
Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, орхигдсон 8100 га гаруй газрыг тодорхойлж, “Нөхөн сэргээлт 2024” хөтөлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2020 онд эхлүүлж байсан билээ. Дээрх эвдэрч орхигдсон 8100 га талбайгаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн 400 га талбайд "Оюутолгой" компани нөхөн сэргээлт хийсэн байдаг. Нөхөн сэргээлт хийснээс хойш 3 жил өнгөрөхөд энэхүү хөндийн байгалийн өнгө төрх бүрэн сэргэж, унаган төрхөндөө орж, Ялбагийн голын урсац тунгалаг болжээ. Газрын нөхөн сэргээлтээр хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн олон тооны овоолго, огцом нүх шуудууг тэгшилж, голын голдирлыг сэргээх, хиймэл нуур, цөөрмийг тэгшитгэх, зарим тогтоолд эргийн налуулалт хийн аюулгүй болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг.
"Өндөр карьерууд эгнэж, хөрс хайрга чулуугаар хучигдсан байдалтай, машинаар байтугай алхаж явахад ч хүндрэлтэй байсан энэ талбайг нөхөн сэргээснээс хойш манай Ялбагийн хөндийд шинээр айлууд суурьшиж байгаагаас гадна ан амьтны хөдөлгөөн ч эрс ихсэж, хандгай, буга согоо, хүдэр, бүр хар өрөвтас гэх тун ховор шувуу үзэгдэх болсон" хэмээн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн Байгаль хамгаалагч М.Болдбаатар ярьж байна.
"Оюутолгой" компани 2025 оны байдлаар 1210 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол энэ жил Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугантайн гол, Хүдэр сумын Хавчиргана ам, Амж зэрэг газарт 420 орчим га талбайд нөхөн сэргээлт хийж байна. Ингэснээр нийт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрс сүйдсэн1630 га талбай байгалийн төрхдөө эргэн орох боломжтой болох юм байна.
























