Олон улсын эрчим хүчний агентлагийн 32 гишүүн орон Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй дайны улмаас газрын тосны зах зээлд гарсан тасалдлыг арилгахын тулд онцгой байдлын нөөцөөсөө 400 сая баррель газрын тосыг зах зээлд гаргахаар санал нэгтэй (2026.03.11) тохиролцжээ. Агентлагийн гишүүн орнууд 1.2 тэрбум гаруй баррель газрын тосны онцгой байдлын нөөцтэй. 1974 онд байгуулагдсан ОУЭХА-ийн түүхэнд зургаа дахь удаагийн зохицуулалттайгаар нөөцийг гаргах гэж байна. Өмнө нь 1991, 2005, 2011, 2022 онд хоёр удаа хамтарсан арга хэмжээ авч байжээ.
Энэ оны хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор Иран Ормузын хоолойг гэнэт хаасан нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн урсгалыг тасалдуулаад буй. Тодруулбал, Иран улс нь Ормузын хоолойгоор Америк, Израиль, Европын хөлөг онгоцуудыг нэвтрэхийг хориглосноо (2026.03.05) мэдэгдсэн.
2025 онд Ормузын хоолойгоор өдөрт дунджаар 20 сая баррель түүхий нефть болон газрын тосны бүтээгдэхүүн нэвтэрч байжээ. Дэлхийн газрын тосны 20 хувь, шингэрүүлсэн байгалийн хийн 15 хувийн нийлүүлэлтийн урсгалын стратегийн ач холбогдолтой усан зам юм. Тойрч гарах сонголт хязгаарлагдмал Ормузын хоолой хаагдсанаар олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ 150 ам.доллар давж болзошгүй гэж Wood Mackenzie-ийн шинжээчид таамаглажээ.
Гуравдугаар сарын 9-нд даваа гаригт Brent маркийн газрын тосны үнэ огцом өсөж 117 ам.долларт хүрсэн бол өнөөгийн байдлаар 100 ам.долларт хэлбэлзэж байна.





















