АНУ-ын чухал ашигт малтмал нөөцлөх $12 тэрбумын төлөвлөгөө

Э.ОД

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тус улсын Экспорт-Импортын банкны дарга Жон Йованович, Засгийн газрын гишүүдийн хамтаар “Project Vault” хөтөлбөрийг албан ёсоор (2026.02.02) зарлалаа. Стратегийн чухал ашигт малтмалыг нөөцлөх зорилготой АНУ-ын Засгийн газрын тус хөтөлбөрийг  төр-хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хэрэгжүүлэх аж.  

“Project Vault нь нийлүүлэлтийн гэнэтийн тасалдлаас дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах, АНУ-д чухал түүхий эдийн олборлолт, боловсруулалтыг дэмжин, тус улсын чухал ашигт малтмалын салбарыг бэхжүүлэхэд чиглэнэ гэж EXIM-ийн дарга мэдэгджээ. Тэрээр “АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын манлайллаар “Project Vault” нь стратегийн чухал ашигт малтмалын нөөцөлж дотоодын үйлдвэрлэгчдийг дэлхийд өрсөлдөх боломжийг бүрдүүлж, ажлын байр бий болгон, эдийн засгийг бэхжүүлж, үндэсний ашиг сонирхлыг урагшлуулна” гэжээ. Уг санаачилга АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратеги болон эдийн засгийн урт хугацааны зорилтуудыг дэмжих, гадаадын хяналттай нийлүүлэлтийн сүлжээнээс хараат байдлыг бууруулж, дэвшилтэт үйлдвэрлэл болон технологид зайлшгүй хэрэгтэй түүхий эдийн тасалдлаас сэргийлнэ гэдгийг онцолсон байна.  

АНУ-ын Засгийн газрын чухал ашигт малтмалыг нөөцлөх 12 тэрбум ам.долларын “Project Vault” хөтөлбөр нь 1.67 тэрбум ам.долларын хувийн хөрөнгө болон АНУ-ын Экспорт-Импортын банкнаас олгох 10 тэрбум ам.долларын зээл байдлаар цахилгаан автомашин, технологи болон бусад үйлдвэрлэлийн компаниудыг дэмжих аж. 

“Project Vault” нь тус улсын автомашин, сансар, зэвсэгт хүчний, эрчим хүчний салбаруудад чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх Засгийн газрын бодлогын нэг хэсэг. Түүхий бодит эдийн зах зээлд төрийн оролцоо нэмэгдэх дохио гэж шинжээчид үзэж байна. 

William Blair-ийн шинжээч Нийл Дингманн “Энэ санаачилга нь Засгийн газраас  ховор газрын элементүүдэд өгч буй томоохон ач холбогдлыг харуулж, Хятадаас хамаарлаа бууруулах хүчтэй эрмэлзлийг илтгэнэ. Цаашид чухал ашигт малтмалын нийлүүлэгчид болон хэрэглэгчдэд чиглэсэн төрийн санхүүжилт нэмэгдэнэ” гэсэн үзэл бодлыг илэрхийлжээ.  

“Project Vault” нь ойрын хомсдолыг шийдэхээс илүүтэйгээр тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, зах зээлийн динамикийг чиглүүлэх зорилготой гэж BMO Capital Markets-ийн бараа бүтээгдэхүүний шинжээч Хелен Амос үзэж байна. Тэрээр “Нөөц бүрдүүлснээр АНУ-ын бодлого тодорхойлогчид дотоодын үнийг тэнцвэржүүлэх, ханш буурах үед худалдан авч, огцом өсөхөд нөөц гаргах хэрэгсэлтэй болно. Энэ нь хүйтэн дайны үеийн нөөцийн логиктой дүйцнэ” хэмээжээ. BMO-ийн тооцооллоор АНУ-ын агуулахуудад 13 тэрбум ам.долларын үнэлгээтэй металл хадгалагдаж байна.

Стратегийн түвшинд Project Vault нь АНУ-ын аж үйлдвэрийн бодлогын өргөн хүрээтэй өөрчлөлтийг баталгаажуулж, ялангуяа Хятадтай холбоотой нийлүүлэлтийн сүлжээнээс хараат байдлыг бууруулах шинэ хөшүүрэг болж байна. Энэ нь аюулгүй байдлын зорилгодоо хүрэхийн тулд уурхайгаас зах зээл хүртэлх металлын экосистемийн бүх шатанд АНУ-ын Засгийн газар илүү идэвхтэй оролцох бэлэн байгааг илтгэж байна гэсэн ажиглагчдын дүгнэлт ч бий.  

Хөтөлбөрийн хүрээнд хувийн хөрөнгө оруулагчдын түншлэлийг урт хугацааны санхүүжилтээр хангахаар шийдвэрлэсэн байна. Үүнд оролцохоо илэрхийлсэн компаниудын дунд Clarios, GE Vernova, Western Digital, Boeing зэрэг багтжээ. 

GE Vernova-ийн Гүйцэтгэх захирал Скотт Стразик “АНУ болон дэлхийн хэмжээнд стратегийн ашигт малтмалын хүртээмж, нийлүүлэлтийн сүлжээг тэлэх шаардлага урьд өмнөхөөс илүү чухал болж байна. “Project Vault” бол цаг үеэ олсон санаачилга бөгөөд АНУ-ын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлнэ”

Mercuria Energy Americas-ийн Ерөнхийлөгч Брайан Фалик “”Project Vault” нь критикал минералын шинэ түвшний хандлага юм. Хувийн хөрөнгийг үндэсний аюулгүй байдлын зорилттой уялдуулснаар Америкийн үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлж, чухал түүхий эдийн урт хугацааны хүртээмжийг хангана”

Traxys-ийн Гүйцэтгэх захирал Марк Кристофф “АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү түүхэн санаачилга нь Америкийн үйлдвэрлэгчдэд зориулсан чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлж, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ”

Boeing-ийн дэд ерөнхийлөгч Жефф Шокки “Чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг найдвартай болгосноор Америкийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг ахиулна”