PDAC 2026: 94 жилийн түүхэн дэх хамгийн их оролцогчтой жил боллоо

Канадын Торонто хотод болж өнгөрсөн PDAC 2026 чуулган ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбарын дэлхийн төлөөллийг нэг дор цуглуулж, түүхэн дэх хамгийн өндөр оролцоотой жил боллоо.

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны мэдээлснээр энэ удаагийн чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс 32,155 хүн оролцсон нь 94 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

PDAC-ийн ерөнхийлөгч Карен Рийс “Түүхий эдийн зах зээлийн таатай төлөв салбарын ирээдүйд өөдрөг хандлагыг бий болгож байна. Үүний зэрэгцээ ашигт малтмал нь эдийн засгийн өсөлт, цахилгаанжуулалт, батлан хамгаалах болон орчин үеийн технологид ямар чухал болохыг засгийн газрууд болон олон нийт илүү тодорхой ойлгож эхэллээ” гэв. 

Энэ удаагийн чуулганд 1,300 гаруй байгууллага оролцож, Metro Toronto Convention Centre-ийн хойд болон өмнөд барилгыг хамарсан PDAC-ийн түүхэн дэх хамгийн том үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.

Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн PDAC 2026 нь салбарын төлөөллүүдэд харилцаа тогтоох, хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх чухал талбар болсон юм. Чуулганы хөтөлбөрийн хүрээнд олон зуун илтгэгч ашигт малтмалын хайгуул, төслийн хөгжил, санхүүжилтийн чиглэлд тулгарч буй гол боломж, сорилтуудыг хэлэлцсэн байна.

Мөн дэлхийн олон орны засгийн газрын төлөөлөл, Канадын холбооны болон мужийн түвшний бодлого тодорхойлогчид оролцсон нь ашигт малтмалын нийлүүлэлт, хөрөнгө оруулалт болон хариуцлагатай олборлолтын асуудалд дэлхий дахинд анхаарал нэмэгдэж байгааг илтгэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Дараагийн PDAC чуулга уулзалт 2027 оны гуравдугаар сарын 7-10-нд Торонто хотод зохион байгуулагдах юм.