Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин өчигдөр (2026.03.18) мэдээлэл өглөө.
"Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой брент маркийн газрын тосны үнэ хөдөлгөөнтэй байна. Тухайлбал, гуравдугаар сарын 1-нд брент маркийн газрын тос 70 ам.доллар байсан бол өнөөдөр 104 ам.долларт хүрсэн.
Өнөөдрийн байдлаар дизелийн түлш 27 хоног буюу 107 мянган тонн, АИ-92 40 хоног буюу 85 мянган тонн, АИ-95 72 хоног буюу 6.4 мянган тонн, ТС (онгоцны түлш) 22 хоног буюу 4.6 мянган тонн, шингэрүүлсэн шатдаг хий 35 хоног буюу 4.1 мянган тоннын тус тус нөөцтэй байна.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд АИ-92, АИ-95 бүтээгдэхүүний нийлүүлэлтийн захиалгыг нэмэгдүүлж сард 60-70 мянган тонн байсныг 140 мянган тонн болгож өсгөсөн.
Өнгөрсөн 7 хоногт газрын тосны бүтээгдэхүүний болон бусад холбогдох төрийн бус байгууллагын зөвлөлдөх уулзалтыг хийсэн. Эндээс гуравдугаар сард үнэ нэмэхгүй байх зөвлөмжийг өгсөн.
Үүнээс гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 17 банктай уулзалт хийсэн. Манай улс энэ ондоо багтаан 150 мянган шоо.метр багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав барихаар ажиллаж байна. Энэхүү ажил бүтээн байгуулалтын улирал эхлэхээр эрчимжих байх. Одоогийн байдлаар 20 гаруй аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав барихаар саналаа ирүүлсэн. Үүнийг эрэмбэлж Монголбанк болон арилжааны банкуудад хүргүүлнэ.
Монгол Улсын хэмжээнд Толгойт өртөө, Рашаант өртөө, Замын-Үүд өртөө, Сэлэнгэ өртөө, Дархан өртөө, Эрдэнэт өртөө рүү чиглэсэн 1300 гаруй вагон газрын тосны бүтээгдэхүүн ачсан явж байна.
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 10-18 хувиар нэмэгддэг" гэв.





















