Аж үйлдвэр, эрдэс баялгийн Сайдын зөвлөлийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр (2026.03.09) болсон байна. Тус хуралдаанаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын хил орчмын бүсэд газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах, агуулах түрээслэн нөөц бүрдүүлэх боломжийн талаар дэд сайд Б.Энхтүвшинийг ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокинтай Гадаад харилцааны яамаар дамжуулан утсаар ярих үүрэг өглөө.
Мөн АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай, АМГТГ-ын дарга П.Баянбаатар нарт шатахууны агуулах сав барих ажлын явцын үр дүнг тухай бүрд танилцуулах чиглэлийг өгсөн байна.
Газрын тосны бүтээгдэхүүний хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхээр агуулах сав барих, өргөтгөх санхүүжилтийн хөнгөлөлттэй зээлийг Монголбанкны репо санхүүжилтээр олгох боломжтой байгаа. Энэхүү шийдвэрийг тус банкны гуравдугаар сарын Мөнгөний бодлогын хорооны хурлаас гаргах юм. Уг репо санхүүжилтийн зээлийн хүү дунджаар 17.5 хувийн хүүтэй бөгөөд 9 хувийн хүүгийн төлбөрийг салбарын яам хариуцах тухай АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай хуралдааны үеэр танилцуулсан байна.






















