Гянтболдын экспортын орлого 140 гаруй хувиар өсөв

Монгол Улс сүүлийн найман жилийн хугацаанд 5500 тонн гянтболд экспортолсон байна. Гянтболд буюу вольфрам нь аж үйлдвэр, газрын тосны өрөмдлөг, өндөр технологийн салбарт өргөн хэрэглэгддэг стратегийн металлын нэг юм.  

АНУ-ын Геологийн албаны мэдээллээр гянтболдын үйлдвэрлэлийн 83 хувийг БНХАУ дангаараа хангаж байна. АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчил хурцадсанаас үүдэн гянтболдын үнэ сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байгаа.

Тухайлбал, нөөц болон үйлдвэрлэлээр тэргүүлэгч Хятадад гянтболдын 65 хувийн агуулгатай баяжмалын тонн тутмын үнэ 2025 оны нэгдүгээр сард 20.6 мянган ам.доллар (143 мянган юань) байсан бол оны эцэст 65.1 мянган ам.доллар (450 мянган юань) хүрч огцом өссөн байна. 

Монгол Улсын экспортын ашигт малтмалын жишиг үнийг АМГТГ-аас тогтоодог. Тус байгууллагын мэдээллээр гянтболдын 65 хувийн агуулгатай баяжмалын жишиг үнэ 2025 оны нэгдүгээр сард 19.5 мянган ам.доллар байсан бол 12 дугаар сард 45 мянган ам.доллар, улмаар 2026 оны хоёрдугаар сард 73.4 мянган ам.доллар болж өссөн байна. 

Хятад дэлхийн гянтболдын үйлдвэрлэлээс гадна хүдэр, баяжмалын импортын хэмжээгээр тэргүүлдэг. 2024 онд Хятадын нийт импортын дөрвөн хувийг Монгол Улс бүрдүүлсэн. Харин импортын талаас илүү хувийг Ардчилсан Солонгос, Мьянмар, Руанда нийлүүлсэн байна. 

Монгол Улс өнгөрсөн онд 1235.5 тонн гянтболд экспортолсноос 914.6 тонн буюу 74 хувийг БНХАУ руу гаргажээ. Үүнээс гадна АНУ, БНСУ, ХБНГУ руу мөн экспортолсон байна. 

2018 онтой харьцуулахад өнгөрсөн онд гянтболдын экспортын биет хэмжээ 50 гаруй хувиар, экспортын орлого 140 гаруй хувиар өссөн. Цаашид дэлхийн зах зээлд гянтболдын үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байвал манай улсын экспорт нэмэгдэх боломжтой байна.