Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.06.26) өргөн мэдүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилт туссан. Геополитик, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа энэ үед нөөц нь тогтоогдсон алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь экспортын орлого, гадаад валютын улсын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулжээ.
Монгол Улсад 494.3 тонн алтны нөөц бүртгэгдэж, алтны 597 тусгай зөвшөөрөл олгогдсоны 83 хувь нь шороон, 17 хувь нь үндсэн ордод хамаардаг байна. Үүний зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт 95.5 тонн алтны нөөц байршиж байгаа тул байгаль орчин, түүх, соёлын өвийн хамгаалалтыг эдийн засгийн үр өгөөжтэй тэнцвэртэй уялдуулсан шийдэл шаардлага үүссэн байна. Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2024 онд 16 тонн, 2025 онд 10 тонн болж буурсан бөгөөд 2026 оны эхний таван сарын алтны экспорт 2.5 тонн буюу өмнөх оны мөн үеэс 27 хувиар буураад байгаа аж.
Өргөн барьсан төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордыг ашиглах боломж бүрдэнэ. Тус хоёр ордыг ашигласнаар жил бүр 620-750 сая ам.долларын борлуулалт орлого нэмэгдэж, Монголбанканд 5 тонн орчим алт тушааж, төслийн хугацаанд Үндэсний баялгийн санд 4.4 тэрбум ам.долларыг төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гарсан байна.





















