Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулсан, Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” компанитай 2026 оны гуравдугаар сарын 12-нд хуралдаж, хоёр талын ажил хэргийн шугамаар тавьсан саналуудыг үргэлжлүүлэн хэлэлцжээ.
Хөрөнгө оруулагч талаас Монголын талд шинэчилсэн хувилбараар санал ирүүлсэн боловч манай талын шаардлагад хүрээгүй байна. Иймээс ойрын хугацаанд уг саналыг илүү сайжруулж, тавьсан шаардлагад нийцүүлэх чиглэлээр нэмэлт тооцоолол хийж танилцуулахаар талууд тохиролцсон байна.
Хэлэлцээг энэ сард багтаан үргэлжлүүлж, эцэслэн шийдвэрлэхээр хоёр тал санал нэгдсэн талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.





















