинто Групп хоорондын хэлэлцээний нэмэлт протокол
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Оюу Толгой Нидерланд Би.Ви болон Ти Эйч Ар Оюу Толгой Лтд. (хамтад нь "Рио Тинто Групп" гэх)-ийн эрх бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүний хооронд (хамтад нь "Талууд" гэх) "Оюу Толгой" ХХК ("ОТ ХХК")-ийн менежментийн үйлчилгээний зардлын асуудлаар хэлэлцээ хийж байгаа болно.
Талууд менежментийн үйлчилгээний зардлын асуудлаар байр сууриа Монгол Улсын Улаанбаатар хотод 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дараах байдлаар баталгаажууллаа. Үүнд:
1. Талууд холбогдох баримт бичгийг эцэслэн байгуулах нөхцөлтэйгөөр 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн менежментийн зардалтай холбоотой зохицуулалтын хүрээнд ОТ ХХК-ийн уурхайн ашиглалтын хугацаанд цаашид төлөх менежментийн нийт зардлыг 50 хувиар дараах байдлаар бууруулахаар зарчмын хувьд харилцан тохиролцов. Үүнд:
1.1 Менежментийн үйлчилгээний төлбөр (MSP)-ийн хувь хэмжээг бууруулах;
1.2. Үйл ажиллагааны менежментийн үйлчилгээний (SOW) төлбөрийг бүрэн зогсоох;
1.3 Төслийн санхүүжилттэй холбоотой зардалд менежментийн үйлчилгээний төлбөр тооцохгүй байх.
2. Талууд дээрх нэгдүгээр заалтад туссан менежментийн зардлыг бууруулах өөрчлөлтийг хэрэгжүүлэхдээ 2026 оны 6 дугаар сард багтаан шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн боловсруулж, батлах арга хэмжээг авна.
Талууд Нэмэлт протоколыг монгол, англи хэл бүр дээр хоёр хувь үйлдсэн бөгөөд англи, монгол хувь адил хүчинтэй байна.
Энэхүү Нэмэлт протокол нь хууль тогтоомж эсхүл аливаа гэрээний дагуу эдлэх аливаа эрхэд нөлөөлөхгүй болно.
Монголын талын ажлын хэсгийг төлөөлж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
Рио Тинто Группийг төлөөлж: Оюу Толгой Нидерланд Би.Ви-ийн өмнөөс Тимоти Уилкокс
Ти Эйч Ар Оюу Толгой Лтд-ийн нэрийн өмнөөс: Рэйчил Касерес























