Говийн Оюу хөгжлийг дэмжих сан: Усны 3.4 тэрбум төгрөгийн 18 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна

Э.ОД

Монголын уул уурхайн хамгийн том үйлдвэрлэлийн нэг Оюутолгойн усны бодлого, үйлдвэрийн зарцуулалт, хэрэглээ, хаягдал ус цэвэршүүлэх, дахин ашиглалт, боловсруулалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах аялал (2026.03.16) боллоо. Оюутолгойн усны менежментийн бүх үе шаттай танилцах энэхүү арга хэмжээнд төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 10 гаруй сэтгүүлч оролцсон юм.  

Сэтгүүл, телевиз, сайтын сэтгүүлч, зураглаачид бид Оюутолгойн уурхайн гүний худаг, цуглуулах станц, өргөх станц, хаягдал усыг дахин цэвэршүүлэх, хаягдал хадгалах, Ус цэвэршүүлэн савлах зэрэг байгууламжуудад хүрэлцэн очиж, техникийн мэдээллийг Усны үйл ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтэн Г.Мягмаржав, Байгаль орчин хариуцсан Ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар нар өгч, тайлбарлалаа.  

Оюутолгойн үйлдвэрлэл нь Гүний хоолойн газрын доорх ордоос ус ашиглаж байна. Тухайн ордод 918л/сек боломжит усны нөөцийг 2015 онд тус компани батлуулжээ. УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу эл ордын усны нөөцийг дахин үнэлэх, баталгаажуулах судалгааны ажил 2022 оноос хийгдэж буй аж. Өнөөгийн байдлаар Гүний хоолойн газрын доорх ордын батлагдсан нөөцөөс 50 орчим хувийн ашиглалттай буюу 500 орчим л/сек орчим байгааг С.Отгонбаатар мэргэжилтэн ярилаа. Тэрээр “Олборлож буй усны 90-ээс дээш хувийг Оюутолгойн Баяжуулах үйлдвэрт ашиглаж байна. Харин 10 орчим хувийг уурхайн унд болон ахуйн хэрэглээ, Бетон зуурмагийн үйлдвэр, Дулааны станц, машин угаалга зэрэг бусад хэрэглээнд зориулагддаг. Оюутолгойн үйлдвэрийн хүлээж буй гол үүрэг бол Гүний хоолойн газрын доорх ордын батлагдсан нөөцөөс хэтрүүлэн ашиглахгүй байх ёстой. Ашигласан усныхаа 80-85 хувийг эргүүлэн ашиглаж байна. Энэ нь улирлын хэрэглээнээс  хамаардаг ба зарим саруудад 88 хувьд ч хүрдэг. Үлдсэн 20 орчим хувийн 5 хувийг Хаягдлын сангаасаа эргүүлэн ашигладаг бол 10-15 хувийг Гүний хоолойн газрын доорх ордоос нөхөж авдаг”  гэдгийг тайлбарлалаа.  

Оюутолгойн үйлдвэрийн бүсэд нийтдээ 28 худаг, ус цуглуулах 5 станц, ус өргөх байгууламж, тус бүр 200,000 шоо метр багтаамжтай хоёр цөөрөм, ус дамжуулах хоолой ,ус эвэршүүлэх 4 байгууламж бүхий нэгдсэн системтэй. Ус ашиглалтын гэрээ нь 2040 он хүртэл 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө. ”Оюутолгой“ компанийн 2025 оны тайлангийн мэдээллээр, уурхайд 17,002,455 шоо метр нөхөн сэлбэлтээр ашиглаж, эргүүлэн ашиглалт 86.7 хувь байжээ. Ус ашигласны төлбөрт 27.6 тэрбум төгрөг төлсөн байна. Сүүлийн 13 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн төсөвт ус ашигласны төлбөрт 219.1 тэрбум төгрөг төлжээ. 

Жилийн 5 сая ам.долларын хөрөнгө оруулалттай “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-аас усны менежментийн чиглэлээр 3.4 тэрбум төгрөгийн 18 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын хэмжээнд яригдаж буй гадаргуун усны төслүүдээс 2014 онд ТЭЗҮ-ийг боловсруулсан “Хэрлэн Тоонот” төслийн ТЭЗҮ-ийн тодотголыг “Оюутолгой” компанийн санхүүжилтээр хийж дууссан бөгөөд энэ оны гуравдугаар сарын эхээр Усны нөөцийн зөвлөлөөс хэлэлцэн баталжээ. 

Энэ удаагийн аяллаар уул уурхайн томоохон үйлдвэрлэлийн усны ашиглалт, гүний  ордоос олборлож буй ус хэмжээ, дахин цэвэршүүлэн ашиглах менежментийн талаарх мэдээллээ хуваалцаж, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, тайлбарлалаа.