Ус ба үйлдвэрлэл

Э.ОДЖАРГАЛ

Ус бол байгалийн хамгийн үнэт нөөцийн нэг, амьдралын эх ундарга болсон “цэнхэр эрдэнэ”. Өмнийн говийн гүнд орших Оюу толгой үйлдвэр энэ үнэт баялгийг мөн адил “олборлон”, уурхайн үйлдвэрлэлийнхээ хэрэгцээг хангаж байна. Гэвч уг нөөцийг хэрхэн ашиглаж, ямар үнээр үнэлж, ямар хариуцлагатайгаар хамгаалж байгаа нь олон нийтийн анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн төдийгүй өнөө хэр тасралтгүй маргаан дагуулсан сэдэв хэвээр байна.

Олон нийтийн дунд “Оюу толгой усанд бага төлбөр төлдөг” гэх шүүмжлэл байнга хөндөгддөг. Зарим судлаач, иргэний нийгмийн төлөөллийн үзэж буйгаар, уурхайн ашиглаж буй усны үнэ нь бодит өртөг болон стратегийн үнэ цэнийг бүрэн илэрхийлж чаддаггүй, ялангуяа говийн эмзэг бүсийн усны ач холбогдлыг эдийн засгийн тооцооллоос давсан хэмжээнд үнэлэх ёстой гэж үздэг. Харин орон нутгийн иргэд, малчдын хувьд газрын доорх усны түвшин буурах, булаг шанд татарч, бэлчээрийн даац доройтох эрсдэл бодитой мэт санагддаг тул болгоомжлол байсаар байна.

Нөгөө талд, компанийн зүгээс үйлдвэрлэлдээ ашигласан усаа дахин ашиглах тогтолцоог нэвтрүүлж, байгаль орчны хяналт, мониторингийг тогтмол хэрэгжүүлдэг хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, уурхайн үйл ажиллагаа болон усны нөөцийн хамгаалал хоёрыг зэрэгцүүлэн авч явах боломжтой гэсэн байр суурийг баримталдаг. 

Үнэндээ Оюу толгойн Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр үлэмж. Хөгжиж буй орны хувьд экспортын томоохон үйлдвэр олон арван жилийн турш тогтвортой ажиллана гэдэг нь зөвхөн орлогын эх үүсвэрээр хязгаарлагдахгүй эдийн засгийн урт хугацааны түшиц хүчин зүйл юм. Тэр тусмаа дэлхийн хэмжээний томоохон уул уурхайн үйлдвэрлэл тасралтгүй, найдвартай явагдахад ус зайлшгүй хэрэгтэй. 

Гэвч нөгөө талдаа Монгол Улс цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой нүүр тулж буй энэ үед, тэр дундаа эмзэг тогтоцтой говийн бүсэд ус бол зөвхөн үйлдвэрлэлийн орц биш, харин экосистемийн тэнцвэр, амьжиргааны баталгаа, ирээдүйн аюулгүй байдлын үндэс юм. Иймээс говийн усны нөөцийг хамгаалах, түүнийг “харамлах” шалтгаан ч бас хангалттай бий.

Ингээд харахаар, Оюу толгойн усны асуудал нь зөвхөн “уурхай ус хэрэглэж байна уу, үгүй юү” гэсэн энгийн асуултаар хязгаарлагдахгүй. Энэ бол хөгжил ба хамгаалал, эдийн засгийн өгөөж ба байгалийн үнэлэмж, өнөөдрийн хэрэгцээ ба маргаашийн тогтвортой байдал гэсэн томоохон эсрэгцлийн уулзвар дээрх асуудал юм. Тиймээс говьд ус, уурхай хоёрыг сөргөлдүүлэх бус, зүй зохистой тэнцвэр дунд зэрэгцүүлэн орших шийдлийг эрэлхийлэх шаардлага улам тодорч байна.

Гуравдугаар сарын 22-нд тохиодог “Дэлхийн усны өдөр”-ийг угтан, өмнийн говьд орших зэсийн үйлдвэрийн усны менежменттэй газар дээр нь танилцах томилолт тохиосон нь дээрх асуултуудад бодит хариулт эрэх нэгэн боломжийг өгсөн билээ. 

ГҮНИЙ ХООЛОЙН УСНЫ ОРДОД 1091 Л/СЕК НӨӨЦ БАЙХ БОЛОМЖТОЙГ ТОДОРХОЙЛЖЭЭ 

Оюу толгой үйлдвэр нь Өмнөговийн Гүний хоолой, Галбын говь, Нарийн заг гэсэн усны гурван ордын дунд оршдог. Зэсийн баялгийг олборлох ажлыг эхлүүлснээс хойш, уурхайн хайгуул, судалгааны ажил газрын доорх усны нөөцийг илрүүлэх, үнэлэхэд чиглэжээ. Эдгээр усны нөөц нь арвин, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага гэдгээрээ онцлог бөгөөд хамгийн ойр орших Гүний хоолойн ордод 2011 оноос усны ашиглалт явагдаж эхэлсэн байна. Тухайн үед энэ ордыг 918 л/сек нөөцтэй гэж баталсан бөгөөд өнөөдөр 50 гаруй хувийн ашиглалттай байгаа аж.

Монгол Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолын дагуу, уг ордын усны нөөцийг дахин үнэлэх, баталгаажуулах судалгаа гурван жил үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн жилийн эцэст тайланг Усны газарт хүргүүлжээ. Гэхдээ одоогоор судалгааны тайлан батлагдаагүй байна.

Оюу толгой компанийн Байгаль орчин хариуцсан Ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар “Бидний гол даалгавар бол 2015 онд батлагдсан усны нөөц болон одоогийн нөөцийн хэмжээг хянан баталгаажуулах. Судалгаагаар 918 л/сек нөөцийг батлахдаа, энэ ордод 1091 л/сек нөөц байх боломжтойг тодорхойлсон” гэдгийг онцолсон юм. Энэхүү шинэ үнэлгээ нь Оюу толгойн усны ашиглалт, экологийн тэнцвэр болон ирээдүйн үйлдвэрлэлийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭРЭГЛЭЭ БА ГАЗРЫН ДООРХ УС

Оюу толгойн усны хэрэглээний ихэнх нь буюу 96 хувь нь баяжуулах үйлдвэрт зарцуулагддаг. Ил болон далд уурхайгаас ирсэн хүдрээс зэсийн баяжмалыг ялгаж авах процесст жилдээ 110 гаруй сая м³ ус эргэлддэг. Үүний 90 орчим хувьд хаягдал усаа дахин ашиглаж, үлдсэн 10 хувийг Гүний хоолойн ордоос нөхөж сэлбэнэ.

Хөвүүлэн баяжуулсны дараах зутанг хаягдлын санд хадгалагддаг. Уурхайн үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш хаягдлын нэг даланг дүүргэжээ. Өдгөө хоёр дахь даланг ашиглаж байгаа бөгөөд тунасан усыг эргүүлэн татаж, дахин ашиглаж байна. Хаягдал усны хэмжээ улирлаас хамааран хэлбэлздэг. Өвлийн улиралд хаягдлын санд мөсөн толио үүсдэг тул эргүүлэн татаж ашиглах усны хэмжээ багасдаг бөгөөд энэ үед Гүний хоолойн ордын усаар нөхөж сэлбэдэг байна. Ийм үед сард ойролцоогоор 1 сая м³ усыг газрын гүнээс татдаг.                                                                                                                         Эх сурвалж: "Оюу толгой" ХХК


Баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод эхний таван жилд ус ашиглалтын хэмжээ өнөөгийн түвшинд тогтворжсон байна. Гүний хоолойн ордоос ашигласан 10 сая м³ усны хэмжээ 2-4 сая м³-аар нэмэгдсэн бөгөөд энэ түвшин хэвээр хадгалагдаж байна. Өнөөдрийн байдлаар Оюу толгойн үйлдвэрлэлийн усны дахин ашиглалт 90 хувьд ойртсон бөгөөд “Zero discharge” буюу “Байгальд ус хаяхгүй” зарчмыг баримталж ажиллаж байгаа аж. 

2015 онд Засгийн газраас баталсан нэгж бүтээгдэхүүний усны нормд 1 тонн зэсийг 4.1 м³ усаар хөвүүлэн баяжуулна гэж заасан. Харин өнөөгийн үзүүлэлтээр Оюу толгой нь 1 тонн хүдрийг боловсруулахад 0.3-0.4м³ ус ашиглаж байгаа нь дэлхийн ижил төстэй уурхайтай харьцуулахад тонн хүдрийг боловсруулахад усны хэрэглээ нь 3-4 дахин бага байгааг Skarn Associates агентлагийн судалгаагаар нотолжээ. 

Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэхгүй бол усны хэрэглээ нэмэгдэхгүйг компанийн мэргэжилтнүүд онцолж байна. Үйлдвэрийн хэсэгчилсэн өргөтгөлийн гурван жилийн бүтээн байгуулалт өндөрлөсөн бөгөөд энэ нь хүчин чадалд нөлөөлөөгүй байна. Энэхүү дахин ашиглалтад суурилсан арга нь зөвхөн усны хэрэглээг хянах төдийгүй экологийн эрсдэлийг бууруулах, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байлаа. Оюу толгойн ус ашиглах гэрээ 30 жилийн хугацаатай, 2045 он хүртэл хүчинтэй юм.

2023 ОНООС ОЮУ ТОЛГОЙН УСНЫ ТӨЛБӨР НЭМЭГДСЭН НЬ ГОВИЙН НӨӨЦӨД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ АЛХАМ БОЛЖЭЭ

Монгол Улсад газрын доорх ус нь стратегийн нөөц бөгөөд 29 усны сав газарт хуваагдан зохицуулалттай ашиглагддаг. Өмнөговь дахь Галба-Өөш-Долоодын говийн сав газрын экологи, эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан Оюу толгой компанийн усны хэрэглээний төлбөрийг тооцдог байна. Зөвхөн 2025 онд уурхай 23.9 тэрбум төгрөг усны төлбөрт төлсөн нь энэ нөөцөд өгч буй үнэлгээний бодит нэг жишээ юм.

Усны тухай хуулийн 28.4-т зааснаар  хоногт 100 м³ буюу түүнээс их ус ашиглах, эсвэл эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ус ашиглах бол Усны газраар дүгнэлт гаргуулдаг. Энэ дүгнэлт нь Засгийн газрын тогтоолоор тогтоосон ус ашиглалтын нормоор тооцогддог бөгөөд усны төрөл, зориулалтаас хамаарч тариф өөр өөр байна.  

Өнөөдрийн байдлаар Оюу толгой үйлдвэр 9 төрлийн ус ашиглалтын төлбөр төлдөг байна. Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 416 дугаар тогтоолоор усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг “зэсийн баяжмал”-д 75 хувиар нэмэгдүүлсэн. Энэ дагуу Оюу толгойн Баяжуулах үйлдвэрт ашиглах 1 м³ усыг 1678.32 төгрөгөөр тооцож байна. Энэхүү тариф нь зөвхөн газрын доорх усны нөөцийг ашигласан төлбөр бөгөөд ус олборлох, зөөвөрлөх бусад дэд бүтцийн зардлыг компани өөрөө хариуцдаг байна. 

Засгийн газраас усны төлбөрийг нэмэгдүүлсэн нь гүний уурхай ашиглалтад орох мөчлөгтэй давхцаж байгааг графикаас харж болно. 2013 оноос хойш нийт 218 тэрбум төгрөг усны төлбөрт төлсөн нь Өмнөговь аймаг, Ханбогд сумын төсөвт орж, орон нутгийн хөгжлийг дэмжиж байна. Үүний ихэнх нь Өмнөговь аймгийн төсөвт, харин ахуй, угаалгын зориулалтаар ашигласан усны төлбөр нь Ханбогд сумын төсөвт ордог байна.

БОДЛОГЫН "ҮНЭН" БА УСНЫ БОДИТ ҮНЭ 

Ус бол Монгол орны стратегийн нөөц, говийн экосистемийн амин чухал элемент бөгөөд хэдэн зуун жилээр бүрэлдэж, удаан хугацаанд нөхөн сэлбэгддэг нь бодит эрсдэлд тооцогддог. Тиймээс түүний бодит үнэ, ашиглалтын зохицуулалтын эрх зөвхөн төрд хамаардаг. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Тогтвортой байдлын гэрээний дагуу “Оюу толгой” компани хууль, гэрээний үүргээ тууштай биелүүлсээр иржээ. 

Хэдий тийм ч, усны хэрэглээ, нөхөн сэргэх процесс, дахин ашиглах ажиллагаанд олон талын хяналт шаардлагатай. Энэ нь хөрөнгө оруулагчид, орон нутгийн иргэд, төрийн байгууллага зэрэг олон талын хүлээлт, шалгуурын дор явагддаг тул ойлголтын ялгаа, заримдаа маргаан үүсэх үндэс болдог. Ийм нөхцөлд Оюу толгой үйлдвэрийн усны менежмент ил тод, аудиттай, тогтмол хяналтанд байдаг.

Цаашлаад, Монгол Улсад унданд ашигладаг цэвэр усыг бохирдуулан, үүнийгээ байгальд хаяж байгаа нөхцөлд ус бохирдуулсны төлбөр хэрхэн ногдуулах стандарт байдаг. Харин Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлд хэрэглэгддэг шиг өндөр эрдэсжилттэй ус хэрэглэж байгаа үед энэхүү төлбөрийг хэрхэн тооцоолох, үйлдвэрлэлд хэрэглэсэн усаа олон дахин ашиглах байдлаар байгальд гаргадаггүй битүү системтэй ийм үед хэрхэх стандарт Монгол Улсад одоогоор байхгүй тул Оюу толгой үйлдвэр сайн дурын үндсэн дээр хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хүргүүлээд байна. Энэ алхам нь олон нийтийн эргэлзээг бууруулах, ойлголтын зөрүүг бууруулах, маргааныг зөв, тэнцвэртэй аргаар шийдвэрлэхэд чиглэсэн чухал санаачилга болж байна.