Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав, газрын тосны бүтээгдэхүүний үнэ болон нөөцийн талаар АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр (2026.03.13) мэдээлэл өглөө.
Иран дэлхийн нийт газрын тосны 20 орчим хувийг хангадаг Ормузын хоолойг хааснаар брент газрын тосны үнэ 30 хувиар өссөн. Энэ үнэ манай хил үнэд шууд нөлөөлнө.
Энэ жил Хятадаас газрын тосны бүтээгдэхүүн импортолж чадахгүй. Хятад газрын тосны экспортын бүтээгдэхүүнийг хязгаарласан. Тиймээс энэ жил Оросоос газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь авахаар байна.
ОХУ-ын Эрчим хүчний яамтай байнгын холбоотой ажиллаж байна. Оросын талаас тасалдуулахгүй нийлүүлнэ гэдгийг илэрхийлж байгаа. Гэсэн хэдий ч нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй.
Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдахаас өмнө нь брент маркийн газрын тос 71 ам.доллар байсан бол өнөөдөр 100 орчим ам.долларт хүрээд байна.
Гуравдугаар сар гарснаас хойш газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж ирсэн. Газрын тосны бүтээгдэхүүний дөрөвдүгээр сарын үнийг гуравдугаар сарын 25-нд ОХУ-аас ирүүлнэ.
Монгол Улсад үнийн хэлбэлзэл ойрын 7 хоногт гарахгүй байх. Манай улс АИ-92 40 хоног, дизелийн түлш 27 хоног, АИ-95 71 хоног, ТС 24 хоног, шингэрүүлсэн шатах хий 34 хоногийн тус тус нөөцтэй байна.





















