“Оюу Толгой” ХХК-ийн удирдлагын зүгээс цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд өнөөдөр (2026.03.18) мэдээлэл өглөө.
Оюутолгой 2025 оны сүүлээс хойш боловсруулсан хүдрийн 2/3-ийг ил уурхайгаас, 1/3-ийг гүний уурхайгаас олборлож эхэлсэн. Гэхдээ гүний уурхайн зэсийн агуулга ил уурхайгаас 2-3 дахин өндөр байгаа. Өмнө нь Оюутолгойн үйл ажиллагаа нэг биетээс хамаарсан харьцангуй энгийн гэж хэлж болохуйц байсан бол одоо хоёр биетээс авч байна.
2028 оноос хагас тэрбум ам.долларын нэмэлт мөнгөн урсгалыг бий болгоно гэсэн амбицтай тоо руу бид чиглэж байна.
2026 онд 387 мянган тонн зэсийн агуулсан баяжмал үйлдвэрлэнэ. Энэ нь өнгөрсөн жилээс 30 орчим хувиар өндөр байна. Мөн 360 мянган унц алтны баяжмал үйлдвэрлэнэ.
2026 оноос Оюутолгой ашигтай ажиллаж эхэлнэ. Энэ үед цуглах ашиг бол өрийн буцаан төлөлтөд ашиглагдана.
Хамгийн эхэнд төлөгдөх, хариуцлага өндөртэй зээл бол анх 15 банкнаас авсан 4.3 тэрбум ам.доллар юм. Үүнийг эргэн төлнө. Түүний дараа эдгээр банктай адилхан нөхцөлөөр Рио Тинтогоос 1.6 тэрбум ам.долларыг зээлсэн. Дараа нь хувь нийлүүлэгчдийн зээл гэж байгаа. Эхлээд ангилал өндөртэй зээлийг төлсний дараа хувь нийлүүлэгчдийн олон жижиг зээл рүү орно. “Эрдэнэс Оюу Толгой” компани зээлээс гадна анхнаасаа хувьцааны хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй байсан. “Эрдэнэс Оюу Толгой” компани мөнгөгүй байсан учраас “Туркойз Хилл” компаниас зээл авсан. Энэхүү зээлийг ногдол ашгаас төлөх байсан. 2021, 2022 онд зардлын хэтрэлт гарснаар ногдол ашиг хойшилж, хувьцаа эзэмшигч нар “Эрдэнэс Оюу Толгой” компанийн хувьцаанд ногдсон зээлийг тэглэе гэсэн шийдвэрт хүрсэн. Ингэснээр зээлийн баланс шинээр эхэлж, ногдол ашиг наашилсан.
Монголын талаас Оюутолгойн 15 банктай хийсэн зээлийн хүү болох 5-5.5 хувийг ярихгүй байна. Харин хувь нийлүүлэгчдийн хөвөгч хүүгийн тухай ярьж байгаа. Уг зээлийн хүү сүүлийн 10 гаруй жилийн дундаж нь 7-8 хувьтай байсан. Харин сүүлийн хоёр жил дэлхий даяар эрсдэлийн түвшин өндөрссөн болохоор 11 хувьд хүрсэн. Зээлийн хүү ингэж өссөн нь олон улсад өссөнтэй холбоотой. Хоёр жилийн дараа энэ хүү буурч болно.
Оюутолгойн үндсэн ажилчдын 97 хувь нь монгол, 3 хувь нь гадаад байна. Харин цалингийн 85 хувь нь монгол, 15 хувь нь гадаад ажилчдад ногддог.
Оюутолгой уурхайн өр бол Монгол Улсын өр биш, “Оюу Толгой” компанийн өр. Өөрөөр хэлбэл Монголд үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудын адилаар өртэй явж байгаа. Хувь нийлүүлэгчдийн өр SOFR+6.5 хувь буюу хөвөгч байдаг нь зээлийн ар талд ямар их эрсдэл байгаа вэ гэдгийг тооцоолсон хэрэг юм.
Сонсгол дээр бусад компанитай харьцуулахад Оюутолгой яагаад өндөр зээл авч байна вэ гэж харьцуулсан нь зөв. Нөгөө талаас харьцуулалт нь ижилхэн байна уу гэж үзэх хэрэгтэй.
Оюутолгой 2025 онд 2.7 тэрбум ам.долларын эерэг мөнгөн урсгалтай дуусгасан. Оны эхний хагаст зэсийн үнэ тогтворгүй байсан ч сүүлийн хагаст өссөн нь ийм нөлөө гарахад хүргэсэн. Он гарснаас хойш зэсийн үнэ бидний төсөөлж байснаас харьцангуй сайн байна.
Оюутолгойн ажилчдын цалин 2024 онтой харьцуулахад 2025 онд өндөр байсан. 2024 онд манай цалингийн тооцоололд өөрчлөлт орсон. Оюутолгойн үйлдвэрчний эвлэлтэй өдөрт найман цагаас илүү ажилласан тохиолдолд илүү цаг бодно гэж тохирсон. Энэ нь 2022 оноос өмнөх Хөдөлмөрийн тухай хуулиар явж байгаа гэсэн үг юм. Энэхүү өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжиж, нийт ажилчдын зардал өнгөрсөн жил 2024 онтой харьцуулахад өссөн.
Оюутолгойн зэсийн баяжмалын 85 хувь нь урт хугацааны гэрээ, үлдсэн 15 хувь нь спот гэрээгээр борлуулагддаг. Урт хугацааны гэрээг 12 зэс хайлуулах үйлдвэртэй, 3-5 жилийн хугацаатай хийсэн. Өнгөрсөн жил зургаан гэрээг шинэчилсэн. Зэсийн баяжмалыг Лондонгийн биржийн үнээр борлуулдаг.






















