Стратегийн ач холбогдолтой ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох яриа хэлэлцээний агуулга өдгөө уул уурхайн салбарын үр өгөөж, стратегийн ордын жагсаалтыг нэмэх талаарх яриа болон өргөжиж байна. Ерөнхий сайд Н.Учралын хийсэн мэдэгдэл Монголын уул уурхайн салбарт бодлогын том өөрчлөлт гарч болзошгүй нь гэх хүлээлтийг үүсгэлээ. Энэ бол “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, үр өгөөжийн 60 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах тухай" хуулийн төсөлтэй холбоотой. Ерөнхий сайд Н.Учрал уг хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэсэн нь бүр ч анхаарал татаж байна. Уул уурхайтай холбоотой гэлтгүй ямар ч шинэ хуулийг яаралтай горимоор батлах нь салбарын оролцогчдын байр суурь, санаа бодлыг сонсож тусгалгүйгээр зөвхөн төрийн харах хүрээгээр хэмжигддэг сул талтай байдаг. Үүний тод жишээ нь хоёр жилийн өмнө батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль. Мөн л яаралтай горимоор УИХ хэлэлцээд хоёрхон өдөрт баталсан. Уг хуулийн концепц, зорилгыг бүгд хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа ч баялгийн сангийн орлогын хуваарилалт нь төрийн өмчийг дэмжих популизмыг өдөөсөн, олон нийтэд хувийн хэвшлийн уул уурхайн компаниудыг эсэргүүцэх сэдэл төрүүлсэн загвартай болсон хэмээн хөрөнгө оруулагчид шүүмжилсээр байна. Оролцогч талуудад танилцуулж, хэлэлцүүлэлгүйгээр баталсны нэг дутагдал нь энэ.
Стратегийн ордын 60 хувийн өгөөжийн тухай хуулийн төслийг ч дээрх байдлаар хэлэлцэн баталвал Монголын уул уурхайн салбарт сайныг санаж хийсэн үйлдэл нь салбарыг бүхэлд нь хямрал руу түлхэж ч магадгүй байна. Учир нь уг хуулийн төслөөр 20-оод жил яригдаж байгаа ужгирсан хоёр ч том асуудлыг шийдэх гэж оролдож буй юм. Стратегийн ордод шинээр орд нэмэх асуудал хөндөгдөнө. Удаад нь стратегийн ордуудын үр өгөөж гэж юуг хэлэх вэ гэдэг маргаан руу дагуулах болно. Өнгөрсөн хугацаанд дээрх хоёр асуудлаар хэдэн зуун удаа хурал, хэлэлцүүлэг болж, судалгаа тооцоонууд хийгдэж ирсэн ч хэзээ ч нэгдсэн ойлголтод хүрч байгаагүй сэдэв.
ШИНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АГУУЛГА ЮУ ВЭ?
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх хуулийн төслийн эхний драфт бэлэн болжээ. Гэхдээ УИХ-д өргөн барих хэмжээнд хараахан хүрээгүй байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан хэд хэдэн хууль, УИХ-ын тогтоолд өөрчлөлт, нэмэлт оруулахаар төлөвлөж байгаагийн нэг нь 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоол. Стратегийн ордуудын жагсаалтыг баталсан уг тогтоолд нэмэлт оруулж, стратегийн ордын тоог нэмэхээр болсон байна. Энэ бол Төгрөг нуурын нүүрсний орд. Хүрэн нүүрсний ихээхэн нөөцтэй уг ордыг дагасан улс төржилт байсаар ирсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий этгээд нэгэн үе тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаад бусдад худалдсан. Ерөнхий сайд Н.Учрал жил гаруйн өмнө уг ордыг стратегийн ордод авна гэдгээ мэдэгдэж байсан билээ. Улс төрийн өнцгийг нь орхиод уул уурхайн талаас харвал бас л сонирхолтой шийдвэр. 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 39 ордоос Төгрөг нуурыг сонгож стратегийн орд болгож буй нь дээрх 39 ордыг ээлж дараалан стратегийн ордод хамруулж болзошгүй гэсэн хүлээлт үүсгэж байна. Төгрөг нуурын орд бол 3 тэрбум тонн нөөцтэй хүрэн нүүрсний бүлэг орд юм. Уул уурхайн салбарынхан стратегийн ордын ойлголт, тодорхойлолтоо шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг байнга сануулж буй. Аль 20 жилийн өмнөх хоёр хүрэхгүй тэрбум долларын эдийн засагтай байсан үеийн ойлголт, бодлогыг өнөөгийн нөхцөлд тохируулан өөрчлөн шинэчлэхийг шаардсаар буй. Үгүй ядаж дээрх 39 ордын жагсаалтаа ч болов шинэчлэх хэрэгтэй гэдэг. Давс, хүрэн нүүрс, шохойн чулуу, гөлтгөнө гээд ихэнх нь дотоодын үйлдвэрлэлийн анхдагч түүхий эд болдог ашигт малтмалын ордууд. Нэмүү өртөг шингэсэн, дотоодын төмөрлөг, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал түүхий эд хэдий ч уурхайлж олборлох үедээ үр өгөөж багатай, жижиг ордууд гэж хэлж болох юм. Тиймээс ч дээрх 39 ордыг орхиж, ер нь стратегийн ордыг чухал ашигт малтмалын концепцтой уялдуулах нь өдгөө хамгийн оновчтой хувилбар хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Илүү тодорхой, илүү ойлгомжтой байдлыг хүсэж буйн илрэл. Хуулийн төслийн дараагийн гол агуулга нь стратегийн ордын үр өгөөж гэдэгт нийт 16 төрлийн татварыг хамруулах концепц юм. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаанаасаа хамаараад ойролцоогоор 20-22 төрлийн татвар, төлбөр, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Тэр бүх татваруудаас 16-г сонгон авч өгөөжид тооцно гэдэг нь дахиад л дуусашгүй маргаан руу хөтөлж болзошгүй. Уул уурхайн компаниуд, энэ чиглэлийн судлаач, эдийн засагчид уул уурхайн өгөөжийг зөвхөн татвараар тооцох нь буруу гэсэн нийтлэг байр суурьтай байна. Цаашилбал хөрөнгө оруулалтын үр өгөөж, санхүүгийн өгөөж, эдийн засаг нийгмийн өгөөж гээд олон талаас нь тодорхойлж ярих ёстойг ч сануулж байна. Үүнээс гадна дээрх 16 төрлийн татвараар тооцох өгөөжийн хэмжээг 60 хувь гэж заах юм бол, нэмээд стратегийн ордын жагсаалтыг нэмэх гарцыг хэвээр үлдээвэл Монголын уул уурхайн салбар бүхэлдээ төрийн өмчит болж, хямрал руу эргэлт буцалтгүй орно хэмээн болгоомжилж байна. Энэ бол аль нэг компани, эсвэл хэн нэг улс төрчтэй холбоотой асуудал биш, Монголын уул уурхайн нийтлэг эрх ашиг хөндөгдөж байгаа гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
СТРАТЕГИЙН ОРДЫН ҮР ӨГӨӨЖИЙН ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮ
Хамгийн анх стратегийн ордын үр өгөөжийн талаар Оюутолгойн ХөОГ-г байгуулах үед яригдаж байв. Тухайн үед Монголын Засгийн газрын хүртэх өгөөж нь татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр байх бөгөөд нийт өгөөжийн багадаа 53 хувийг авна. Үүн дээр дотоодын худалдан авалт, нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалт гэх мэт зүйлс нэмэгдвэл Оюутолгойн эдийн засгийн үр өгөөж нь бүр ч илүү болно хэмээн Гэрээг байгуулсан Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт хэлж байв. Одоо харин хэн нь хэдэн хувийн өгөөж аваад байгаа тал дээр зөрүүтэй тоонууд хэлж, маргаантай сэдэв болж хувираад байна. Үүний дараа өнгөрсөн жил байгуулсан “Орано”-гийн ХөОГ-нд үр өгөөжийн 51 хувиас багагүй нь Засгийн газарт оногдоно хэмээн тодорхой тусгасан байдаг. Оюутолгойтой мөн адил бүхий л төрлийн татвар, төлбөрүүдээр Засгийн газрын авах хэмжээ гэсэн үг. Дээрх хоёр компани бол үйл ажиллагаа, бүтээн байгуулалт нь эхлэхээс өмнө ХөОГ байгуулж, уг тоог тохирцгоосон. Гэхдээ энэ бол нэг жилийн өгөөж биш нийт төслийн хугацаанд хуваах өгөөжийн хэмжээ юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Г.Занданшатарын Засгийн газартай “Санамж бичиг” байгуулж, 60 хувийн өгөөжийг өгөхөөр тохиролцсон, стратегийн орд дээр үйл ажиллагаа явуулдаг 4 компани байна. Уг “Санамж бичиг”- ийн гол агуулга нь бүхий л татвар, төлбөр, хураамжаа нийлүүлээд өгөөжөөр тооцно шүү, өгөөжийн хэмжээ 60 хувь байж болно гэж тохирсон хэрэг. Тэдний хувьд Засгийн газартай хийж буй хэлэлцээрт хамгийн идэвхтэй оролцож байгаа. Нөгөө талаас нь харвал 60 хувийн өгөөжийг хүлээн зөвшөөрч тохирч байгаа компаниуд багадаа 13 жил ажиллаж буй. “Энержи Ресурс” компани Ухаа худагийн ордоос олборлолт эхлээд 18 жил болж байгаа. Баруун нарангийн уурхайг ашигладаг “Хангад Эксплорейшн” компани олборлолтоо 2012 оноос эхэлсэн. Нарийнсухайтын бүлэг ордын Хүрэншанд уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” компани 2014 оноос олборлолт хийж эхэлсэн. Харин “Ачит Ихт” хамгийн залуу нь буюу 2014 онд үйлдвэрээ ашиглалтад оруулж, 2017 онд Тогтворжуулах гэрчилгээгээгээ авч байжээ. Дээрх компаниудын хувьд үйл ажиллагаа нь тогтворжсон гэдгээрээ онцлог. Үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа стратегийн ордуудтай харьцуулахад Засгийн газартай тохиролцох тоотой, тооцох өгөөжтэй компаниуд. Харин эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа стратегийн ордуудын ихэнх нь төрийн өмчит компанийн мэдэлд байна. Уран, фосфорын ордууд нь хувийн хэвшилд. Хувийн хэвшлийнхний хувьд тусгай зөвшөөрлийн болон хөрөнгө оруулалтын маргаантай байгаагаа Ерөнхий сайдын өмнө хэлцгээсэн. Тиймээс ч дээрх ордууд өнөө маргаашгүй ашиглалтад орж, өгөөжөө өгнө гэхэд итгэхэд бэрх. Стратегийн ордын үр өгөөжийн тооцох тухай дээрх хуулийн төсөл зөвхөн эхний драфтын хэмжээнд боловсруулагдаж байгааг дээр дурдсан. Уг ажлын хэсэг нь ЗГХЭГ-аас томилогдсон. “Майнинг Инсайт” сэтгүүл уул уурхайн ордын үр өгөөж гэж юуг хэлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж, судлаач, мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонссон юм. Нэг талаас үр өгөөж гэдгийг хуульчилж, тодорхой болгох нь зөв гэдэгтэй бүгд санал нийлж байна. Олон тодорхойгүй зүйлийг тодорхой болгож, алсдаа маш том эерэг нөлөө авчрах болов уу гэсэн хүлээлт ч байна. Нөгөө талаас үр өгөөж гэж юуг хэлэх вэ гэдэг талаар мэргэжилтнүүд, судлаачдын санаа бодол өөр өөр байгааг хэлэлцүүлгийн байр сууриудаас харж болно. Ойлголт, байр суурийн ийм зөрүүтэй тохиолдолд үр өгөөж гэдгийг тооцоо судалгаан дээр суурилж, талуудад хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах нь зүйн хэрэг.
Майнинг Инсайт сэтгүүл, Тавдугаар сар, 2026 №05 (054)



























